“Онцгой нөхцөл байдал”-ын улмаас АНУ даяар бүх нислэгүүдийг зогсоолоо
Баасан гарагийн үдээс хойш АНУ-ын холбооны нислэгийн захиргаа (FAA) "онцгой нөхцөл байдал болон аюулгүй байдлын шалтгааны улмаас" улс орон даяар бүх нислэгийг зогсоох шийдвэр зарлажээ.
FAA-ийн мэдэгдэлд дурдсанаар бүс нутгийн агаарын хөдөлгөөний удирдлагын төвүүдэд холбооны доголдол үүссэний улмаас ийнхүү нислэгүүдийг зогсоосон байна.
Тухайлбал, орон даяар нисэх буудлуудын хооронд нисэж буй онгоцнуудыг чиглүүлдэг бүс нутгийн агаарын хөдөлгөөний удирдлагын 22 төвд харилцаа холбооны асуудал үүссэнийг тээврийн сайд Шон Даффи мэдэгджээ.
Тэрбээр FAA-ийн техникийн ажилтнууд уг асуудлыг шалгаж байгааг мэдэгдэлдээ дурдсан байна.
Энэ нь 2023 оны нэгдүгээр сард FAA-ийн гол компьютерын системд доголдол гарснаас хойш улс орон даяар нислэгүүдийг бүрмөсөн зогсоосон анхны тохиолдол болж байгаа юм. Үүнээс өмнө ийм арга хэмжээг 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа авч байжээ.
Өнгөрсөн онд Конгресс $12.5 тэрбумын төсөв баталсны дараа засгийн газар агаарын хөдөлгөөний зохицуулагчдын ашигладаг хуучирсан технологийг шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.
Үүний үр дүнд АНУ-ын нисэх буудлуудад олон километрийн урттай хуучин зэс утаснуудыг шилэн кабелиар сольж, хуучин радио холбооны системүүдийг үе шаттайгаар шинэчилж байна.
Гэвч хийх ажил их хэвээр байгаа юм. Сайдын хэлснээр уг ажлыг бүрэн дуусгахад дахин $30 тэрбум шаардлагатай бөгөөд Цагаан ордон уг санхүүжилтийг батлуулахаар Конгресст хандаад эхэлжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

