Монголчууд нэг жилийн дотор 592.8 тэрбумыг залиланд алдав
Өнөөдөр монгол хүн өдрийн найман цаг хөдөлмөрлөсний дүнд сард 2.4 сая төгрөг /Нэг ажилтанд ногдох голч цалингийн дүн/-тэй золгож байна. Тэгвэл бидний залиланд алдсан 592.8 тэрбум төгрөг ямар үнээр, хэр их хүч хөдөлмөрийн үр дүнд бий болох вэ?
Энэ мөнгийг олохын тулд зарцуулах хөлс хүч, хүний амьдралын цаг хугацааг хамтдаа тооцож үзэцгээе. Үндэсний Статистикийн Хорооноос өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд гаргасан нэг ажилтанд ногдох цалингийн голч дүнгээр бодсон болно.
Тооцоолол 1:
Монголчуудын ганцхан жилийн дотор алдсан энэ мөнгийг 1,000 хүн амралтгүй 20 жил долоон сар хөдөлмөрлөж олсонтой тэнцэж байна.
Харамсалтай нь асар их хөлс хүч, цаг хугацаа шингэж олдох хөдөлмөрийн үр ашгаа бид аль хэдийн залиланд алдчихжээ.
Тэгвэл 592.8 тэрбум төгрөгөөр хэр олон иргэн ИПОТЕКИЙН зээлд хамрагдаж, байртай болох мөрөөдөл нь бодит биелэл болох байсан бол...
Тооцоолол 2:
Өнөөдөр орон сууцны зээлд хамрагдахын тулд хувь иргэн урьдчилгаа 30 хувийг төлөх үндсэн шалгууртай. Ойролцоогоор 250 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг ипотекийн зээлээр авахын тулд та бидэнд 75 саяын урьдчилгаа хэрэгтэй болох нь.
Уг дүнгээр бодож үзвэл монголчуудын залиланд алдсан мөнгө ойролцоогоор 7,900 айлыг орон сууцтай болгох эхлэл хөрөнгөтэй тэнцэж байна. Гэвч эдгээрийг салхинд хийсгэсэнтэй адил болов.
Өнгөрсөн онд 116,092 хүн залилангийн хохирогч болжээ.
Цагдаагийн байгууллагад хандаж, гомдол мэдээлэл гаргах хохирогчдын тоо огцом нэмэгдэж, хохирлын мөнгөн дүн оны эхнээс төгсгөл хүртлээ тасралтгүй өссөн утгыг доорх гэмт хэргийн бүртгэлээс харж болно.
График 1: Бүртгэгдсэн залилангийн хэрэг /2025 он/
Хүүхдийнхээ хадгаламжийн мөнгийг барьцаалж хохирсон, байр сууцаа барьцаанд тавьсан, боломжит бүх аргаар зээл авч алдсан, бараа үйлчилгээ захиалахдаа мөнгөө түрүүлж шилжүүлсэн гэх мэтчилэн хэргийн бүртгэл мэдээлэл янз бүр байна.
Тэгвэл хохирогчдын алдаа ямар сургамжийг өгч, юунд анхаарахыг сануулав.
Tекст: Тодруулсан хэсэг дээр дарж хохирогчдын яриаг уншина уу
Богино хугацаанд өндөр ашиг амласан зар мэдээлэлд хууртахгүй байхыг Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, доктор Б.Мөнхзаяа дараах байдлаар анхааруулав.
ВИДЕО:
Хүмүүс чухам юун дээр алддаг вэ?
Алдсан мөнгө ба алдагдсан боломж
График 2: Залиланд алдсан мөнгө /2025 он/
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хохирлын хэмжээ 60 гаруй тэрбумаас эхэлсэн бол оны сүүлээр 592.8 тэрбум хүртлээ огцом өсөв. Цаашид дээр дурдсан тоо нэмэгдэх хандлагатай байна.
Тухайлбал энэ он гарсаар ердөө гуравхан сарын дотор нийт 11,096 хүн залиланд өртөж 236.5 тэрбумын хохирол амсав. Харин одоо хал үзсэн хүмүүс минь хашир суух цаг болжээ.
График 3: 2026 оны эхний гурван сарын залилангийн бүртгэл мэдээлэл, хохирлын мөнгөн дүн
Улсын хэмжээнд 15-69 насны 1,947 хүнийг хамруулсан санхүүгийн боловсролын чадамжийн түвшнийг тогтооход иргэдийн нас ахих тусам санхүүгийн мэдлэг буурсан дүн гарав.
График 5: Иргэдийн санхүүгийн мэдлэгийн түвшин тогтоох судалгааны үр дүн /2022 он/
Судалгаанд оролцсон нийт иргэний санхүүгийн мэдлэгийг үнэлэхэд Gen Z үеийнхэн бусад насны ангиллаас илүү буюу 60 орчим хувьтай байжээ.
Түүнчлэн иргэд, олон нийтийн санхүүгийн шийдвэр гаргахдаа авдаг зөвлөгөө, мэдээллийн эх сурвалжаар ангилахад оролцогчдын
График 6: Санхүүгийн луйвар, залилангаас сэргийлэх хандлага
Иргэдийн хандлагыг дүгнэвэл аливаа хэлбэрийн санхүүгийн луйвар, залилангийн шинжтэй үйлдэлд аль болох өөрийн ойр дотны хүмүүст хандан зөвлөгөө авч, олон нийтийн сүлжээнээс мэдээлэл хайх хандлагатай байгааг Монгол Банкнаас гаргасан Иргэдийн санхүүгийн мэдлэгийн түвшин тогтоох судалгаанд дурджээ.
Цахим залиланд итгэж мөнгөө алдсан хохирогчид эцэстээ өр зээлтэй хоцорч үлдсэн талаараа ийнхүү ярьсан юм.
Tекст: Тодруулсан хэсэг дээр дарж хохирогчдын яриаг уншина уу
Давхардсан тоогоор Монгол Улсын 3.2 сая иргэн Банк Бус Санхүүгийн Байгууллага (ББСБ)-д зээлтэй байна. Аппликэйшн болон ББСБ-уудаас олгосон нийт зээлийн хэмжээ 7.2 их наяд төгрөгт хүрчээ.
Өөрөөр хэлбэл хүн амын дийлэнх хувь нь зээл авах хандлагатайг дээр дурдсан Санхүүгийн Зохицуулах Хорооны мэдээллээс харж болохоор.
Тэгвэл "Монголчуудын мөнгөнд хандах хандлага"-ын талаар СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, доктор Б.Мөнхзаяа, “Мэргэн Финанс” ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.Энхтайван нараас тодруулснаа хүргэж байна.
ВИДЕО:
ВИДЕО:
Цаашид энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон иргэд хэдээр нэмэгдэж, хохирлын хэмжээ хэрхэн өсөхийг таашгүй. Гагцхүү ганцхан жилийн дотор алдсан 592,841,872,446 төгрөгийн хохирол бидэнд хашир суух цаг болсны хатуу сануулга болох биз ээ.
Нийтлэлийг бэлтгэсэн: IKON.MN П.Сайнжаргал