Баялгийн шударга хуваарилалтыг хөрөнгө оруулалтын сан хийдэг
Сүүлийн 20, 30 жилийн түүхэн үзүүлэлтээс харахад хөрөнгийн зах зээл нь түлхүү хөгжсөн улс орны эдийн засаг илүү тэлдэг гэх хандлага давамгайлж байна. Хөрөнгө оруулалтын сангууд бий болж, хөрөнгө удирдлагыг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлснээр санхүүгийн захад мэргэжлийн, урт хугацааны хөрөнгө оруулагчид бий болдог. Ингэснээр компаниудын IPO амжилттай хийгдэж, улмаар үндэсний компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжин өргөжиж, нөгөө талд хөрөнгө оруулагчид буюу иргэд нь хөрөнгөжиж байдаг. Ийм л энгийн зарчимтай.
АНУ-д гэхэд нийт өрхийн 56% нь хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан бидний сайн мэдэх Apple, Tesla, NVIDIA компаниудын хувьцааг эзэмшдэг. Харин топ 100 компанийг 100 гэр бүл эзэмшдэг улс Монголоос өөр дэлхийд байхгүй. Гэр бүлийн бизнесийн засаглалаас давж гараагүй байхад Монгол улс хөгжихгүйн тод баталгаа нь 1072 хувьцаа байна. Гаднын хөрөнгө оруулагчид уул уурхайн салбараас хэдийн 2010 онд 48% хүртэлх бодит өгөөжийг олсон байдаг. Харин бидэнд юу үлдэв? Үнэлгээ нь тодорхой бус 1072 хувьцаа юу?
Том компаниуд хувьцаагаа гаргаж байж л эдийн засгийн өгөөж иргэдэд хүртээлтэй болдгийг дэлхий түүхээрээ батлаад өгчихсөн. Тухайлбал, Солонгос улсын Самсунг, АНУ-ын Кока Кола, Тесла тэргүүтэй дэлхийн корпорацуудын 70 гаруй хувийг хөрөнгө оруулалтын сангууд нь эзэмшдэг. Харин Монгол улсад сүүлийн 5 хүрэхгүй жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл тэр дундаа Ард, Мандал, Очун тэргүүтэй хөрөнгө оруулалтын сангууд үүсгэн байгуулагдаж, хөрөнгө оруулагчид нь сангаараа дамжуулан системийн нөлөө бүхий банкнууд болон Монголын топ компаниудын хувьцааг эзэмшиж буй сайн жишиг тогтоод эхэлснийг дурдах хэрэгтэй.
Банкны IPO бол яалтгүй Баялгийн шударга хуваарилалтын хоёрдох давлагаа болсон. Эхнийх нь 1990-д оны цэнхэр ягаан тасалбарын цаана угтаа бол Монголын томоохон компаниуд байсан хэдий ч бид нийтээрээ ашиглаж чадаагүй дээ амаа барьдаг. Харин 30 жилийн дараа монголчууд үндэсний компаниудынхаа хөрөнгө оруулагч болох боломжийг гагцхүү шинэ тутам байгуулагдаж буй хөрөнгө оруулалтын сангууд бүрдүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
