Хамт ажилладаг хүнийхээ хувийн мэдээллийг нь ашиглан 2,000,000 орчим төгрөгийн зээл авсан гэх үйлдлийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Тодруулбал дөрөвдүгээр сарын 9-ний өдөр дараах гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
"Надтай хамт ажилладаг байсан Б нь миний хувийн мэдээллийг ашиглан миний нэр дээр Netpay, Numur зэрэг зээлийн аппликэйшнээс нийт 2,000,000 төгрөгийн зээл авсан байна" гэх гомдол
Иргэн О энэ сарын 07-ны өдөр гар утсаа алдсаны улмаас Хаан Банкны нэвтрэх нэр, нууц үгээ алдаж, иргэний хувийн мэдээллийг ашиглан Гэрэл зээлийн аппликэйшнээс 180,000 төгрөгийн зээл авсан гэх гомдол, мэдээлэл бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг явуулж байгааг мэдээллээ.
Энэ оны эхний улирлын байдлаар нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 3,386 нь цахим орчинд үйлдэгдсэн.
Иймд:
- Өөрийн хувийн мэдээллээ бусдад мэдэгдэхгүй байх
- Нууцлал аюулгүй байдлаа сайтар хангахгүй бол цахим орчинд хувийн мэдээллээ бөглөж, зээл авах боломжтой болсон энэ цаг үед таны нэр дээр хэн нэгэн зээл авч, таны өмчлөх эрхэд халдах үйлдлийг гаргаж болзошгүй.
Болзошгүй эрсдэлийг анхаарч, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас зөвлөлөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!