Ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх Геронтологийн үндэсний төвийн барилга ашиглалтад орлоо

П.Сайнжаргал, IKON.MN
13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

Монгол Улсад ахмад настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн Геронтологийн үндэсний төвийн анхны шинэ барилгыг ашиглалтад оруулж, нээлтийн ажиллагааг өнөөдөр зохион байгуулагдлаа.

Геронтологийн үндэсний төв нь Монгол Улсад  ахмад настны эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, насжилт, настны эмгэг судлалын чиглэлээр сургалт, судалгаа, мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн төв юм.

Ахмад настанд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг орчин үеийн шаардлагад нийцүүлэн үзүүлэх, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор шинэ барилга байгууламжийг бий болгох асуудал олон жил яригдаж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр улсын төсвийн санхүүжилтээр шинэ барилга барих асуудал  2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр анх гэрээ байгуулснаар барилга угсралтын ажил эхэлж, 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдан 2026 оны есдүгээр сарын 16-ны өдөр БА-274/2026 дугаар дүгнэлтээр Барилга байгууламж ашиглалтад оруулах дүгнэлт нь баталгаажсан байна.

Одоогоос долоон жил нэг сарын өмнө эхэлсэн Геронтологийн үндэсний төвийн барилга ашиглалтад орлоо.

Шинэ барилга ашиглалтад орсноор Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаа зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээгээр хязгаарлахгүй, ахмад настны эрүүл мэнд, бие даасан байдал, амьдралын чанарыг дэмжсэн урт хугацааны цогц тусламж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх боломж бүрдэхийн зэрэгцээ ахисан түвшний сэргээн засах тусламжийг үе шаттайгаар нэвтрүүлэх эхлэл тавигдаж байна.

Мөн ахмад настны бие бялдрын сэргээн засахаас гадна сэтгэл зүй, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр сэтгэл засал, хөдөлмөр засал, дижитал ур чадварын лаборатори зэрэг шинэ үйлчилгээг хөгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдээллээ. 

Геронтологийн үндэсний төв цаашид ахмад настны өвчин эмгэгийг эмчлэхээс гадна эрүүл, идэвхтэй, бие даасан, нэр төртэй насжихад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлж, нотолгоонд суурилсан мэдлэг, шинэ технологи, олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх аж.