Байраа барьцаанд тавьж, ээж эхнэр хоёрынхоо дансыг шавхаж, эгчээсээ давхар мөнгө зээлээд хамаг байдгаа шилжүүлчихсэн. Одоо яах вэ?...
Түүний хохирлын мөнгөн дүн нийт 203 сая төгрөг. Тэрбээр цахим залилангийн хохирогч бөгөөд Телеграмм орчинд даалгавар биелүүлж явсаар бүх мөнгөө алджээ.
Яг ийм жишгээр залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болж АМЬ АМЬДРАЛАА дэнчин тавьсан хүмүүс өдөрт 20-30-аараа цагдаад гомдол гаргадаг байна.
Хүүхдийнхээ хадгаламжийн мөнгийг барьцаалж хохирсон, байр сууцаа тавьж алдсан, бараа үйлчилгээ захиалахдаа мөнгөө түрүүлж өгөөд хохирсон гэх мэтчилэн хэргийн бүртгэл мэдээлэл янз бүр.
Өндөр цалинтай ажлын зар, бараа захиалга, хусдаг сугалаа, Телеграммаар даалгавар биелүүлэх, түрээс, хандив, мөнгө өсгөх гэхчлэн залилангийн арга хэлбэр ч өөр хоорондоо адилгүй ээ.
Цагдаа: "Хамгийн багадаа 5-10 саяар хохирлын хэмжээ яригддаг. Хамгийн ихдээ 203 саяар хохирсон иргэн байсан"
Энэ жилийн эхний есөн сард монголчууд залилангаас болж ₮53 ТЭРБУМ-ын хохирол амссаныг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн Ш.Жамъяандорж хэлж байлаа. Харин өнгөрсөн жил ₮4.8 ТЭРБУМ-аар хохирчээ.
Хамгийн багадаа 5-10 саяар хохирлын хэмжээ яригддаг бол хамгийн ихдээ 203 саяар хохирсон иргэн байсныг тэрбээр хэллээ.
"Монголчууд ямар гэнэн юм бэ, яасан баян юм бэ?... Магадгүй дээрх дүнг уншаад Танд ийм бодол төрж мэднэ.
(Зураг дээр дарж томруулж харна уу)
Тэгвэл залилан мэхлэх гэмт хэргийн хохирогчид яагаад бага дүнгээр биш, ийм их хэмжээний мөнгөөр хохирдгийг цагдаа ийнхүү тайлбарлаж байлаа.
Энэ удаад цагдаагийн асуултад сэтгүүлч миний зүгээс хариулт өгч, тайлбар авсан яриа өрнөлөө.
Цагдаа: 20 мянган төгрөг алдсан хүн, хоёр сая төгрөг алдсан хүн, 20 сая төгрөг алдсан хүн, хоёр тэрбум төгрөг алдсан хүмүүсийн хооронд ямар ялгаа байх вэ?
Сэтгүүлч: Сэтгэл зүйн хувьд 20 мянган төгрөгөө алдвал нэг их тоохгүй байх аа.
Цагдаа: Тэгвэл хоёр тэрбум төгрөгөө алдсан хүнд ямар байх вэ?
Сэтгүүлч: Амьдрал нь сүйрч байгаа юм шиг л санагдах байх.
Цагдаа: Яг тийм. Үүнийг л ялгаатай гэж хардгаасаа болж бид асар том алдааг хийдэг.
"Би 20 мянган төгрөгийг үнэ цэнтэй" гэж тооцохгүй байгаа учраас залилагчид энэ сэтгэлгээн дээр чинь наадаад байна гэсэн үг.
Магадгүй Фэйсбүүк хакердаад "найздаа 20 мянган төгрөг гялс шилжүүлээч" гээд зурвас илгээсэн байя.
Таны найзын жагсаалтад байгаа 50 хүнээс 20 мянган төгрөг авбал залилагчид ашигтай. Харин нөгөөдүүлд нь 20 мянган төгрөг юу ч биш байж магад, тийм үү.
Залилагчид яг энэ боломжийг ашиглаж багаар идэж, ихийг олохын төлөө оролдлого хийдэг. Түүн шиг Телеграммаар нэг дор шууд 10, 20 сая төгрөгөө мэдээж хэн ч хийхгүй ээ.
Эхлээд чамд жижигхэн амттан үмхүүлээд "өшөө том амттан надад байгаа" гэж хүүхэд хуурахтай адил.
Хүмүүс чухам юун дээр алддаг вэ гэвэл "бага мөнгөөр хөрөнгө оруулаад их мөнгө олох боломж" гэж эндүү ойлгодог.
Нөгөө сэтгэлгээ нь алдсаныгаа олж авахын тулд нэмээд хохироод байдаг асуудал. Ялангуяа энэ сэтгэл зүй Телеграмм залилан дээр хамгийн их ажиглагдаж байна. Давхар мөрийтэй тоглоомд яг ийм сэтгэл зүй анзаарагддаг.
Харамсалтай нь жилээс жилд та бидний халаасыг тэмтэрч хулгай хийх нь багасаж, харин эсрэгээрээ цахим орчны хэрэглээг тань овжноор ашиглах залилагчдын арга нарийсаж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд залилан 60 орчим хувиар өссөнийг доорх графикаас харах боломжтой. Харин хулгайн гаралт 2018 оноос хойш тодорхой хэмжээнд буурчээ.
График1: Залилан ба хулгайн гэмт хэрэг (2015-2024 бүтэн жил, 2025 оны эхний 9 сар)
Өнөөдөр улсын хэмжээнд 4,000 гаруй хүн ял эдэлж байгаагаас ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад залилангийн хэргээр 300 гаруй нь ял шийтгэгдэж байна. /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодруулсан болно/
Тухайлбал энэ сард залилах гэмт хэрэг үйлдсэн хоёр этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, баривчилсан байдаг.
Цахим орчинд 1,533 удаагийн гүйлгээгээр иргэдээс 2.8 тэрбум төгрөг залилсан байж болзошгүй 43 настай, эмэгтэй “Т”-г энэ сарын эхээр баривчилсан.
Залилах гэмт хэрэгт сэрдэгдэн цагдаагийн байгууллагаас 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай этгээдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлсэн билээ.
Он гарсаар эхний есөн сард нийт 13,393 залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Гэхдээ залилангийн 85.1 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн буюу 11,402 иргэн онлайнаар бараа захиалах, хандив өгөх, сугалаанд оролцох болон бусад байдлаар мөнгө санхүү, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч үлджээ.
График2: Цахим залилангийн үйлдлийн арга (2024, 2025 оны эхний есөн сар)
Тэрбээр "Магадгүй бид өдөр тутамдаа гэмт хэргийн кэйстэй тулгарч байгаа болохоор харьцангуй мэддэг байх. Жишээ нь би өөрийгөө эмч хүн байя гэж бодъё. Тэгтэл өвчтөн хүндэрсэн шатандаа ороод ирлээ.
Эмч мянга хичээгээд өвчтөнийг 100 хувь төгс эдгээж чадахгүй шүү дээ. Яг л үүнтэй адил.
Хамаг юм аа алдчихсан хүн ороод ирэхэд хохирлыг нь барагдуулчих юм сан, ядаж сэтгэлийг нь өргөчих юм сан гэдэг бодол байгаа.
Гэхдээ өвчнөө үгдрүүлсэн хойно эмч дээр очоод 100 хувь эрүүл болохгүйтэй адилхан асуудал юм.
Мөнгөн хохирлоо олж авлаа гэж бодоход тэр бүхнийг буцааж авахын тулд зарцуулсан энерги, нерв, стресс, цаг хугацаа эргэж хэзээ ч олдохгүй.
Тэр асуудлаас болж ар гэрийнхэн нь сэтгэл зүйн хор хохирлыг дагаад амсаж байдаг. "Харваас залилан байхад яах гэж мөнгөө өгч байгаа юм бэ", "Чи тэнэг, мангар юм уу" гэхчлэн ойр тойрныхон хэлэх нь мэдээж. Гэвч нэгэнт мөнгөө алдаад эхэлчихсэн хүн бусдын анхааруулгыг үл тоон, алдсанаасаа илүүг олохын төлөө шунаж, сэтгэл зүй нь тогтворгүй болчихсон байдаг.
Адилтгаж хэлбэл, буцалсан ус руу гараа дүрэх үү, болих уу гэж тээнэгэлзэж байх шиг мөнгөө хийх үү, байх уу гэдгээс өөрийг бодохоо больчихдог" гэдгийг анхааруулж байлаа.
Үргэлжлэл бий...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!