Сингапур улс Nvidia компанийг тойрсон дуулианд холбогдсон Алис Хуанд хилийн хориг тавьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын зүгээс Хятадын тагнуул байсан, технологийн аварга Nvidia компанийг үүсгэн байгуулагч Женсен Хуантай гэр бүлээс гадуур харилцаатай байсан хэмээн буруутгаж байгаа Megaspeed компанийн захирал асан Алис Хуаныг цагдаад худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр Сингапурт улс нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхийг хоригложээ.

Хонконгийн оршин суугч Алис Хуан нь Сингапурын цагдаагийн газрын мөрдөн байцаалтын явцад Megaspeed компанид гүйцэтгэж байсан үүргээ бууруулж мэдүүлсэн нь тогтоогдсон гэж тус улсын дотоод хэргийн яам Пүрэв үрэв гарагт мэдэгдсэн байна.

Яамны мэдэгдлийн дараахан Женсен Хуан гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцорсон юм. Тэрбээр өнгөрсөн Ням гарагт гэр бүлээс гадуур харилцаатай байснаа анх удаа олны өмнө хүлээн зөвшөөрч байв.

Энэ оны хоёрдугаар сард Сингапурын эрх баригчид Megaspeed компанитай холбоотой асуудлуудыг мөрдөн шалгасныхаа дараа Алис Хуан ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэнийг нотлох хангалттай нотолгоо байхгүй гэж дүгнэж байжээ.

Гэвч бизнес эрхлэгч эмэгтэй мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон тул түүнд "хатуу сануулга өгч, дахин хилээр нэвтрүүлэхийг нь хориглосон" гэж Сингапурын дотоод хэргийн яам энэ удаа мэдэгдсэн байна.

Алис Хуан энэ оны хоёрдугаар сард буюу гэмт хэрэгт холбогдолгүйгээ тогтоолгосны дараа Сингапураас явж байжээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Сингапурын цагдаагийн газар сервер худалдаж авахдаа худал баримт бүрдүүлсэн байж болзошгүй зэрэг бусад хэргүүдтэй холбогдуулан Megaspeed компанийг шалгаж эхэлсэн юм байна.

Тэгвэл Пүрэв гарагийн мэдэгдэлдээ Megaspeed-тэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгааг Сингапурын тал дурджээ.

Үүнээс гадна дотоод хэргийн яам уг мөрдөн байцаалт нь "аль нэг гадаад улс орны хүсэлтэд үндэслээгүй” гэж тайлбарласан байна.

Тус улсын эрх баригчид АНУ-ын талаас Megaspeed компани болон Алис Хуаныг сонирхож байгааг өнгөрсөн оны зургаадугаар сард анх мэдэж байсан гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post