Д.Батцэцэг: Нийслэл хотод энэ онд 350 төсөл, арга хэмжээ хэрэгжихээс 45 хувьд нь тендер зарласан
Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцжээ.
Нийслэл хэмжээнд худалдан авах ажиллагааны явц ямар байгаа талаар Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газрын дарга Д.Батцэцэг “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 259 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжихээс эрх шилжсэн төслүүд нэмэгдэж, нийт 350 төсөл, арга хэмжээ 2026 онд хэрэгжинэ.
Одоогоор тендер шалгаруулалт 45 хувьтай зарлагдсан. Нийт төсөл, арга хэмжээнээс 207 төсөл, арга хэмжээ нь ажил, 73 төсөл, арга хэмжээ бараа, 70 төсөл, арга хэмжээ нь үйлчилгээний ангилалд багтаж байна.
Нийт 350 төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулах эрх олгосон 54, тендерийн үнэлгээ хийгдэж байгаа 67, тендерийн материал хүлээн авч байгаа 37, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа 82, зураг төсөв, ажлын даалгаваргүй 110 төсөл, арга хэмжээ байгаа" гэж танилцуулав.
Ирэх дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх төсөл, арга хэмжээнд тендер зарлаж дуусгах, тендер зарлаж чадаагүй ажлуудыг хийж чадах байгууллагуудад нь шилжүүлэн өгөх, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг дэмжихийг хотын удирдлагын зүгээс үүрэг болгожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
