Уншиж байна ...

“Өвс тэжээл зарна”, “Шатахуун зарна” гэх мэт хуурамч зар оруулж, иргэдийг залилдаг этгээдийг баривчилжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 24
iKon.MN
зураг
 
Эх сурвалж: ЦЕГ

Залилах гэмт хэрэгт сэрдэгдэн цагдаагийн байгууллагаас 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ. 

Тодруулбал цахим орчинд 2020 оноос “Өвс тэжээл зарна”, “Орон сууц түрээслүүлнэ”, “Шатахуун зарна”, “Валют солиулна” гэх мэт хуурамч зар оруулж, "Telegram платформ" ашиглан иргэдийг залилж байсан 33 настай, эмэгтэй сэжигтэй этгээдийг өчигдөр /2025.10.23/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, саатуулаад байна.

Уг этгээд нь оргодлоор 11, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр 40, шүүхээс даалгасан хүнээр нэг, нийт 52 удаа эрэн сурвалжлагдан олдож байсан. 

Мөн 2023 оноос хойш 12 удаа улсын хэмжээнд эрэн сурвалжилсан.

Сэжигтэй этгээдийг саатуулан оргон зайлах хугацаандаа ашиглаж байсан арилжааны банкны данснууд, ухаалаг төхөөрөмж, орогнож байсан байр, орон сууцанд нэгжлэг, үзлэг хийж, бусад үйлдэл холбогдлуудыг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ.