Оросын шүүх “Тусгаар Буриад-Монгол” хөдөлгөөний тэргүүнд 20 жилийн эчнээ хорих ял оноосныг мэдээллээ
ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын цэргийн шүүхээс буриад гаралтай тэмцэгч Марина Ханхалаевад экстреммист үйл ажиллагаа зохион байгуулж, террорист байгууллага үүсгэн байгуулахад оролцсон хэргээр 20 жилийн эчнээ хорих ял оноосон тухай Буриад улсын дотоод хэргийн яам Баасан гарагт мэдээлжээ.
Одоо АНУ-д амьдардаг, дуурийн дуучин, 53 настай Ханхалаева нь Сибирийн бүс нутаг Буриад улсыг ОХУ-аас салан тусгаарлах зорилготой "Тусгаар Буриад-Монгол" хөдөлгөөний үүсгэн байгуулагч юм.
Оросын эрх баригчид түүнийг Буриадыг салан тусгаарлахад чиглэсэн "төрийн эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулсан", мөн "нийгэм болон үндэстэн хоорондын хагарал үүсгэсэн" хэрэгт буруутгажээ.
Буриад улс нь Монгол улстай 1,000 гаруй километр урт зурвасаар хиллэдэг, байгалийн баялаг ихтэй, 970 орчим мянган хүн амтай бүс нутаг юм. Тус бүс нутгийн оршин суугчдын гуравны нэг орчим нь тухайн нутгийн уугуул иргэд болох монгол угсааны буриад үндэстэнд хамаардаг.
Чита хотын цэргийн шүүх өнгөрсөн наймдугаар сард Ханхалаевад ял оноосон боловч уг шийдвэр одоо л олон нийтэд ил болж байгаа юм байна.
Ханхалаева өөрт нь ял оноосон тухай мөн л хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдсэнээ баталжээ.
"Би Оросын хэт даврагч, террористуудын жагсаалтад багтсан тул миний эсрэг хэрэг үүсгэсэн эсэхийг мэдэхийг хичээж ирсэн ч энэ мэдээлэл нууцын зэрэглэлд хамаардаг бололтой" гэж тэрбээр "The Moscow Times" сонинд ярьсан юм.
Ханхалаева өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэргийг өөрийн болон хөдөлгөөнийх нь үйл ажиллагаанд өгсөн "өндөр үнэлгээ" гэж нэрлээд, энэ нь "бидний хэлж ярьж буй бүхэн үнэн болохыг нотолж байна" гэж хэлжээ.
"Мэдээж хэрэг, энэ шийдвэр миний тэмцэл, үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Харин ч эсрэгээрээ энэ нь бидний зөв зүйл хийж байгаагийн нотолгоо юм" гэж Ханхалаева хэлсэн байна.
Тус хөдөлгөөн өнгөрсөн сард АНУ-д "Буриадын тусгаар тогтнолыг дэмжигчдийн хоёрдугаар их хурал"-ыг зохион байгуулсан юм. Үүний дараа Оросын эрх баригчдаас "ямар нэгэн хариу үйлдэл гарна гэсэн хүлээлттэй байсан”-аа Ханхалаева хэлжээ.
"Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш таван жилийн хугацаанд Буриадын тусгаар тогтнолыг дэмжигчдийн тоо улам бүр нэмэгдсээр байна" гэж тэрээр нэмж хэлсэн юм.
"Тусгаар Буриад-Монгол" хөдөлгөөн нь 2024 онд Орос улсаас "террорист" байгууллагаар зарласан угсаатны болон уугуул иргэдийн эрхийг хамгаалах, колоничлолын эсрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүлэглэлүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс бүрдсэн нийт 172 байгууллагын жагсаалтад багтсан байна.
Ханхалаева өөрт нь холбогдох буруутгалыг няцааж, "Тусгаар Буриад-Монгол" хөдөлгөөн "хэзээ ч хүчирхийлэлд уриалж байгаагүй”, "зорилгодоо хүрэхийн тулд зөвхөн хүчирхийллийн бус арга хэрэгслийг ашиглахыг эрмэлздэг" хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
