“Залуучуудын дунд илэрч буй дотно хамтрагчийн хүчирхийллийн сэтгэл зүйн сайн сайхан байдалд үзүүлэх нөлөөг жендэрийн үүднээс шинжлэх нь” сэдэвт судалгааны үр дүнгийн талаар судлаач Б.Түвшинжаргалтай ярилцлаа.
Тус судалгаанд "Дотно хамтрагчийн хүчирхийлэлд өртсөн" гэж өөрсдийгөө хүлээн зөвшөөрсөн 18-38 насны 213 хүн (тоон судалгаа) оролцсон байна. Үүнээс 185 хүний түүврийн мэдээллийг шүүж, зургаан оролцогчийг чанарын судалгаанд хамруулжээ.
Мөн МУИС-ийн Ёс зүйн хорооны зөвшөөрлийн дагуу энэхүү судалгааг хийж гүйцэтгэсэн байна.
Гэрлэлтээ батлуулаагүй хосын харилцаа нь найман сараас найман жилийн хугацаанд үргэлжилсэн хүмүүс энэхүү судалгаанд оролцсон байна.
Судлаач Б.Түвшинжаргал хэлэхдээ:
Залуучууд харилцаа эхлэх үедээ (18-20 насанд) хүчирхийллийн шинжийг анзаардаггүй бөгөөд хамтрагчийн “уучлалт гуйх”, “ГЭМЭЭ ӨНГӨРСӨН ҮЕИЙН ШАРХТАЙГАА ХОЛБОХ” занд хууртан харилцаанд үлддэг.
Оролцогчид цахим “хяналт”-ыг хайр гэж эндүүрэн зан үйлээ өөрчилдөг бөгөөд хүчирхийлэл нь нэг удаагийн хэрэг биш, өдөр тутмын амьдрал, санхүүг системтэй хязгаарлах тасралтгүй үйл явц болж байна.
Тоон судалгаанаас харвал хосын харилцаанд нүдэнд харагдаж, гарт баригддаггүй сэтгэл зүйн шинжтэй хүчирхийлэл илүү үйлдэгдэж байна.
Эдгээр үйлдэл хүчирхийлэл мөн эсэхийг өөрсдөө ялгаж мэдэхгүй байсан. Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлж буй.
Тухайлбал гэр бүлийн орчин, нийгмийн тогтсон хандлага, буруу ташаа ойлголтууд нөлөөлдөг.
Чанарын судалгаанд 22-29 настай хүмүүс оролцсон. Харилцаа нь үргэлжилсэн хугацаа нь найман сараас найман жилийн хугацаа. Харилцаа нь эхлэх үедээ бүгд 18-20 настай байсан.
Хүний тархины хөгжлийг дундажлаад авч үзвэл тархи нь бүрэн боловсорч шийдвэр гаргах үе нь 25 насанд төлөвшиж дуусдаг.
18-20 насанд харилцаагаа эхлүүлээд тухайн үедээ харилцааныхаа хил хязгаарыг мэдэхгүй, өөрөө хүчирхийлэлд өртөж байгаа эсэхээ ялгаж таньж мэдэхгүй байсан тохиолдлууд байсан. Түүнээс гарч тасална гэдэг өөрөө маш хэцүү.
Найман жил үргэлжилсэн харилцааны хувьд эхний хоёр жилдээ ямар нэгэн байдлаар хүчирхийллийн шинж илэрч байгаагүй, хүүхэд төрүүлтэл илэрч байгаагүй, хүүхэд төрүүлснээс хойш илэрсэн гэх хариултыг өгч байсан.
Зарим нь хардах байдлаар хүчирхийллийн шинж тэмдэг шууд илэрч байсан гэжээ.
Оролцогчдын эцэг, эхийн харилцааны хэв маяг өөрийнх нь дотно харилцаанд давтагдаж байгаа нь хүчирхийллийг таньж мэдэхэд гэр бүлийн загвар чухал үүрэгтэйг илтгэж буй.
Л.Хайзын нийгэм-экологийн загварын дагуу хүчирхийлэл бол зөвхөн хувь хүний асуудал бус хувь хүний туулсан түүх, гэр бүлийн загвар, олон нийтийн хандлага, нийгэм соёлын тогтсон хандлага ч нөлөөлж байна.
Хүчирхийллийг таньж чадах нь хүчирхийллээс гарах чухал алхам
Судлаач Б.Түвшинжаргал "Өөрийнхөө үнэ цэнийг зөвхөн хосын харилцаагаар тодорхойлдог болчихоор бүх зүйл нь тэр хүнтэй хамааралтай болно. Өдөрт хийх зүйлсийн цагийн хуваарь нь хүртэл хамааралтай болчихно.
Тэр хүнийг үхэх үү, амьдрах уу гэдгийг харилцаа нь шийдээд байгаа юм шиг. Тэгэхээр судалгаанд оролцогчдын маань дунд гарсан хамгийн сөрөг үр дагавар нь амиа хорлох бодол орж ирэх, хосын харилцаанд байхдаа ийм оролдлого хийсэн тохиолдол байсан" гэдгийг хэллээ.
"Хосууд болсон бол бэлгийн зөвшөөрөл гэдэг зүйл байхгүй болчих юм шиг ойлголттой. Гэтэл хосуудын хооронд ч бэлгийн зөвшөөрөл, зөвшилцөл гэдэг зүйл байгаа. Гэвч хүчирхийлэлттэй харилцааны дунд ийм сөрөг үйлдэл илэрч байсан" хэмээн нэмж ярилаа.
Энэ нь хосуудын харилцаанд нийтлэг илэрдэг RED FLAG болж байна.
Love bombing мөчлөг 7-14 хоног тутам: Бал сарын үе➡Хүчирхийлэл➡гэмшил➡ эвлэрэх. Хохирогч харилцааг харилцааг орхиход хүндрэлтэй болгодог.
Судлаачийн тайлбар: Эхлээд love bombing мөчлөг буюу хайраар бөмбөгддөг honeymoon дүр зураг ажиглагдаад байгаа. Дараа нь сэтгэл зүй эсвэл бие махбодын хүрээнд хүчирхийлж хянаж хязгаарладаг. Үүнийхээ араас гэмшинэ.
Хамтрагчаа гэмтээж бэртээсэн бол “би дахиж ингэхгүй. Энэ архинаас л боллоо" эсвэл өөр ямар нэгэн асуудлаар боллоо гэж өөрөөсөө холдуулдаг. Дараа нь энэ мөчлөг нь дахиад давтагдана. Гэмшиж эвлэрчхээд дахиад л love bombing, honeymoon face давтагдаж, улмаар хүчирхийлэл мөн үргэлжилдэг.
Хүчирхийлэлтэй харилцаанд эмэгтэй хүн илүү өртөнө гэж хардаг бол чанарын судалгаанд маань хоёр эрэгтэй оролцогч оролцсон.
Хүчирхийлэлттэй нөхцөл байдлыг нэрлэж хэлэхээсээ санаа зовох, "би эмэгтэй хүнд хүчирхийлүүлж байсан" гэдгээ хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байснаа дурдсан байдаг.
Нөгөө талаараа хамтдаа цаг хугацаагаа өнгөрөөж байсан эмэгтэйгээ муулж байна гэдэг хандлага гарсан.
Эмэгтэй хүн хүчирхийлэл үйлдэхээрээ илүү нөхөн үржихүйн шинжтэй зүйлээрээ барьцаалах эсвэл юм авч шидэх, нийгмийн статустай холбож өөрийнх нь байгаа нөхцөл байдлыг хэл амаар доромжлох гэх мэтчилэн үр дүн байсныг хэллээ.
Мэргэжлийн сэтгэл зүйчид маань өөрсдөө ёс зүйтэй, хил хязгаарын ойлголтыг үйлчлүүлэгчдээ өгөх хэмжээний мэдлэг мэдээлэлтэй, мэргэшсэн байх шаардлагатай.
Нийгмийн зүгээс үзүүлж байгаа хэм хэмжээнээс гадна мэргэжлийн хүний тусламж дэмжлэгийг авахаар сэтгэл зүйч дээр очиход харилцааг нь улам дордуулсан жишээ байсан.
Мэргэжлийн сэтгэл зүйчид маань ёс зүйтэй, хил хязгаарын ойлголтыг үйлчлүүлэгчдээ өгөх хэмжээний мэдлэг мэдээлэлтэй, мэргэшсэн байх шаардлагатай. Ингэхгүйгээр нөхцөл байдлыг нь улам дордуулсан кэйс судалгааны үеэр ажиглагдсан.
Хүчирхийлэлтэй харилцаанаас гарахын тулд маш олон хүчин зүйл нөлөөлж байдаг.
Хувь хүний тогтсон хандлага, гэр бүлийн хүмүүжлийн орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ба нийгмийн ташаа ойлголт гэх мэтчилэн. Хүчирхийлэлтэй харилцаанд байгаа хүн дор хаяж долоон удаагийн оролдлого хийж үзэж байж тэр харилцаанаас гардаг.
Эмэгтэй хүмүүс өөрийнхөө үнэ цэнийг хосын харилцаатайгаа илүү уях хандлагатай. "Би энэ хүнийг өөрчилчих юм сан", "Бид хоёр гэрлэлтээ батлуулчихвал бидний харилцаа зүгээр болно" гэдэг хүлээлттэй байдаг шинжүүд судалгаанд оролцогчдоос илэрснийг судлаач хэлж байлаа.
Судлаач Б.Түвшинжаргал "Аливаад хил хязгаартай хандаж, харилцааны чиг шугамын талаар мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Тэр мэдлэгээ ашиглаад ямар өөрөө өөрийнхөө сайн сайхан байдлын төлөө урагшилдаг байх нь зүйтэй.
Нөгөө талаар дэмжлэгтэй сайн найз нөхөд, гэр бүлийн хүрээлэлтэй байдаг бол аз завшаантай хэрэг.
Хэн нэгнээс дэмжлэг авахгүйгээр хүчирхийлэлтэй харилцаанаас гарна гэдэг нь маш хүнд.
Эрэгтэй хүмүүст хандаж хэлэхэд ямар нэгэн байдлаар ичиж санаа зовох эсвэл "хажуудаа байгаа хүнээ харлуулж байна" гэж харахаас илүүтэйгээр өөрт тулгарсан асуудлаа нээлттэй хэлж бусдаас дэмжлэг, тусламж эрэх нь хэвийн зүйл" гэдгийг зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!