Сэтгэл гутрал, стресс, бүүдгэр орчин амиа хорлолтод нөлөөлдөг гэж ихэнх хүн боддог. Гэхдээ бидний төсөөлдгөөс огт өөр зүйлс ч үүнд нөлөөлж болдог байх нь ээ.
Тодруулбал агаарын хэмийн өөрчлөлт, жил орох, суудал өнцөгдөх зэрэг зурхайн үзүүлэлт, гарагийн нөлөөлөл, улирлын шилжилтээс эхлээд төрсөн жил, сар хүртэл амиа хорлолтод нөлөөлж болзошгүй хүчин зүйлс болохыг Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Оюунсүрэн судалсан байна.
Амиа хорлолтын 24 жилийн тохиолдлыг судлахад:
Зааг сарууд, улирал шилжиж байгаа үе нь хүний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, тогтворгүй байдлыг өдөөж болохуйц үр дүн гарсан байна.
Дээр дурдсан хүчин зүйлсээс гадна хувь хүний төрсөн жил, сар, өдөр хүртэл хамааралтай байсныг танилцуулав. Тодруулбал өвлийн сүүл сарууд, хаврын саруудад төрсөн хүмүүс эрсдэлд өртөх магадлалтай байсан нь судалгаанаас ажиглагджээ.
"Амиа хорлох үзэгдлийн тархалт, нөлөөлөх хүчин зүйлсийн асуудал" сэдэвт судалгааны үр дүнгийн талаар АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн ахлах багш, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Оюунсүрэнтэй ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.
-Хамгийн анх 1880-аад онд Италийн эрдэмтэн Энрико Морзелл амиа хорлолтыг цаг уурын үзэгдэлтэй холбон судалж байжээ. Нарлаг өдрүүдээс илүү бүрхэг бүүдгэр орчин нөхцөлд амиа хорлолт их бүртгэгдэх байх гэсэн бүдүүн тойм ойлголт байдаг. Тэгвэл таны судалгааны үр дүн арай өөр өнцгөөс тайлбарлагдахаар байна. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-Түүвэр судалгаагаа 1991-2014 оныг хүртэлх Улаанбаатар хотын хүн амын дунд бүртгэгдэж мэдээлэгдсэн амиа хорлож нас барсан тохиолдлыг хамруулж хийсэн. Энэ хугацаанд нийслэлийн хүн амын нягтаршил, цаг уурын өөрчлөлт, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт зэргээр аль болох олон талаас нь судлахыг зорьсон.
Зөвхөн бүүдгэр тэнгэр гэлтгүй нартай өдрүүдэд ч амиа хорлох тохиолдлууд гардаг. Гэхдээ цаг уурын нөлөөлөл дотроос агаарын хэмийн өөрчлөлт, чийгшил, даралт зэргээр олон талаас нь судалсан.
-Манай орны хувьд цаг уур тэр дундаа агаарын хэмийн ямар нөхцөлд амиа хорлолтын эрсдэл өндөр байсан бэ?
-Өвлийн саруудад: Агаарын дундаж хэм ихсэх нь амиа хорлох үзэгдэлд хүчтэй, мөн агаарын дундаж чийгшил буурах нь хүчтэй, агаарын дундаж даралтын бууралт дунд зэргийн нөлөөтэй байсан.
Зуны саруудад: Агаарын дундаж хэмийн бууралт нь хүчтэй нөлөөтэй байсан. Мөн агаарын даралт ихсэх нь амиа хорлоход хүчтэй нөлөөг үзүүлсэн гэх үндэслэлтэй байв.
Хаврын саруудад: Агаарын чийгшил ихсэх нь амиа хорлолтод дунд зэргийн нөлөөтэй байсан.
Үүнээс үзэхэд Улаанбаатар төдийгүй Монгол Улсын хэмжээнд дулаарч хуурайших хандлага ажиглагдаж байгаа. Энэ нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай улсын нийт хүн амын бараг тэн хагас нь нийслэлд суурьших болсноор үүссэн бичил уур амьсгалын “дулаан арлын үзэгдэл”-тэй холбоотой байж болзошгүй гэж бид таамаглаж байгаа.
-Таны судалгаанд хүйтний улиралд амиа хорлолтын түвшин хэр байсан бэ?
-Бүрхэг бүүдгэр үе гэхээс илүү улирал шилжих цаг үед анхаарал татахуйц үр дүн ажиглагдсан.
Амьтад ичээндээ орох, ичээнээс гарах үе гэж монголчууд ярьдаг.
Улирлын шилжилт нь хүний сэтгэл зүйд маш донсолгоотой үеийг авчирдаг. Энэ нь уураг тархины мэдрэлийн эсийн дасан зохицох чадвар, хүний сэтгэл зүйн дасан зохицох чадваруудтай нягт холбоотой гэх сүүлийн үеийн судалгаанууд бий. Энэ талаасаа тайлбарлавал илүү оновчтой байх.
-Хавар, намрын улирал хүний сэтгэл зүйд нөлөөлдөг гэх яриа ч бий. Энэ нь шилжилтийн үеийн сэтгэл зүйн дасан зохицож чадахгүй байгаа шинж тэмдэг гэсэн үг үү?
-Нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй. Сэтгэцийн ихэнх эмгэг амьдралын туршид архаг удаан явцтайгаар үргэлжлэх боломжтой. Нийгэм болон байгаль орчны янз бүрийн түвшний өөрчлөлтүүдэд хурдан дасан зохицох чадвартай, уян хатан байх нь сэтгэцийн эрүүл мэндийн эсэн мэнд байдалд маш чухал нөлөөтэй юм.
Нөгөө талаар тухайн улирлын нөхцөлөөс илүүтэй зааг саруудад төрсөн хүмүүсийн сэтгэл зүйд амиа хорлох үзэгдэл нь илүү нөлөөтэй байх судалгаанууд бий. Энэ хүчин зүйл тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.
Би өөрөө сэтгэцийн эмгэг судлаач эмч хэдий ч мэргэшсэн салбар маань сэтгэл зүйн зөвлөгөө заслын чиглэл. Сэтгэл зүйн зөвлөгөө заслын үйлчилгээ авч, сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж буй хүмүүсийг ажиглахад дасан зохицох чадвар багаасаа сул хөгжсөн байх нь ажиглагдсан.
Аливаад дасан зохицох чадвар сул хөгжих нь сэтгэцийн өвчнөөр өвдөх, сэтгэцийн өөрчлөлтөд мэдрэг байхад асар их нөлөөтэй.
Өвлийн цаг уурт Улаанбаатар хотод агаарын бохирдол их байгааг түрүүн дурдсан. Гэхдээ яг агаарын бохирдлоос илүүтэйгээр орчны хувьсан өөрчлөгдөж байгаа тэр хувьсалд аль болохоор хурдан дасан зохицох чадвар нь аль ч улиралд илүү чухал. Түүнээс биш заавал зун, өвөл гэлтгүй.
Аль ч улиралд, ямар ч нөхцөлд дасан зохицох чадвараа сайн хөгжүүлж чадаагүй хүмүүст эрсдэл хэдийд ч байгаа гэсэн үг.
Орчны өөрчлөлтийг зөвхөн цаг уур гэж ойлгож болохгүй. Нийгмийн өөрчлөлт ялангуяа стресстэй орчин нь цаг уурын аль ч нөхцөлд эрсдэлийг нэмэгдүүлэхэд хүч нэмж байгаа.
-Түүнчлэн амиа хорлолтод гарагийн нөлөөлөл хэр хамааралтай байсан бэ?
- Төрсөн гарагийн нөлөөлөл, эсвэл амиа хорлож нас барсан өдөр, гарагийн нөлөөлөл гэдэг зүйлийг тодруулж үзэхэд долоо хоногийн дунд буюу Лхагва гараг хамгийн өндөр эрсдэлтэй байсан.
-Яагаад Лхагва гарагт эрсдэл өндөр байсныг тайлбарлавал.
-Монголчуудын ажлын идэвхтэй өдөр нь Лхагва гараг байдаг юм байна.
Ний нуугүй хэлэхэд, сүүлийн 20-30-аад жилд Монголын ажил хийж байгаа хүн амын дунд нэг хэвшсэн ойлголт бий болсон. Энэ нь Баасан ахын төрсөн өдөр буюу Баасан гарагт наргиан цэнгээн их болдог. Улмаар өдрөө дамнаад амралтын Бямба гарагт дуусдаг тохиолдлууд бий.
Ингээд бүтэнсайн өдөрт нь хагас дутуу амарсан болоод ажилдаа ордог.
Даваа гарагт ажил эхлэхэд сэтгэл санаа хэвийн байдалдаа орж чадаагүй яваад Лхагва гарагт болж өнгөрсөн зүйлсээ илүү анхааран шүүн тунгааж эхэлдэг бололтой. Яг тэр үед өмнөх өдрүүдэд өрнөсөн сэтгэл зүйн асуудлуудтайгаа нүүр тулдаг юм болов уу гэж таамаглаж байсан. Гэхдээ энэ бол зөвхөн ТААМАГ.
Монголд хийсэн судалгаанаас гадна ОХУ-д хийгдсэн судалгаа, Ази, Номхон далайн баруун эргийн бүсэд хийгдсэн судалгаа болон зарим нэг Европын оронд хийгдсэн судалгаануудад ч долоо хоногийн дунд үе эрсдэл өндөр бүхий байдгийг харуулсан үр дүн мэдээлэгдсэн байдаг.
-Одоогоос дөрвөн жилийн өмнө тархи судлаачтай ярилцаж байхад "Улсын хэмжээний судалгаагаар Улаанбаатар хотод стрессийн түвшин хамгийн өндөр гарсан. Тэр дундаа нийслэлийн гэр хороололд амьдарч буй дундаж насны эмэгтэйчүүд хамгийн их стресстэй байна" гэсэн үр дүн гарсныг дурдсан байдаг. Стресс депресстэй байгаа тэр хэсэгт амиа хорлолт их байх магадлалтай юу?
-Амиа хорлож нас барж байгаа тохиолдлууд эсвэл амиа хорлох оролдлого хийж байгаа хүмүүс сэтгэл зүйн асуудалтай, сэтгэцийн өвчтэй байж таараа гэж ойлгодог. Үүнийг шууд үгүйсгэхгүй ч ялгаатай ойлгох хэрэгтэй.
Аль ч улсад хийгдсэн янз бүрийн түүвэр судалгааны үр дүнгээс харахад нийт түүврийн багахан хувь нь сэтгэцийн эмгэгтэй болох нь батлагдсан тохиолдол байсан.
Жишээлбэл бидний судалгааны нийт түүвэр 4,198 тохиолдлын 40 орчим тохиолдол буюу нэг хувь орчим нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг буюу СЭМҮТ-д хэвтэж эмчлүүлдэг тохиолдол байсан.
Сэтгэл зүйн хувьд хямрах, стресстэх үзэгдэл ямар ч хүнд тохиолдоно. Ахуйн шинж чанартай зэргээр янз бүрийн л шалтгаан байж болно. Яг хямарч байх тухайн мөчдөө “Миний хувьд үүнээс өөр гарц байхгүй” гэж бодогдсон үедээ амиа хорлох шийдвэрийг гаргаж байх шиг байгаа юм.
Түүнээс биш заавал сэтгэцийн хувьд өвчтэй хүн л амиа хорлодог, сэтгэл гутарсан хүн л амиа хорлодог гэж ойлгох нь өрөөсгөл.
Сэтгэл хямрах үзэгдэл хэнд ч тохиолдоно. Тэр үедээ сэтгэл хөдлөлөө зүй зохистой удирдаж чадсан хүмүүс хямралыг эерэг байдлаар даван туулж чадна. Тэгж чадаагүй хүмүүс харамсалтай нь сөрөг арга хэмжээг авч байна.
-Улирлын зааг саруудад төрсөн хүмүүс мөн анхаарах шаардлагатай гэсэн яриа ч дээр дурдагдлаа. Таны түүвэр судалгааны явцад улирлын зааг дээр төрсөн хүмүүс амиа хорлосон тохиолдлууд их байсан гэсэн үг үү. Яагаад зааг саруудад төрсөн хүнд нөлөөлж байгаа юм бол.
-Улирал шилжих зааг саруудад цаг уурын огцом өөрчлөлтөд хурдан дасан зохицох чадвар алдагдаж байна.
Энэ нь уламжлалт анагаах ухааны талаасаа илүү бодитой тайлбартай.
Гэхдээ бидний судалгаанд регистр нь тодорхой буюу зурхайн төрсөн жилийг нь тодорхойлох боломжтой таван жилд бүртгэгдсэн тохиолдлуудыг хамруулан шинжилсэн үр дүнгээс дүгнэж мэдээлж байгаа юм.
Регистр нь тодорхой байсан таван жилийн үзүүлэлтийг л харж байгаа. Гэтэл 24 жилийн үзүүлэлтийг судалчхаад зөвхөн таван жилийн үзүүлэлттэй харьцуулаад их бага гэж хэлж болохгүй л дээ. Эрсдэл байж болзошгүй гэдгийг тогтоосон уу, тогтоосон. Гэхдээ олон жилийн датанд суурилж судлах шаардлагатай л гэсэн үг.
Зурхайн талаас нарийвчлалтай үр дүн гаргая гэвэл төрсөн цагийн зурхай, өдрийн зурхайн зурлага хэрэгтэй. Гэтэл манайхан зурхайн аль жилд төрснөө л хагас дутуу мэддэг. Судалгаанд хамруулсан хүрээнд төрсөн цаг, сар, өдрийн нарийн мэдээллийг гаргах боломжгүй байсан
-Зурхайн үзүүлэлтүүдийг дурдаж болох уу?
-Бид амиа хорлосон тохиолдлын төрсөн болон амиа хорлосон жилийн махбод, жил орох (хүү жил, нөхөр жил, дайсан жил, эх жил), "өөрийн тотгортой жил", мэнгэ, харш, “логар” жил, “гүймэг” болон “ясан нүд гүймэг” тохиосон эсэхийн хамаарал, эдгээр үзүүлэлт нь амиа хорлох эрсдэлд хэрхэн нөлөөлөх зэргийг тодорхойлон судалсан.
Эдгээр үзүүлэлт бүгд эрсдэлийг нэмэгдүүлсэн байгаа юм.
Монголчуудын ойлгодгоор 25-ны, 37-ны, 49-ний жил болон мэнгэ голлох жилүүд 18 нас, 27 нас буюу есөд хуваагдах нас, суудал өнцөгдсөн тэр жил нь таарч байгаа насанд бусад жилтэй харьцуулахад амиа хорлох эрсдэл нэлээд өндөр байгаа юм. Гэхдээ энэ нь учир дутагдалтай дүгнэлт.
Зурхайн үзүүлэлтийг нарийвчилж харъя гэвэл таван махбод, 12 жилээр буюу жарны дата байвал нэлээд бодитой үр дүн гарна. Гэтэл бид регистрийн дугаар тодорхой байсан буюу зурхайн төрсөн жилийг нь тодорхойлох боломжтой таван жилд бүртгэгдсэн тохиолдлуудыг бүдүүн тоймоор судалсан.
-Монголчууд жил орж, гарах үедээ анхаарах ёстой гэдэг. Тэгэхээр энэ үндэслэлгүй яриа биш гэдгийг шинжлэх ухаанчаар тогтоох боломж байна гэсэн үг үү?
-Анагаахын шинжлэх ухааныг зурхайн зурлагатай холбож хийсэн анхдагч судалгаа минийх байсан.
"Уламжлалт анагаах ухаан, тэр дундаа гараг эрхсийн орчил хөдөлгөөн, учрал тохиолыг шууд шинжлэх ухаанч бус, утгагүй зүйл гэж эсэргүүцэхээсээ илүүтэй барьж судлах нь зүйтэй. Бидний шинжлэх ухааны нотолгоо гэж үздэг аргачлалуудаар судалгаа хийгээд аль нь үнэн, худал болохыг нотлох боломж байгаа гэдгийг л харуулж байгаа. Үүнийг шууд эсэргүүцэхээс илүүтэй олон талаас нь судлаад шинжлэх ухааны судалгааны нэг чиглэл гэж харвал илүү дээр юм байна” гэж Академич, Эмзүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар багш миний докторын хамгаалалтын үеэр хэлж байсан. Би тэр үгтэй санал нэг байгаа.
-Магадгүй энэ ярилцлагын уншиж байгаа уншигчид ч “Зурхай шинжлэх ухаан биш шүү дээ” гэдэг байдлаар няцааж болох юм, тийм үү?
-Тийм ээ. Тийм болохоор бид шинжлэх ухаан мөн үү, биш үү гэдгийг судлах ёстой.
Тодруулаад ганц жишээ хэлье. Судалгааныхаа явцад нийгэм, эдийн засгийн 10 үзүүлэлт, цаг уурын долоон үзүүлэлт, зурхайн есөн үзүүлэлтийг амиа хорлолтод хэр нөлөөтэй байгаад тооцоолол хийсэн. Ингэхэд нийгэм, эдийн засгийн сонгож авсан үзүүлэлтүүдийн хоёр нь буюу ажилгүй, хөдөлмөрийн насны залуу эрчүүд амиа хорлох эрсдэл нь өндөр байна.
Орчны нөлөөллийг нь түрүүн хэлсэнчлэн зуны улирлын агаарын хэмийн бууралт буюу хүйтэн зуны өдөр, даралт ихтэй, чийгшил багатай байдал зэрэг нь эрсдэлд нөлөөтэй байсан.
Гэтэл зурхайн сонгож авсан есөн үзүүлэлт бүгд статистик ач холбогдол бүхий нөлөөтэй байх боломжтой үр дүн тодорхойлогдсон. Тиймээс зурхайг үгүйсгэж, эсэргүүцэхээсээ өмнө олон талаас нь судалж үзчихээд “энэ хүлээн зөвшөөрөх үр дүн мөн” эсвэл “хүлээн зөвшөөрөхгүй" гэдгийг гаргаж ирэх ёстой.
-Амиа хорлолт эрчүүдийн дунд их байна гэдэг. Энэ үндэслэлтэй юу?
-Харамсалтай нь эрчүүдийн дунд амиа хорлолт өндөр байгаа. Манай улс амиа хорлолтын чиглэлээр үндэсний болон нийслэлийн хэмжээний хоёр том судалгааг хийсэн байдаг.
Эдгээр судалгааны үр дүнд нийт тохиолдлын 85 ба түүнээс дээш хувь нь эрчүүд байсан. Амиа хорлож нас барах эрсдэл эрчүүдэд илүү өндөр байгаа. Үүнийг олон талаас нь тайлбарлах боломжтой.
Нийгэм, эдийн засгийн шилжилттэй ороо бусгаа энэ цагт эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүдийн дасан зохицох чадвар харьцангуй сул байж болзошгүй гэдэг талаас нь тайлбарладаг. Дээр нь эрчүүдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд хөвгүүд байхаас нь анхаарах хэрэгтэй.
Эрчүүд нялцганаж болохгүй гэдэг ойлголтыг багаас нь өгдөг.
“Эр хүн нялцганаж болохгүй байна”, “Уйлж болохгүй юм байна"...
Уйлах гэдэг чинь сэтгэлийн хямралтай байгаагаа илэрхийлэх нэг л арга шүү дээ. Багаас нь “чи сэтгэлийн хямралаа бараг илэрхийлж болохгүй” гэдгийг заадаг. Ийм хандлага хүний насан туршид өөрийн сэтгэл зүйн асуудал, мэдрэмтгий байдлаа илэрхийлэхэд нөлөөлдөг.
-Амиа хорлосон тохиолдлуудыг насны хувьд ангилж үзвэл.
-Хөдөлмөрийн насныхан нь илүү. Хамгийн багадаа долоон настай, хамгийн дээд тал 80 орчим настай хүн байсан.
-Дасан зохицох чадвараа сайжруулж, сэтгэл зүйгээ тогтвортой байлгахад яаж анхаарах вэ?
-Дуртай зүйлс тань нөлөөлж болно.
Дуртай зүйлээ хийсэн тэр сэтгэл ханамж нь өөрийнх нь сэтгэлийн өөдрөг эерэг байдлыг тогтвортой хадгалахад маш сайн нөлөөлдөг.
Дуртай зүйлдээ хүн нойргүй нэг өдрийг ч гэсэн өнгөрөөчихдөг.
Гэхдээ дуртай зүйл гэдэг чинь хэр эерэг зүйл вэ гэдгээс их юм хамаарна. Хүн бүхэн стрессээ тайлах өөр өөрийн онцлог аргуудтай. Тэр нь сөрөг үр дагаварт илүү аваачдаг уу, эерэг үр дагаварт хүргэдэг үү гэдгээс хамаарч эерэг, сөрөг арга болно.
Эерэг нөлөөлөлтэй байснаараа дуртай зүйл болно. Түүнээс биш "би уух дуртай" гээд архи ууснаараа стрессээ тайлдаг уу гэвэл, нэг талдаа өөрийнхөөрөө тайлж л байгаа байх. Гэвч сөрөг нөлөөлөл, үр дагаврыг авчирдаг учраас анхаарах асуудал.
Таны сонирхож хийж байгаа дуртай зүйл чинь танд эерэг нөлөөлөлтэй байдаг уу, эерэг үр дүнтэй юу гэж бодох хэрэгтэй.
"Би машин барих дуртай" гээд хурдтай машин бариад явбал өөр нэг эрсдэл гарна шүү дээ. Иймд дуртай зүйл гэдэгт эцсийн үр дүн нь эерэг зүйлд хүрэх, тогтвортой эерэг байдлыг бий болгоход хэр нөлөөтэй гэдгээс хамаарна.
-Та түүвэр судалгаагаа хийхдээ 24 жилийн датанд анализ дүн шинжилгээ хийж, нэлээд хугацаа зарцуулжээ. Судалгаа хийснийхээ дараа чухам юунд анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг харж байсан бэ?
-Амиа хорлолтыг бууруулахын тулд урьдчилан сэргийлэхэд анхаарах ёстой. Энэ нь дан ганц эрүүл мэндийн байгууллага, дан ганц судлаачийн хийчихдэг зүйл биш. Энэ бол нийгмийг хамарсан бодлогын хэмжээний том асуудал.
Би нэг харамсалтай жишээ хэлье. 2018 оны долоодугаар сард ЭМЯ энэ асуудлыг бууруулах чиглэлд Засгийн газрын түвшинд тогтоол гаргаж, шийдвэр гаргах түвшинд асуудлыг хүргэмээр байна гэдэг хүсэлт тавьсан.
Бид сар гаруйн хугацаанд журам, тогтоолын төсөл боловсруулаад хүлээлгэж өгсөн. Гэвч тухайн оны есдүгээр сараас эхлэн долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна гэсээр өнөөдрийг хүрлээ. Найман жилийн нүүрийг үзэж байна.
Сүүлд дээрх журам тогтоолын төслөө шинэчлээд 2024 оны арваннэгдүгээр сард УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хүртэл амиа хорлолтын сэдвээр ярилцлага өрнүүлсэн.
Бараг дараа долоо хоногоор УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн ч одоог хүртэл байхгүй.
Бид нар хэчнээн судлаад нотолгоонд суурилсан мэдээллийг нь гаргаж өгөөд сэжүүрийг нь гаргаад өгч байгаа ч шийдвэр гаргаж, бодлого боловсруулах түвшинд иймэрхүү л хандаж байна.
Дараагийн түвшинд залуу хүн ам, ялангуяа хүүхдийн амиа хорлолтын судалгааг заавал анхаарч хийх ёстой юм байна. Нэлээд цаг хугацаа өнгөрч одоо манай тэнхимийн докторант СЭМҮТ-ийн Чанарын албаны мэргэжилтэн Л.Эрдэнэсувд энэ чиглэлээр судалгаа хийж байгаа. Хүүхэд залуус яагаад энэ үзэгдэлд их хамрагдаад байгаа вэ гэдэгт шинжлэх ухааны үндэслэлтэй хариултыг өгөх болов уу.
Жил бүрийн есдүгээр сарын 10-нд амиа хорлолтоос сэргийлэх дэлхийн өдөр болдог. Жил бүрийн аравдугаар сарын 10-нд сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах дэлхийн өдөр тохиодог. Энэ хоёр өдрөөр жил болгон л би ярилцлага өгдөг.
Хамгийн эргэлзээтэй, хамгийн аюултай байдлаар нь мэдээлдэг.
Энэ нь сэтгэл зүйн хувьд тогтворжоогүй, бие хүний хувьд төлөвшөөгүй залуу хүүхдүүдэд хамгийн хүнд тусдаг юм шүү.
-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!