Хэдхэн жилийн өмнө өөрсдийгөө ЦАХИМ ҮНДЭСТЭН БОЛНО гэж "амбицалж" явсан монголчууд бид хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгөө цахим залиланд алдаж сууна.
Манай улсын нийт хүн амын 70 орчим хувь буюу 2.6 сая гаруй нь Фэйсбүүкийг өдөр тутамдаа өргөн хэрэглэж байна.
Энэ төрлийн платформын идэвхтэй хэрэглэгчдийн тоонд монголчууд зүй ёсоор багтаж буйг илтгэх нэгэн статистикийг танилцуулъя.
Тодруулбал Та бид Фэйсбүүкийн хэрэглээгээр дэлхийд эрэмбээрээ дээрээсээ гуравт жагссаныг энэхүү олон улсын тайлангаас харж болохоор.
Мөн зайлшгүй анхаарал хандуулах асуудал Телеграм орчинд өрнөж байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байна.
Тэгвэл монголчуудын цахим залиланд өртөж буй гол буруутан нь Фэйсбүүк, Телеграм болон бусад онлайн хэрэгсэл болж хувирсан уу? Мэдээж ҮГҮЙ ээ.
Хамгийн гол нь онлайн орчин дахь зах замбараагүй их мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, танихгүй этгээдээс ирсэн таатай саналд үл итгэгч байж, хувийн нууцаа хамгаалах нь юу юунаас илүү чухал байгаа.
Нэг үгээр бол "муу санаа"-тай байх хэрэгтэй байна.
Гэмт хэргийн жишээг дурдвал, нэр бүхий иргэн "Буцалтгүй тусламжаар ₮50 саяыг өгнө. Үйлчилгээний хураамж ₮990 мянгыг шилжүүл” гэх зард итгэж, залилуулсан хэрэг Цагдаагийн Ерөнхий Газарт 2025 оны дөрөвдүгээр сард бүртгэгдсэн байдаг.
Энэ бол цахимаар залилан мэхэлж, бусдын өмч хөрөнгөд халдаж буйн наад захын жишээ.
График 1: Залилах гэмт хэргийн тоо (Сүүлийн таван жилээр өссөн дүн)
Графикийн тайлбар: 2021-2025 оны эхний найман сард бүртгэгдсэн залилан мэхлэх гэмт хэргийн тоон мэдээлэл болно. Иймд бүтэн жилийн тоо баримт гэж үзэх боломжгүй.
Мөн он гарсаар эхний таван сард Телеграм залилангийн улмаас иргэдэд 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсныг прокурорын байгууллагаас мэдээлж,
График 2: Залилж буй үйлдлийн арга ба хохирсон иргэдийн тоо
Энэ төрлийн гэмт хэргийн гаралт ба урьдчилан сэргийлэх алхмын талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Мэдээлэл нөлөөллийн тасгийн дарга цагдаагийн ахмад Б.Ариунгуатай ярилцсанаа уншигч Та бүхэнд хүргэе.
Тэрбээр хэлэхдээ "Телеграм орчинд даалгавар биелүүлэх, фэйсбүүк орчинд өвчтэй хүүхдүүдийн зургийг ашиглаж хандив гуйх, буцалтгүй тусламж өгөх нэрийдлээр бусдын өмч хөрөнгийг залилж авах гэмт хэрэг нэмэгдэж байна.
Үүнээс гадна хүмүүсийн тэр бүр мэддэггүй нэг зүйл бий. Цахим орчинд "Цагийн ажил олгоно" гэдэг зар мэдээлэл их харагддаг шүү дээ.
Тухайн цагийн ажлыг судлаад үзэхэд "Банкны дансаа хоёр цаг хэрэглүүлээд 200 мянган төгрөгтэй болоорой", "Банкны дансаа 3-4 цаг ашиглуулаад мөнгө аваарай" гэх саналыг тавьж байна. Дансаа хүнд зарах, бусдад дансаа ашиглуулах нь хууль бус үйлдэл.
Цахим орчин дахь зар мэдээллийг сайтар нягталж, ирээдүйд гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй.
Өөрийн нэр дээрх банкны дансыг хууль бус үйлдэл хийж байгаа хүмүүст ашиглуулах нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл учраас иргэд аливаа төрлийн зар мэдээлэлд шүүлтүүртэй хандаасай" хэмээн сэрэмжлүүлэв.
Мөн тэрбээр "Залилагчид ямагт таатай саналыг тавьж бусдыг хохироодог.
Сүүлийн үед цахим орчинд сугалаа зохион байгуулж, иргэдийг залилах гэмт хэрэг өсөж байгаа. Ингэж сугалаанд оролцуулахдаа 200-400 мянган төгрөг гэхчлэн багц худалдаж авахыг санал болгодог.
Улмаар худалдаж авсан багцаараа сугалааны хонжворт оролцож, хонжвор хожлоо гэж бодоход "Та таван сая төгрөгийн хонжвор хожсон бол урьдчилгаа 10 хувиа эхэлж шилжүүл" гэх мэтчилнээр залилан мэхэлж байна.
Аль нэг улсын буцалтгүй тусламжаар Монгол Улсын иргэдэд туслахаар ажиллаж байгаа. Манай коммент доор мэдээлэл байршуулж, зургаа үлдээгээрэй эсвэл хүсэлтээ үлдээгээрэй гэж бичдэг.
Ийнхүү хүсэлтээ үлдээгээд буцалтгүй тусламжид хамрагдъя гээд холбогдоход "Манай буцалтгүй тусламжийн эзнээр та тодорлоо", "Та хэдэн төгрөгийн зээл авмаар байна вэ? Хувийн мэдээллээ явуул" гэх мэтчилэн харилцаа холбоо тогтоон гэмт хэргийн хохирогч болгож байна.
Эргээд харвал гадаад хүний зурагтай мөртлөө монгол нэртэй цахим хаягууд байдаг. Харилцаж байгаа хүний чатыг уншихад ойлгомжтой Google translate-ээр орчуулаад бичсэн юм шиг ажиглагддаг.
Google translate-ээр орчуулсан л бол залилан гэж ойлгох нь өрөөсгөл. Гэхдээ өмнө нь хэзээ ч харж байгаагүй, танихгүй хүний данс руу азандаа итгэж мөнгө шилжүүлэх нь өөрөө эрсдэлтэй алхам.
Таньдаг ойрын хүн байсан ч Фэйсбүүк хаягаар мөнгө асууж байгаа мэдээлэлд болгоомжтой хандах хэрэгтэй" хэмээн зөвлөлөө.
Хүнд өвчтэй, яаралтай хагалгаанд орох шаардлагатай тул бусдаас эмчилгээний зардалд хандив өгөхийг хүссэн хүүхдүүдийн ар гэрийнхний байршуулсан зар мэдээллийг ашиглан урьдчилсан байдлаар 2,500 орчим иргэнээс 5,000-500,000 хүртэлх хэмжээний төгрөгийг дансаар шилжүүлэн авч, залилсан этгээдийн үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг мэдээлсэн.
2024-2025 оны дөрвөн сар"Телеграм хаягаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө" гэх зарын дагуу холбогдож, долоон удаагийн гүйлгээгээр 22.3 сая төгрөг шилжүүлж залилуулсан хэрэг гарсан байдаг.
2024.11.23Орон нутагт худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн рүү үл таних дугаараас холбогдож, “Танайхаар үйлчлүүлж, архи авсан хүн зам тээврийн осолд орж нас барсан байна. Ийм учраас танай дэлгүүрийг шалгана" гэх нэрийдлээр 800,000 гаруй төгрөгийг шилжүүлэн авчээ.
2025.02.06Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн М нь “Фэйсбүүк зарын дагуу холбогдож, буцалтгүй тусламжаар 50,000,000 төгрөг өгнө үйлчилгээний хураамж болох 990,000 төгрөг шилжүүл гэхээр нь шилжүүлж залилуулсан” хэмээн цагдаагийн байгууллагад ханджээ.
2025.04.01"Надтай хамт ажилладаг байсан Б нь миний хувийн мэдээллийг ашиглан миний нэр дээр Netpay, Numur зэрэг зээлийн аппликэйшнээс нийт 2,000,000 төгрөгийн зээл авсан байна" гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн байдаг.
2025.04.09Цахимаар гал тогооны тавилга захиалж, урьдчилгаа 1.8 сая төгрөг шилжүүлэн залилуулсан хэргийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байв.
Залилагчид цахим орчинд хуурамч хаяг нээн ижил төрлийн үйлчилгээний байгууллагын мэдээлэл, зургийг хуулбарлан байршуулж, төлбөрийг урьдчилан авч залилж байна.
2025.05.11Хөвсгөл аймгийн иргэн фэйсбүүк орчинд байршуулсан “Яг одоо авах хүнд ямаа хямд зарна” гэх зарын дагуу үл таних хүний данс руу долоон сая орчим төгрөг шилжүүлж, залилуулсан талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.
2025.09.02Ийнхүү залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон харамсалтай тохиолдол, иргэдийн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад тасралтгүй бүртгэгдсээр.
Хуурамч хаягаас худал гэдэг нь илэрхий ойлгомжтой санал тавьж байвал үл итгэгч байдлаар хандаж, далд агуулгыг сайтар нягтлах хэрэгтэй юм.
Энэ он гарсаар залилагч этгээдийн арганд орж 11,926 иргэн өөрийн өмч, эд хөрөнгөөр хохирсныг дээр дурдсан билээ. Иймд цахим орчин дахь сайхан санал, таатай өгөөшинд хууртахгүй байх нь өөрийгөө болон өрөөлийг хохирогч болохоос хамгаалах гол арга юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!