Гэмт хэрэгтнийг илрүүлэхэд мөрдөгчдөд дан ганц мэргэжлийн ур чадвар хангалтгүй. Харин хүний гадаад төрх байдлыг нь ажиглаж профайлинг унших буюу нүдний харц, нүүрний хувирал, гар, хөлийн хөдөлгөөн, биеийн байрлал зэрэг хэлэмжийг таньж мэдэх чадвар чухалд тооцогддог байна.
Нүүрэн дээр үүсэж байгаа бичил булчингуудыг кодлон тухайн хүнийг яриатай нь уялдуулж ҮНЭН, ХУДАЛ ярьж байгаа эсэхийг мэдэх боломж ч нэвтэрсэн. Тухайлбал "Би харамсалтайгаар энэ хүнийг алдчихлаа" гэж гунигтай юм ярьж байгаа юм шиг боловч нүүрэн дээр нь инээмсэглэл тодроод байвал яах вэ. Үг, үйлдэл хоёр нь тохирохгүй байна.
Харин эсрэгээрээ баяр жаргалтай юм ярьж байгаа мөртлөө гуниглаад байвал яах вэ. Мөн адил ярьж буй зүйл биеийн хэлэмжтэй нь нийцэхгүй, таарахгүй байна. Энэ бүхнийг уншиж, гэмт хэрэгтнийг илрүүлэх боломж байдаг.
Ялангуяа харгис хэрцгий гэмт хэрэг үйлдсэн хүмүүст бусдаас онцгой нэгэн өөр төлөв байдаг. Царай төрх, байр байдлаар нь гэмт хэрэгтэн төрдөг гэсэн онол бий. Үүнийг туйлын үнэн гэж үзэхгүй ч бас үгүйсгэдэггүй.
Гадаад төрхөөр нь дүгнэж "энэ хүн л гэмт хэрэгтэн" гэж хэлэхээс илүүтэйгээр далд утгаараа генийн өөрчлөлтийг судалсан судалгаа ч байдаг. Онц хэрцгий гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн генийг судлахад өөрчлөлттэй байсныг дүгнэсэн судалгааг Доктор, профессор Ш.Номин-Эрдэнэ хэлж байлаа.
Тэрбээр "Гэмт хэрэг илрүүлэхэд профайлинг ашиглах онол, арга зүй" сэдвээр судалгаа хийж, докторын зэрэг хамгаалсан судлаач юм.
Түүний ажлын туршлагыг товч танилцуулбал:
Тэрбээр одоо Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн ахлах багшаар ажиллаж байна. 20 гаруй жил сэтгэл зүйч, полиграфчаар ажилласан түүний мэргэжлийн онцлог болон судалгааны ажлын хүрээнд ярилцлаа.
"Гэмт зан үйл ба гэмт хэрэг илрүүлэх сэтгэл зүйн шинжилгээ" сэдвийн хүрээнд Сэтгэл зүйч, полиграфич, профайлер Ш.Номин-Эрдэнэтэй ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.
-Профайлинг буюу гэмт хэрэгтнийг гадаад төрх байдал, биеийн хэлэмжээр нь илрүүлэх арга байдгийг дээр дурдсан. Энэ төрлийн сэтгэл зүйн шинжилгээний талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу?
-Гэмт хэргийн сэтгэл судлал нь хуулийн сэтгэл судлал, тэр дундаа шинжлэн магадлахуйн сэтгэл судлалын салбарт хамаардаг. Товчхондоо, гэмт хэргийг илрүүлэхэд сэтгэл судлалын шинжлэх ухааныг ашиглаж байгаа хэлбэр юм.
Гэмт хэргийг хүн л үйлдэж байгаа учраас тухайн хүний үйлдэл, үлдээсэн ул мөрийг мөрдөн шалгадаг. Өөрөөр хэлбэл ямар зан авиртай, ямар сэтгэл зүйн онцлогтой хүн энэ гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүйг дүрслэн гаргадаг гэсэн үг.
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд:
Энэ бүх мэдлэгийг ашиглаад хүний хийсэн аливаа үйлдлээс нь тэр хүний нас, хүйс, боловсрол, мэргэжил, ажил албан тушаал, гэр бүл, өссөн орчин, гадаад төрх, биеэ хэрхэн авч явдаг вэ гэх мэтчилэн бүх мэдээллийг олж тодорхойлно. Энэ нь гэмт хэрэгтнийг олж тогтоон, эрэн сурвалжлахад ач холбогдолтой гэсэн үг.
-Мөрдөгчид хэргийн газар дээр очиж үзлэг хийхийн зэрэгцээ хэрэгтнийг илрүүлэхэд гэрч, оролцогчдын гадаад байр байдлыг ажиглаж, дүн шинжилгээ хийх чадвар чухалд тооцогдож байна гэсэн үг үү?
-Мөрдөн шалгах ажиллагааг хууль ёсны дагуу хийж гүйцэтгэхийн зэрэгцээ тэдэнд сэтгэл зүйн мэдлэг буюу гэмт этгээдийн зан үйлийг таньж мэдэх мэдлэг маш чухал. Ийм учраас мөрдөгчдийн гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд сэтгэл зүйч нар дэмжлэг үзүүлэн оролцдог. Гэхдээ энэ нь мөрдөгчийн ажлыг орлож байна гэсэн үг биш. Харин мөрдөн шалгах ажиллагааг чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
-Гэмт хэрэгтэн төрдөг гэх онолыг дээр дурдсан. Үүний зэрэгцээ гадаад царай төрх ч хамааралтай байдаг гэх онолыг зарим эрдэмтэн дэвшүүлжээ. Энэ талаар хэрхэн тайлбарласан байдаг юм бэ?
-Сэтгэл судлалын шинжлэх ухаан хүний сэтгэцийн зүй тогтол буюу төв мэдрэлийн системийг судалдаг.
Төв мэдрэлийн систем гэдэг нь тархи дангаараа биш, нугастай холбогдож захын мэдрэлийн системд мэдээлэл дамжуулж байгаа. Машинаар зүйрлэвэл үндсэн том мотор нь гэсэн үг. Бид хүний моторыг судалж байгаа учраас тархины зүй тогтол бусад үйлдэлтэй нь хэрхэн уялддагийг тодорхойлохыг зорьдог.
Сэтгэл судлал, криминологийн шинжлэх ухаанд түгээмэл ашигладаг конституцийн онол гэж бий. Кречмер, Шелдон нарын онолоор "Ийм зан төрхтэй хүмүүс ийм биеийн хэлбэртэй байна" гэдгийг судлаад гаргачихсан. Тийм учраас профайлинг унших нь шинэ салбар гэж ойлгогдоод байгаа боловч үнэндээ эрт үеэс эхтэй.
Мөн "шулмын алх" буюу Малиус Малифакариум нэртэй бүтээл бий. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүст бусдаас содон шинж тэмдэг байна гэж үздэг байж л дээ. Гэхдээ энэ нь тухайн үед таамаг төдий байсан бол орчин цагт үүнийг тал бүрээс нь судлаад нотолчихсон мэдлэгийн нэн шинэ салбар болон хөгжөөд байгаа нь одоогийн "профайлинг" юм.
Криминологи болон сэтгэл судлалын салбарт ихээхэн танигдсан Чезаре Ломброзогийн онолоор гэмт хэрэгтэн төрдөг буюу төрөлхийн шинж тэмдэгтэй байна гэж үзээд царай төрх, бусад шинж тэмдгээр нь тодорхойлох зорьсон судалгаанууд цөөнгүй бий. Үүнийг туйлын үнэн гэж хэлэхгүй ч шинжлэх ухааны нэг таамаг уу гэвэл, мөн. Нөгөө талаар нийгмийн хүчин зүйлээс шалтгаалж хүн гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгтэн болж байна.
-Криминологич гэхээр гэмт хэргийн үйлдсэн газар дээр юу болсон, чухам ямар этгээд үйлдсэн байж болзошгүй вэ гэдгийг шинжилдэг гэж ойлгох уу. Тэдний ажил үүрэгт сэтгэл зүйч нар дэмжлэг болж хамтран ажилладаг байх нь, тийм үү?
-Криминологи нь гэмт явдлын шалтгаан нөхцөлийг судалдаг. Гэмт хэрэг илрүүлэхэд профайлинг ашиглахыг эрүүгийн процесс буюу криминалистикийн хүрээндээ яриад байна гэсэн үг.
Энэ нь "яагаад" гэдэг асуултад хариулж байгаагаараа криминологитой холбоотой. Тэгвэл хэргийг яаж илрүүлэх юм бэ гэдгээрээ криминалистиктай холбогдож байна.
Сэтгэл судлал, сэтгэцийн эмгэг судлалын мэдлэг хэрэгтэй. Ялангуяа онц хүнд харгис хэрцгий гэмт хэрэг буюу хүний амь хохирсон хэрэгт хохирогч судлал буюу виктимологийн онол хэрэглэж байгаа. Дээр дурдсан шинжлэх ухаан цогцоороо нийлж "профайлинг"-ийн үр дүн бодитой зөв гарна.
-Сүүлийн үед янз бүрийн онц ноцтой гэмт хэргүүд сонсогдох боллоо. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн зургийг ч интернэт орчинд тавьж байна. Тэгвэл зарим онолоор “гэмт хэрэгтэн төрдөг” гэж тайлбарлажээ. Эрдэмтдийн дэвшүүлсэн энэхүү онолын хүрээнд биеийн бүтэц, харц, нүүрний хэлбэр ямар байдаг гэж үзсэн юм бэ. Үүнийг нарийвчлан тодорхойлсон байдаг уу?
-Италийн эрдэмтэн Чезаре Ломброзо гэмт хэрэг үйлдсэн ази, европ хүмүүсийн дунд судалгаа хийсэн байдаг. Гэхдээ энэ судалгаа нь монгол хүний сэтгэл зүй болон монгол хүний бие физиологитой шууд хамааралтай байж чадах эсэх нь бол эргэлзээтэй.
-Тэгвэл гэмт хэрэгтэн төрдөг үү. Үүнийг хэрхэн тайлбарлав.
-Гадаад төрхийг нь хараад шууд энэ хүн гэмт хэрэгтэн гэж хэлэхээс илүүтэйгээр далд утгаараа генийн өөрчлөлттэй холбоотой ч тохиолдол бий. Жишээ нь ОХУ-ын гэмт хэргийн түүхэнд Андрей Чикатило гэх онц ноцтой гэмт хэрэгтэн байдаг. Түүний генийг судлахад өөрчлөлттэй байсан.
Гэмт хэрэг хийсэн, хорих ял эдэлж байгаа хүмүүсийн дунд судалгаа явуулахад энэ төрлийн өөрчлөлт илэрсэн байдаг. Уг судалгаагаар Чезаре Ломброзо дэвшүүлсэн онолоо баталсан. Гэхдээ зарим эрдэмтэн үүнийг үгүйсгэдэг бол зарим нь хүлээн зөвшөөрдөг. Хамгийн гол нь авч гээхийн ухаанаар хандах нь зүйтэй.
-Гэрч, хохирогч, сэжигтэй этгээдүүдээс мэдүүлэг авахдаа давхар биеийн хэлэмжийг нь ажигладаг байх. Ер нь биеийн хэлэмжээр тухайн хүнийг гадарлаж болох уу. Жишээ нь нүднийхээ баруун дээд булан руу харвал худал ярьж байх магадлалтай гэдэг шүү дээ.
-Тийм ээ. Шинжлэх ухааны бүхий л талбарт хүнийг тодорхойлоход профайлингийг цогцоор нь ашиглаж байгаа юм. Профайлингийн нэг хэлбэр нь биеийн хэлэмж уншиж тайлах.
Гэхдээ биеийн хэлэмжийг уншина гэхээр хамартаа хүрсэн бол эсвэл баруун дээш харвал худлаа ярьсан гэх мэтээр тодорхойлдог гэж ойлгоод байдаг. Body language уншина гэдэг нь тусгайлсан арга техник, технологитой.
Харилцааг аман болон аман бус гэж ангилдаг. Аман бус гэдэг нь биеийн хэлэмж.
Ам хэлээрээ ярьж байгаа зүйлс болон биеэр үзүүлж буй илэрхийлэмж хоёр хэрхэн зохицож байгаад нарийн шинжилгээ хийдэг гэсэн үг.
Биеийн хэлэмжийг ерөнхий ажиглахаас гадна нүүр хувирал бичил булчингуудыг хүртэл хардаг. Хүний нүүрний илэрхийллийг шинжлэх Facial Action Coding System (FACS) буюу нүүрний хөдөлгөөний кодчлолыг ашиглана гэсэн үг. Нүүрэнд үүсэж байгаа бичил булчингуудыг кодлоод түүнийг нь аман яриатай нь харьцуулсны үндсэн дээр үнэн, худал ярьж байгааг болон нуугдмал мэдээллийг мэдэж болно.
Биеийн хэлэмж уншина гэдэг нь тодорхой хэдэн үйлдэл хийвэл “худал, үнэн” гэж ангилдаг бэлэн цэс шиг ойлголт биш. Ингэх ч боломжгүй. Харин тэр олон дохио зангаа болон бидэнд өгч байгаа кодуудыг томьёонд оруулж хариултыг гаргадаг технологитой.
-Өмнө нь царай төрх, биеийн бүтцээр гэмт этгээдийг тодорхойлох онол нэлээд дэлгэрч байжээ. Тэгвэл орчин үед хүнийг танихад ямар арга аргачлал тохиромжтойд тооцогдож байна вэ?
-Шерлок Холмс уу?, Ванга юу? ... Хүмүүс харахдаа Ванга шиг ирээдүйг зөгнөж, таамаглаад байна гэж ойлгодог. Үнэндээ сэтгэл судлалын шинжлэх ухааныг ашиглаж байгаа болохоос зөн бэлгэ, зөн совинтой холбоотой ойлголт огт биш.
"Хүн төрөлхтөн хэн нэгэн гэмтэй хүнийг тодорхойлох оролдлогуудыг хэзээнээс хийж байсан юм бэ" гэдгийг судлахад 1400 он руу очсон.
Одоо энэ чиглэлд улс орон бүрийн эрдэмтэн судлаачид судалгаа, хөгжүүлэлтээ идэвхтэй хийсээр байна. Нүүрний кодчилол, нүүр хувирлын талаар судалсан Пол Экман эрдэмтэн одоо ч амьд. Шинжлэх ухааны маш олон хариултуудыг сар тутам гаргаж байна. Үүнээс хоцрохгүй судлах нь монгол сэтгэл зүйчдийн үүрэг учраас энэ сэдвээр диссертацын ажлаа гүйцэтгэсэн.
Энэ төрлийн бие даасан судалгаануудыг Монгол Улсад хараахан хийхгүй байна.
-Баримт дээр тулгуурлана гэсэн үг байх нь, тийм үү?
-Тийм ээ. Шинжлэх ухаанаар нотлогдсон арга зүй, баримт нотолгоонд түшиглэнэ.
-Гэмт хэргийн үнэн мөнийг илрүүлэхдээ цагдаа, мөрдөгч, хууль хүчнийхэнд давхар хүний сэтгэл зүйг ойлгож, таньдаг чадвар чухалд тооцогдох болжээ. Тэгвэл манай улс ямар түвшинд явна вэ?
-Манай орон 2012 оноос хойш "профайлинг"-ийн мэдлэгийг гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд ашиглаад эхэлсэн. Манай улс дэлхийн бусад орны гэмт хэрэг илрүүлэх аргаас нэг их хоцроогүй байна. Тодорхой төрлийн гэмт хэргүүдэд энэ оролдлогыг хийгээд амжилтад хүрч байсан тохиолдлууд цөөнгүй бий.
Мөрдөгчдийн хувьд мэргэжлийн сэтгэл зүйч нар биш учраас заавал мэргэжлийн шинжилгээ хийх нь тэдний чиг үүрэг биш. Гэхдээ энэ төрлийн шинжилгээг хэрхэн яаж ашиглах вэ, хаана ямар үед тусгай мэдлэгтэй шинжээчийг томилох уу гэдэгт мэдлэг маш их шаардлагатай.
Ер нь муухан сэтгэл зүйчдээс дээр хүмүүс чинь л мөрдөгчид. Тэд төрөл бүрийн хүмүүстэй харилцаж, хэрэгт ач холбогдолтой оновчтой мэдээллийг хэрхэн авах вэ гэдэг ур ухааныг эзэмшсэн хүмүүс. Тиймээс мөрдөгч нар үнэхээр хүндлэм хүмүүс байдаг.
Харин сэтгэл судлалын мэдлэгийг мөрдөгч нарын гэмт хэрэг илрүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гэж ашиглаж байгаа юм.
Тиймээс профайлингаар мэргэшсэн сэтгэл зүйчид олон болж, мөрдөгч нарын гэмт хэрэг илрүүлэх хүнд хүчир ачаанаас бага ч атугай үүрэлцэж, дэмжлэг болоосой гэж үнэхээр их хүсдэг. Миний хувьд энэ чиглэлд амьдралынхаа 20 орчим жилийг зарцуулсан байна. Цаашид салбарынхаа мэргэжилтнүүдийг бэлтгэх, хуулийн сэтгэл судлалын салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллана.
-Монголчууд аливааг зүйрлэж ярьдаг шүү дээ. "Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр зүв зүгээр хүн сандраад байхгүй" гэдэг ч юм уу. Тэгэхээр хувь хүний хандлага бүрийг харж танддагаар онцлог юм байна. Нөгөө талаар профайлинг буюу гадаад дүр төрхөөр нь гэмт хэрэгтнийг илрүүлж болно гэлээ. Гэтэл саяхан Солонгост цуврал аллага үйлдсэн этгээдийг зургийг нийтэд зарласан. Дүр төрхийг нь харахад энгийн охин л байна. Тэгэхээр хүйтэн царайтай гэдгээр нь алуурчныг дүгнэх нь өрөөсгөл болов уу?
-Тийм учраас Чезаре Ломброзогийн онолд авах гээхийн ухаанаар хандах ёстой. Гэмт хэрэгтэн хэн ч байж болдог. Түүний ард ГЭМТ ЗАН ҮЙЛ гэдэг юм л байгаа. Гэмт зан үйл олдмол уу, төрмөл үү гэдэг нь шинжлэх ухааны асуулт мөн. Гэвч бодит амьдрал дээр гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийг олж тогтоох нь нэн чухал.
Хүний гэмт зан үйл бол зөвхөн царай төрх дээр харагдахгүй.
Гэмт зан үйл гэдэг чинь нэг талаас зан буюу дотоод мөн чанар, нөгөө талаас үйл буюу гадагшаа илэрч буй үйлдэл. Яагаад "гэмт" болчхоод байдаг юм бэ гэхээр 3 зүйл бий:
-Гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь "хэрэгцээ"-нээс үүдэлтэй гэсэн үг үү?
-Энэ хэрэгцээн дээр үндэслээд хүмүүст ямар ч гэмт хэрэгтний дотор сэдэлтүүдийн тэмцэл явагддаг. Мэдээж шууд хүний аминд санаатай халдъя гээд халдчихдаг дүүрчихсэн гэмт хэрэгтэнтэй таараад байхгүй боловч тухайн гэмт хэрэгтний сэтгэл зүйд тэмцэл явагдаж байдаг.
Тэрхүү тэмцлийн үр дүнд өөрийн төлөө сэтгэл буюу "би ингэж хохирсон юм чинь", "хүмүүс намайг ингэж дээрэлхэж байсан" зэргээр нийгмийн эсрэг тэрс үзэл бодол нь дийлээд өөрийгөө зөвтгөөд эхэлбэл гэмт хэрэг хийе гэж бодно. Үүн дээр нэмээд нөхцөл байдал бүрдэхгүй бол гэмт хэрэг болохгүй.
Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд нөхцөл байдлыг бий болгохгүй байхад анхаарах хэрэгтэй юм.
-Нөгөө талаар сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд байна. Шүүхийн өмнө “Би хүн алаагүй” гээд сууж буй жишээ ч бий. Тэгэхээр олдмол, төрмөл гэмт хэрэгтний тухай асуудал ч хөндөгдөх болов уу?
-Сэтгэцийн хувьд эмгэгтэй эсвэл сэтгэцийн хувьд онцгой төлөвт байгаа хүмүүс гэмт хэрэг үйлдэнэ гэдэг үгийг судалгааны ажилдаа түлхүү ашигласан.
Таны хэлсэнчлэн сэтгэцийн эмгэг өвчтэй буюу олон улсын өвчний ангиллаар F кодтой хүмүүсийг хамааруулж ойлгоно. Гэхдээ цоо эрүүл мөртлөө тухайн мөчид буюу нөхцөл байдал, хүчин зүйлийн нөлөөгөөр сэтгэл зүйн хувьд онцгой төлөвт орсон хүмүүс ч гэмт хэрэг үйлдэж байна.
Үнэхээр их үзэн ядаж, үнэхээр их гомдсон зэргээр аль нь ч байсан сэтгэцийн хурцадмал байдлыг илэрхийлээд байгаа учраас гэмт хэрэг илрүүлэх ажиллагаанд сэтгэл зүйчийн үүрэг нэн чухал.
Дээрээс нь сэтгэцийн эмгэгтэй хүн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хуулиараа хөнгөрүүлэх нөхцөл болж, эмчилгээтэй хорих ангид хоригддог. Манайд бол одоогоор СЭМҮТ-ийн Хуулийн тасгийнхан энэ ажил үүргийг гүйцэтгэж байна л даа. Үүнийг хөгжүүлэх шаардлага маш их байгаа.
Хараа хяналт болон давхар эмчилгээ явагдаж байдаг. Мөн ял шийтгэл эдлүүлэх ажлууд байдаг учраас онцгой анхаарах шаардлагатай салбар мөн.
-Байнга гэмт хэргийн холбогдолтой кино үзэж, ном зохиол уншдаг байсан эмэгтэй хүний аминд хүрсэн хэрэг гарсан байдаг. Өөрөөр хэлбэл үзэж сонссон нь нэг л өдөр үйлдэл хийхэд хүргэжээ. Тэгэхээр олдмол гэмт хэрэгтэн бий болоход гадаад хүчин зүйлс нөлөөлж байна уу. Харгис хэрцгий гэмт хэргийн талаар мэдээлэх нь хүний сэтгэл зүйд сэдэл өгөх байдлаар нөлөөлж болох уу?
-Гэмт хэргийн чанартай мэдээ мэдээллийг дамжуулна гэдэг нь тусгай технологитой. Ялангуяа гэмт хэрэг үйлдсэн арга, аргачлалын талаар дэлгэрүүлж тайлбарлаж болохгүй гэх мэтчилэн маш олон асуудал байдаг.
Хүмүүс гадаад ертөнцөөс тавхан сувгаар л мэдээлэл авч байгаа. Тэр таван суваг бол бидний таван мэдрэхүй. Юу харж, юу сонсож, юу мэдэрч байна вэ? Энэ тавхан хаалгаар тархи руугаа юу оруулна эргээд орсон бүхэн тархинд боловсруулагдаж байдаг. Тархинд боловсруулагдсан бүхэн гадагшаа үйлдэл болоод гарч байгаа.
Хүн болгон адилгүй, хүн болгон тэнцүү биш болохоор ялгамжтай байдлууд үүсэж болно. Тийм учраас хамгийн бага түвшинд зориулж мэдээлэл гарч байх ёстой.
Монгол Улс тэр чигтээ гэмт хэргийн чанартай мэдээллээр дүүрэн байна гэж бодож байгаа.
Эерэг таатай мэдээлэл авах тусмаа хүний хандлага эерэг таатай болж байдаг. Гэтэл дандаа хэрүүлийн эсвэл гэмт хэргийн чанартай мэдээлэл авснаараа хүмүүсийн уур бухимдал, түрэмгийлэл нэмэгдэх хандлагатай болдог.
Гэмт хэргийн шинжтэй мэдээллийг нийтэд нэг их түгээхгүй байх нь зөв. Ялангуяа тархи нь гүйцэт хөгжөөгүй байгаа бага насны хүүхдүүдэд энгийн зүйл мэтээр ойлгогдож байдаг. Үүнийг хэвийн зүйл мэтээр ойлгоод ирэхээр эргээд гэмт хэрэг үйлдэх магадлалыг нэмэгдүүлж байгаа асуудал.
-Хүний харц ямар мэдээллийг дамжуулдаг вэ. Өөрөөр хэлбэл харцнаас нь тухайн хүний профайлингийг унших боломж байдаг уу?
-Харц нь биеийн хэлэмж уншдаг профайлингийн төрөлдөө орно. Харц, нүүр хувирал, биеийн хэлэмж гар, хөлийн ерөнхий хөдөлгөөнийг бүхэлд нь харна гэсэн үг.
Хүний поз position сууж байна уу, босож байна уу?, суухдаа налж сууж байна уу? гэх мэтчилэн байр байдлыг ажигладаг. Улмаар тэр болгоныг аман яриатай харьцуулж байгаа. Тэгэхээр харц дангаараа тусдаа ойлголт биш цогцоор нь харна.
-Сүүлийн үед хүний худал, үнэн ярьж буй эсэхийг тусгай программын тусламжтай мэддэг болсон гэсэн. Ийм технологи манайд нэвтэрсэн үү?
- Тусгай төхөөрөмжийг ашиглаад удаж байгаа. Тухайлбал полиграф төхөөрөмж нь хүний хянаж, зохицуулах боломжгүй бие физиологийн үзүүлэлтийг зургаан мэдрэгчийн тусламжтайгаар тэмдэглэн авч мэдүүлгийн баталгаат чанарыг шалгадаг. Зүрхний цохилт, цусны даралт, амьсгал, хөдөлгөөн, хөлс ялгарлыг хэмждэг гэсэн үг. Үндсэндээ зүрх цохилж л байгаа бол хүний биеийн цусан хангамж явагдана. Цусны эргэлт явагдаж байхад хүний хүчил төрөгчийг авах, гаргах процесс явагдана. Тэгэхээр зүрхээ л зогсоочихдоггүй л юм бол түүнээс гарч байгаа үзүүлэлтүүд хуурамч байх боломжгүй. Үүнийг тэмдэглэн авч, үр дүнд боловсруулалт хийдэг.
Олон улсад зөвхөн нүдний хөдөлгөөнийг хэмждэг эсвэл нүүр хувирлыг хэмждэг төхөөрөмжүүд бий. Тухайлбал аюул заналхийлэл учруулж мэдэх хүнийг таньж мэдэх зорилгоор олон нийтийн газарт суурилуулсан төхөөрөмжийг дэлхий нийтээр ашиглаад эхэлсэн. Ялангуяа гаалийн байгууллагууд ашигладаг. Манай орны хувьд үүнийг хараахан нэвтрүүлээгүй байна.
-Хүн сандрахаар зүрхний цохилт түргэсдэг гэдэг.
-Тийм ээ. Хүмүүс нарийн учрыг нь мэддэггүй учраас полиграфын төхөөрөмжид эргэлздэг ч тохиолдлууд бий. Гэхдээ энэ бол хянаж болшгүй, өөрчилж болшгүй бие физиологийн үзүүлэлт.
-Хүн амаараа худал ярьж болох ч зүрхнийхээ цохилтыг хянаж чадахгүй байх нь, тийм үү?
-Тийм ээ.
-Монголчууд "цаанаасаа л хүйтэн царайтай хүн" гэж ярьдаг. Эрүүгийн онц ноцтой гэмт этгээдүүдийн дунд хийгдсэн царай төрх, зан байдлын профайлинг судалгаа гэж байдаг уу?
-Гэмт хэргийн төрөл харилцан адилгүй.
Олон хүний аминд хүрсэн цуврал гэмт хэрэгтний тухай асууж байгаа бол онцгой шинжүүд бий. Цаашилбал онцгой үнэр ч байдаг.
Яагаад гэвэл хүний сэтгэл зүй тайлбаргүй зүйл биш. Тайлбар нь сэтгэл судлалд бий. Өөрөөр хэлбэл психосоматик гэдэг мэдлэгийн салбар бий. Энэ нь бидний сэтгэц буюу психо, сомато буюу бие хоорондоо нягт холбоотойг судалдаг.
Психосоматикийн шинжлэх ухаан манай сэтгэл судлалын нэг салбар. Энэ дотор ялгаагүй шаналал, ганцаардал, зовлон, гэмшил зэрэг мэдрэх үед үнэртдэг онцгой үнэр байхыг үгүйсгэхгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүмүүст онцгой шинжүүд байна. Гэхдээ гэмт хэргийн төрлөөс шалтгаална. Гэмт хэрэг дотроо санаатай буюу хүслийн дагуу эсвэл санаандгүй үйлдэл ч байж болно.
Зарим тохиолдолд өөрийгөө хамгаалахын тулд рефлексээр үйлдэж байгаа гэмт хэргүүд байна. Зарим нь инстинктээрээ гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл эх хүн гэхэд л хүүхдээ хамгаалахын тулд юу ч хийхээс буцахгүй байж магадгүй, тийм үү. Энэ мэтчилэн үйлдлийн цаана байгаа сэтгэл зүйн мөн чанар янз бүр.
Гэхдээ харваас хүйтэн царайтай гэдэг нийтлэг ойлголтоор тодорхойлбол өрөөсгөл.
Нүдэнд дулаахан царайтай харгис гэмт хэрэгтэн ч бий.
-Жишээ нь хулгайч шиг гүйлгэнэсэн харцтай гэж монголчууд ярьдаг. Тэгэхээр гэмт хэрэгтэн болгоны цаана харилцан адилгүй биеийн хэлэмж байдаг байх нь?
-Яг үнэн. Гэмт зан үйл гэдэг чинь тэр. Гэмт хэрэг үйлдэх болсон нэг хэрэгцээ байгаа. Энэ нь хэргийг үйлдэж дуусмагц гэмт хэргийг нуун далдлах хэрэгцээгээр үргэлжилж байдаг. Хэн намайг харчих бол, хэн намайг мэдчих бол гэх мэт гэмт хэргээ нуухын тулд биеэ авч явж байгаа байдлаар илэрдэг.
Үндсэндээ хүний сэтгэл зүй ямар байна вэ түүнд тулгуурлаж хүний үйлдэл илрээд байна.
Шинжлэх ухааны нэр томьёогоор зан үйл behaviour буюу дотоод мөн чанар, үйлдэл хоёрын хослолыг хэлээд байгаа юм.
-Тэгэхээр орчин үед гэмт хэргийг илрүүлэхэд мөрдөгчид дан ганц хэргийн газар дээр очиж хүмүүсээс мэдүүлэг аваад явах бус сэтгэл зүйг нь давхар унших ур чадварт суралцах нь чухал болоод байгааг энэ ярилцлагаар ойлголоо.
-Тийм ээ. Мөрдөгчид өөрсдийнхөө хэмжээнд анхан шатны мэдлэгтэй, муугүй сэтгэл зүйч байх шаардлагатай. Хүний зан үйлийг тодорхойлох, томьёолох шаардлагатай онцгой тохиолдолд мэргэжлийн сэтгэл зүйч нарын хэрэгцээ шаардлага нэн чухал юм.
Гэмт хэргийг хүн л үйлдэж байгаа. Гэмт хэргийн хохирогч нь хүн л болоод байгаа. Тухайн гэмт хэргийг бас хүмүүс л илрүүлэх гэж яваа. Тэгэхээр хүний сэтгэцийн зүй тогтлыг судалдаг сэтгэл судлалын шинжлэх ухааны мэдлэгийг ашиглах нь гарцаагүй бөгөөд нэн шаардлагатай болоод байна.
-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!