АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн компани Сербийн нийслэл Белград хотод “Trump Tower” цамхаг байгуулах төсөл эхлүүлээд байснаа саяхан цуцалсан юм.
Үүнд иргэдийн эсэргүүцэл, бас уг асуудлыг хариуцаж байсан албан тушаалтныг Сербийн прокурор гэмт хэрэгт буруутгасан нь нөлөөлсөн байна.
Тухайлбал Даваа гарагт Сербийн прокурорын газар уг төслийг дэмжихийн тулд албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт нэг албан тушаалтныг буруутгасан юм.
Үүний дараа Трампын компани $500 саяын хөрөнгө оруулалттай төслөө цуцалж байгааг зарлажээ.
Өчигдөр Сербийн ерөнхийлөгч Александр Вучич уг төслийг зогсооход хүргэсэн этгээдүүдэд хариуцлага тооцохоо амласан байна.
“Бид маш онцгой хөрөнгө оруулалтыг алдлаа. Энэ хохирлыг учруулахад оролцсон бүх хүмүүст хариуцлага тооцохоо би амлаж байна” гэж Вучич бухимдлаа илэрхийлжээ.
Хэдийгээр Москватай дотноссоныхоо төлөө Өрнөдийн орнуудтай сайнгүй харилцаатай байдаг ч тэрбээр Трампын гэр бүлийн бизнесийг идэвхтэй дэмжиж байсан юм.
Гэвч түүхийн дурсгалт газар дээр зочид буудал, орон сууцны цамхаг барих төслийг эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал цуглаан үргэлжилж байв.
Уг төслийг Трампын хүргэн Жаред Кушнерын удирддаг хөрөнгө оруулалтын Affinity Partners компани болон Трампын гэр бүлийн Trump Organization компани хамтран хэрэгжүүлэх гэж байсан юм.
“Утга учиртай төслүүдийг хуваах биш нэгтгэх ёстой тул, бас Серби болон Белград хотын ард иргэдийг хүндэтгээд бид энэ удаа төслөө буцаан татаж байна” гэж Affinity Partners компанийн төлөөлөгч мэдэгджээ.
Дональд Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш түүний хүүхдүүд дэлхий даяар бизнесээ өргөжүүлсний үр дүнд энэ оны эхний хагаст $864 саяын орлого олсон гэдэг.
Хэдийгээр уг орлого ерөнхийлөгчийн хөвгүүд болох Трамп Жүниор, Эрик нарын нэр дээр бичигддэг ч эцсийн ашиг хүртэгч Дональд Трамп өөрөө гэдэг нь тодорхой.
Олон хүн Трампыг эрх мэдлээ хувийн хөрөнгөө өсгөхөд ашиглаж байгаа хэмээн шүүмжилдэг.
Гэвч Цагаан ордон түүний ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй шийдвэрүүдийг нь хамгаалсаар байгаа.
Трампын гэр бүл Белградын хөрөнгө оруулалтыг бүр 2013 оноос сонирхож байжээ.
Өнгөрсөн онд Жаред Кушнер эцсийн шийдвэрийг зарлахаар Белградад ирж байв.
Трампыг тангараг өргөснөөс хойш хэдхэн өдрийн дараа түүний дунд хүү Эрик шинэ бүтээн байгуулалт нь тэдний гэр бүлийн нэрээр нэрлэгдэхээр болсныг зарласан юм.
Үүнээс хойш хоёр сарын дараа Трампын ууган хүү Трамп Жүниор ерөнхийлөгч Вучичтай уулзахаар Белградад ирж байв.
Трампын төслийн газар дээр нэг үе модернист уран барилгын үнэт өвд тооцогддог байсан барилгад дайны гэмт хэрэгтэн Слободан Милошевичийн дэглэмийн цэргийн төв штаб байрлаж байсныг 1999 онд НАТО-гийн онгоцнууд бөмбөгдсөн юм.
Үлдсэн балгасыг нь Сербийн соёлын өв болгон хамгаалалтад аваад байжээ.
Гэвч 2024 оны арваннэгдүгээр сард Трампыг сонгуульд ялснаас хойш ес хоногийн дараа Вучичийн засгийн газар уг газрын тусгай хамгаалалтын статусыг хүчингүй болгосон юм.
Статусыг хүчингүй болгоход хуурамч бичиг баримт ашигласан шалтгаанаар тавдугаар сард соёлын өвийн хүрээлэнгийн захирлыг баривчлах шийдвэрийг прокурорын байгууллага гаргажээ.
Тухайн үед ерөнхийлөгч Вучич шийдвэр гаргасан прокуроруудыг “авлигад идэгдсэн бүлэглэл” хэмээн цоллож байв.
Өчигдөр тэр Трампын гэр бүлийн хөрөнгө оруулалтыг эсэргүүцсэн хүн бүрийг “Сербийн дайсан” гэж үзэхээ мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!