Сарын дундаж цалин 2.8 сая төгрөг, голч цалин 2.4 сая төгрөг болжээ
Үндэсний Статистикийн Хорооноос 2025 оны дөрөвдүгээр улирлын дараах дундаж болон голч цалингийн хэмжээг танилцууллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 54.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 827.5 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо өмнөх улирлаас 174 (0.4%)-өөр нэмэгдэж, харин ажиллагчдын тоо 8.0 (1.0%) мянгаар буурчээ.
Ажиллагчдын тоо өмнөх улирлаас буурахад уул уурхай, олборлолт, барилга болон боловсролын салбарын ажиллагчид 0.9-2.1 (1.7%-4.5%) мянгаар буурсан нь нөлөөлжээ.
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин болон голч цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарын ажиллагчдынх хамгийн өндөр, зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага хэвээр байна.
Бодит цалингийн индексийг 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар өмнөх улиралтай харьцуулахад олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх хамгийн их буюу 13.3 хувиар нэмэгдсэн бол үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа болон үйлчилгээний бусад салбарынх хамгийн их буюу 5.3-26.4 хувиар буурчээ.
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин Төвийн бүс болон Улаанбаатар хотод улсын дунджаас 1.8-4.9 хувиар их бол Баруун, Зүүн, Хангайн бүсэд 4.2-17.4 хувиар бага байна.
Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд, төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагын ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин улсын дунджаас 35.8-554.7 (1.2%-19.3%) мянган төгрөгөөр их байна. Харин бусад байгууллагад ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин улсын дунджаас 311.7-1461.4 (10.8%-50.8%) мянган төгрөгөөр бага байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
