НАТО-гийн гишүүнчлэлийг Донбассаар солих боломжтой эсэхийг АНУ-ын тал Украинаас асуусан тухай Зеленский мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орос улстай Абу Дабид хийсэн энхийн яриа хэлэлцээний дараа АНУ-ын төлөөлөгчид Украиныг НАТО-д элсүүлсний хариуд тус улс өөрийн зүүн бүс нутаг болох Донбассаас татгалзах хувилбар санааг хөндсөн тухай ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлжээ.

Бямба гарагт түүний ажлын албанаас сэтгүүлчдэд хүргэсэн мэдээлэлд дурдсанаар хэлэлцээний явцад НАТО-д элсэх асуудлыг газар нутгаа өгөхтэй холбож хөндсөн анхны тохиолдол энэ болсон гэнэ.

"Америкчууд 'Хэрэв Украин НАТО-д элсвэл яах вэ? Украин Донбассаас гарах уу?' гэсэн асуултыг тавьсан" гэж Зеленский хэлжээ.

"Тийм ч учраас НАТО-гийн асуудал дахин хэлэлцэх сэдвүүдийн нэг болсон гэж би үзэж байна. Гэхдээ та бүхэн Путиний цухуйлгаж буй санаануудыг сонссон байх, энэ бол маш хүнд хэцүү сэдэв юм” гэж тэр цааш нь хэлсэн байна.

Украиныг НАТО-д элсүүлэх нь Москвагийн хувьд "улаан шугам" (хэтрүүлж болохгүй хязгаар) гэдгийг Путин удаан хугацааны турш анхааруулж ирсэн бөгөөд 2022 онд Орос улс Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлэх болсон шалтгаануудын нэг нь ч энэ асуудал байсан юм.

Зеленский газар нутгаасаа татгалзахад Киев бэлэн биш гэсэн байр сууриа дахин нотолсон ч хэрэв аюулгүй байдлын баталгаа, хүчирхэг, сайн санхүүжилттэй армитай байх эрх, мөн сэргээн босголтын хөрөнгө оруулалт зэргийг багтаасан цогц шийдэл санал болговол энэ асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Баасан гарагт Дублин хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Европын удирдагчдын хэлсэнтэй нэгэн адил Оросын талын "Европын аюулгүй байдлын тогтолцооны талаар өргөн хүрээтэй хэлэлцээр байгуулах" саналыг Зеленский няцаажээ. Оросууд Украины дайныг хэрхэн дуусгах талаар тодорхой шийдэлд хүрэхээсээ өмнө ийм хэлэлцээр байгуулахыг шаардаж байгаа юм.

"Бид бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж, дэлхий дахины эсвэл нэг тивийн аюулгүй байдлын тогтолцоог өөрчлөх тухай ярьж эхлээд дараа нь энэ дайныг дуусгах тухай ярьж болохгүй. Юуны өмнө энэ дайныг дуусгах ёстой" гэж тэр хэлжээ.

Зеленский мөн Оросын ерөнхийлөгч Путиний зүгээс Украины зүүн хэсэгт орших, ширүүн тулаан өрнөж буй Донецк мужийн Константиновка хотод "хүмүүнлэгийн зорилгоор гал зогсоох" тухай саналыг хүлээж авахаас татгалзсан байна. Тэрбээр үүнийг Оросууд тус хотыг хүчээр эзэлж чадахгүй байгаагийн шинж тэмдэг гэж дүгнээд тэнд амьдарч байсан энгийн иргэд хэдийнээ нүүлгэн шилжүүлэгдсэнийг баталжээ.

“Путин зүгээр л Константиновкагаас биднийг явуулж, өөрийн хяналтад бүрэн оруулах арга зам хайж байгаа юм” гэж Зеленский хэлсэн байна.

Түүний хэлснээр Украин улс энгийн иргэд дотор нь гацсан, фронтын шугамд ойр орших долоогоос найман суурин газрын жагсаалтыг гаргаж, тэдгээрт хүмүүнлэгийн зорилгоор гал зогсоох санал тавьсан боловч Орос улс эдгээрийг тулааны талбар болгон ашиглахыг илүүд үзэж байгаа гэнэ.

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэлд АНУ-ын зуучлалтайгаар Украин, Оросын хооронд хоёр өдрийн турш үргэлжилсэн яриа хэлэлцээ томоохон ахиц дэвшил гаргалгүйгээр Лхагва гарагт өндөрлөсөн ч талууд нийт 1,000 гаруй олзны хүнийг солилцох тохиролцоонд хүрчээ.

Солилцох хүмүүсийн эцсийн тоо хараахан батлагдаагүй, хэлэлцээний шатанд явж байгааг Зеленский хэлсэн байна.

АНУ-ын энхийн элч нар болох Стив Виткофф, Жаред Кушнер нар Пүрэв гарагт Москва хотод Путинтэй уулзахдаа эрчим хүчний салбарт гал зогсоох асуудлыг хөндөхөө амлаж байсан ч уулзалтын дараа тэднээс ямар нэг нааштай мэдээ сонсоогүйгээ Зеленский бас мэдээлжээ.

Харин тэд ирээдүйд болох энхийн яриа хэлэлцээнд Европын төлөөлөгчдийг оролцуулах тал дээр тохиролцсоныг түүнд дуулгасан байна.

Энэ долоо хоногт Ирландад болсон уулзалтын үеэр Европын Холбооны удирдагчид Украины энхийн яриа хэлэлцээнд оролцох Европын багийг бүрдүүлэхдээ Европын Холбооны албаны хүмүүсээс гадна цэргийн хүчирхэг таван улс болох Их Британи, Франц, Герман, Итали, Польш улсуудыг багтаахаар тохиролцжээ.

 

Эх сурвалж: Reuters