Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Сочи -2014" олимпод оролцож буй Монголчуудын СПОРТЫН БУС АМЖИЛТУУД

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 13
iKon.MN

Монгол улс Сочид болж буй 22 дугаар өвлийн олимпоос медаль хүртэх найдваргүй байгаа. Учир нь Монголыг төлөөлөн оролцож буй хоёр тамирчин хоёулаа цанын спортод дээгүүр амжилт үзүүлж байгаагүй. Гэхдээ “Олимпийн спортын бус амжилтууд” нь монголчуудыг баярлуулсаар л байна. 

Өвлийн олимпод оролцож буй Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар

Өвлийн ХХII олимпийн наадмын албаны ёсны sochi2014.com цахим хуудас дээр “Багаа дэмжээрэй”, “Тамирчдаа дэмжээрэй” гэсэн санал асуулга явагдаж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Монголын шигшээ баг болон хоёр тамирчин нь дэмжлэгийнхээ тоогоор тэргүүлжээ.

Эхний өдрүүдэд Монголын баг интернэт хэрэглэгчдээс 12.6 мянган санал авсан бол ОХУ улс 7,8 мянган саналтайгаар хоёрдугаар байранд бичигдсэн байна.

Түүнчлэн “Тамирчдаа дэмжээрэй” санал хураалтаар ч Монголын хоёр цаначин тэргүүлжээ. 

Сочигийн Олимпод үзүүлсэн Монголын өөр нэг амжилт нь нээлтийн ёслолын ажиллагаанд Монголын шигшээ багийнхан хамгийн загварлаг байсныг latinopost.com цахим хуудас онцолсон талаар мэдээлэл гарсан юм.

Монголын баг

Зургаан хүний бүрэлдэхүүнтэй багийнхны хувцас загварлагт тооцогдсон ч Харри Поттерийн тухай киноны Хогвартсын оюутнуудыг санагдуулж байна хэмээн цахим хуудсынхан бичжээ.

Загварлаг хувцастай багийнхныг Франц улс тэргүүлж, Бельги хоёрт орсон бол эхний аравт АНУ, Канад, Их Британи, Бразил, Швед улсууд орсон байна. Монголын спортын мастерууд болох Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг нар хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд уралдах юм. 

Сочид зохион байгуулагдаж буй Өвлийн олимд Монгол улсын шигшээ баг оролцож байгаа 13 дахь удаагийн наадам болж байна.

Ерөнхийлөгч олоимпийн нээлт дээр

Олимпийн нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бол Орос Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” компанийн 70 ажилтан Сочигийн олимп үзэх эрхээр шагнуулжээ.