Уншиж байна ...

Цахим залиланд хохирсон 2,318 иргэний гомдол мэдээллийг шалгахад ₮18.8 тэрбумын хохирол тогтоогджээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс сэргийлэх зорилготой “Дансаа бүү ашиглуул” аяныг өнөөдрөөс эхлүүлж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ. 

Энэ он гарсаар эхний есөн сард улсын хэмжээнд залилангийн 13,393 гэмт хэрэг бүртгэгджээ.

Иймд цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ, Монголбанк, "Баримт шалгах төв" ТББ-аас өнөөдөр хамтарсан хэвлэлийн хурлыг зохион байгуулж, дараах сэрэмжлүүлэг мэдээллийг өгсөн юм. 



Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар нийт 38,309 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 13,393 нь залилах гэмт хэрэг байжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,366 нэгжээр буюу 33.6 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд залилах гэмт хэргийн 85.1 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл таван гэмт хэрэг тутмын дөрвийг залилах гэмт хэрэг эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар залилах төрлийн гэмт хэргийн илрүүлэлт 42.7 хувьтай байгааг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр хэлсэн юм. 

зураг
 
Эх сурвалж: ЦЕГ
зураг
 
Эх сурвалж: ЦЕГ

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 дүгээр зүйлд заасан хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг 24 цагаар тогтмол авч байгааг мэдээллээ. 

Уг арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд эхний есөн сарын байдлаар нийт 2,318 иргэний гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 1,591 буюу 68.6 хувьд хариу арга хэмжээг авсан байна. 

зураг
 
Эх сурвалж: ЦЕГ

Хохирлын хэмжээгээр тооцож үзвэл: 

Дээрх 2,318 иргэний гомдол мэдээллийг шалгахад 18.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. 

Цагдаагийн байгууллагаас цахим гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор 2023 онд “Цахим халдлага, залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтэс”-ийг байгуулсан бөгөөд энэ хүрээнд “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах” арга хэмжээг банк, санхүүгийн салбартай хамтран хэрэгжүүлж байгаа юм. 

Тус хэлтсээс шуурхай ажиллаж 11.4 тэрбум буюу нийт хохирлын 60.6 хувьд хязгаарлалт тогтоох арга хэмжээг авсныг мэдээллээ.

Эдгээр гомдол мэдээллийг шалгаж хохирсон 671 иргэн, хуулийн этгээдэд учирсан нэг тэрбум 326 сая төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор, шүүхийн байгууллагатай хамтран хохирлыг барагдуулах ажлыг авч хэрэгжүүлж байгааг Цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр хэллээ.