Индэр    
2022 оны 8 сарын 30
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Т.Энхнаран: Хурхирах нь хүний ажлын бүтээмж төдийгүй эрүүл мэндэд шууд нөлөөлдөг

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгээс Монгол хүн амын дундах стрессийн түвшинг үнэлэх судалгаа хийжээ. Судалгаагаар хүний амьдарч буй орчин нөхцөл стресст өртөх магадлалыг нэмэгдүүлэх хандлагатай байгаа гэсэн эхний үр дүн гарсан байна. 

Энэ талаар ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн Эмнэлзүйн нейросайнсын салбарын эрхлэгч Т.Энхнарантай ярилцлаа. 



-Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгээс багажийн шинжилгээний аргаар монголчуудын стрессийн түвшинд судалгаа хийсэн байна. Тодруулбал, Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа дундаж насны эмэгтэйчүүд хамгийн их стресстэй байна гэдгийг судалгааны үр дүн илтгэж байсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье? 

-Стрессийн түвшинг үнэлэх хүн ам зүйн судалгааг АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэнгээс анх 2020 онд эхлүүлж байсан. Энэхүү судалгааг 18-аас дээш буюу насанд хүрсэн иргэдийн дунд явуулсан бөгөөд хамгийн дээд тал нь 73 настай хүн манай судалгаанд хамрагдсан байна. Нийслэлийн Налайх, Багануурыг оруулан нийт найман дүүрэг болон орон нутгийн иргэдийг жигд хамруулсан. Монгол орны баруун бүс, хангайн бүс, төвийн бүс, зүүн бүс тус бүрээс хоёр аймаг буюу нийт найман аймгийн хэмжээнд судалгаа явууллаа. Үүнд сумын иргэдийг ч тэгш хамруулахыг зорьсон. Хүн ам зүйн олон төрлийн асуулгаас анхаарал татахуйц үр дүн бол гэр хороололд амьдарч буй иргэдийн стрессийн түвшин орон сууцанд амьдарч байгаа иргэдийнхтэй харьцуулахад харилцан адилгүй байлаа. Төвлөрсөн халаалт, усны шугамтай орон сууцанд амьдрах бололцоогоор хангагдаагүй гэр хороололд иргэдийн стрессийн түвшин илүү өндөр гарсан. Бидний судалгаа анх удаа багажийн шинжилгээний аргыг ашиглаж хийсэн гэдгээрээ онцлог юм.

зураг
 
Стресст өртөх үед бидний бие махбод, мэдрэлийн тогтолцооноос хариу урвал үзүүлж байдаг. Тухайлбал, хүүхэн хараа өргөсөх, зүрх хурдан цохилох, амьсгал түргэсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Эдгээр хариу урвалыг зүрхний хэмийн хэлбэлзлийг үнэлэх багажийн тусламжтай үнэлж, дүн шинжилгээ хийх боломжтой.

-Зүрхний хэмийн хэлбэлзэл нь тухайн хүний стрессийн түвшинг илэрхийлэх чухал хэмжүүр болдог гэсэн үг үү?

-Стрессийг асуумж болон эмчийн үзлэгээр оношилдог ерөнхий арга бий. Үүнээс гадна багажийн шинжилгээгээр тодорхойлж болдог. Хүний ургал мэдрэл нь симпатик болон парасимпатик хоёр тогтолцоотой. Сэтгэл санаа тайван амгалан байх үед эсвэл хоол идсэний дараа парасимпатик тогтолцоо илүү идэвхэждэг. Харин эсрэгээрээ бие махбодын ачаалалтай, сэтгэлзүй тогтворгүй, гэнэтийн асуудал тулгарахад симпатик тогтолцоо идэвхжиж байдаг. Энэ хоёр тогтолцооны тэнцвэрт байдлыг зүрхний хэмийн хэлбэлзлийг үнэлэх багажийн тусламжтайгаар стрессийн түвшинд дүн шинжилгээ хийдэг. Энэ аргаар хүний сэтгэл санаа, бие махбодын ядаргааг ч тодорхойлох боломжтой.

"УЛСЫН ХЭМЖЭЭНД СУДАЛГАА ХИЙХЭД УЛААНБААТАР ХОТОД СТРЕССИЙН ТҮВШИН ХАМГИЙН ӨНДӨР ГАРСАН"

-Орон нутгийн иргэдийн стрессийг хотын иргэдийнхтэй харьцуулахад ямар үр дүн ажиглагдсан бэ?

-Улаанбаатар хотод стресс давамгай байгаа бол орон нутагт харьцангуй бага байна.

-Гэр хороололд амьдарч буй иргэдийн стрессийн түвшинг орон сууцанд амьдарч байгаа иргэдийнхтэй харьцуулан судалсан талаар Та яриандаа дурдсан. Амьдарч буй орчин нөхцөлөөс шалтгаалж хүний сэтгэл санаанд ямар өөрчлөлт илэрч байна вэ?

-Улаанбаатар хотоос судалгаанд хамрагдсан иргэдийн 48.4 хувь нь орон сууцанд, үлдсэн хувь нь гэр хороололд амьдарч байсан. Энэ хоёрыг харьцуулахад гэр хорооллын иргэдийн стрессийн түвшин илүү өндөр хувьтай байгаа юм.

Иргэдийн стрессийн түвшин хаана амьдарч байгаагаас нь шууд хамааралтай байна гэсэн үг.

Бид стресст үнэлгээ өгөхдөө багажийн шинжилгээгээр гарсан 10-аад үзүүлэлтийг ашиглан, дүгнэлт хийсэн. Нийслэлийн гэр хороололд амьдарч буй дундаж насны эмэгтэйчүүд хамгийн их стресстэй байна гэсэн үр дүн гарсан. Судалгаанд оролцогчдын нас болон амьдрах орчин нөхцөл стресстэй хүчтэй хамааралтай байна. Ялангуяа, 40-өөс дээш насныхны стресст өртөх магадлалыг бусад бүлгүүдтэйгээ харьцуулахад өндөр байгаа юм.

Эхлээд стрессийг асуумжаар үнэлэхэд, иргэдийн 34.3 хувь нь өөрийгөө стресстэй хэмээн тодорхойлсон. Асуумжаар тухайн судалгаанд оролцсон хүн өөрөө өөрийгөө хэрхэн үнэлж байгааг харуулсан. Үүний дараа сэтгэцийн эмчийн ярилцлагад тулгуурлан стрессийг нь дүгнэсэн. Олон улсын өвчний аравдугаар ангилалд стресс ба түүнтэй холбоотой эмгэгүүдэд архаг ядаргаа, сэтгэл гутрал, түгшилт гэх мэт эмгэгүүдийг багтаан F4 гэж кодлон оношилдог. Сэтгэцийн эмчийн ярилцлагаас харахад хүн амын 28.6 хувь нь стресс болон түүнтэй холбоотой ямар нэгэн эмгэгтэй хэмээх дүгнэлт гарсан.Үүнээс харахад стрессийн түвшин өндөр байна. Гуравдугаарт эмчийн ярилцлагаар стресстэй хэмээн оношлогдсон хүмүүсийн симпатик мэдрэлийн тогтолцоог илэрхийлэх үзүүлэлтүүд өндөр гарсан. Асуумж, эмчийн ярилцлага, багажийн шинжилгээний үзүүлэлтийн үр дүн хоорондоо маш хүчтэй хамааралтай байгаа юм.

Стрессийг зөвхөн оюун бодол, тархитай холбоотой мэт ойлгох нь бий. Гэтэл стресс нь бидний бүх эд эрхтэнд давхар нөлөөлж байдаг. Тархинаас гадна биеийг давхар сульдуулдаг бөгөөд цаашдын хор уршиг маш их хэмээн үздэг. Нойрны чанараас эхлээд амьдралын чанар буурах, олон төрлийн биеийн зовууриуд нь бусад эрхтэн тогтолцооны эмгэгт шилжих гэх мэт уршигтай.

Хүний эрүүл мэндийг үнэлэх хамгийн эхний үндсэн шалгуур бол нойрны чанар, амьдралын чанарын үнэлгээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Нойрны чанар алдагдах нь бидний сэтгэл зүйд эргээд хэрхэн нөлөөлдөг юм бол. Энэ төрлийн судалгааг хийсэн үү?

- Нойрны эмгэг нь мэдрэл, сэтгэц болон бусад салбарынханд ч түгээмэл тохиолддог. Нойргүйдэл, хэт нойрсолт, нойрон дундаа явах, нойронд амьсгал тасалдах зэрэг маш олон эмгэг байдаг.

Иргэдийн нойрны чанар нэлээд муу гарсан. Судалгаанд 1,200 гаруй хүн оролцсон бөгөөд тэдний 50 орчим хувь нь нойрны чанар муутай байна. Нойрны чанар муудах нь стрессийн түвшинд хүчтэй нөлөөлдөг. Сэтгэцийн гаралтай нойрны эмгэг нь 28 орчим хувьтай байсан. 

Одоогоор манай хүрээлэн нойрны чанарыг үнэлэх судалгааг хийж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар дүгнэн хэлэхэд 52 залуусыг судалгаанд хамруулсны 28 оюутан, 24 оюутан биш залуус оролцсон. Өөрөөр хэлбэл, 28 оюутныг 40 хүртэлх насны бусад залуустай харьцуулан судална гэсэн үг. Бид асуумжийн судалгааны арга болон нойрны олон үйлдэлт бичлэгийг хавсарч хэрэглэсэн. Нойрны чанарыг үнэлэх PSQI асуумжаар 5-аас дээш оноо авсан бол нойрны чанар муутай гэж үздэг. Гэтэл судалгаанд оролцсон 52 залуусын нойрны чанар улаан зураасыг аль хэдийн давсан.

Залуучуудаас илүү оюутнууд нойрны чанар муутай байна. Оюутнуудын дундаж оноо нь 11 байгаа бол залуусын дундаж оноо 9.1 гарсан. 

Гэхдээ залуусын дунд чанартай нойртой байгаа хүн оюутны бүлэгтэй харьцуулахад илүү байна. Гэтэл оюутнуудын дундаж нь 11 оноо... Нойрны асуумжийн нийт оноо нь стрессийг үнэлэх асуумжийн оноотой хамааралтай. Стрессийг үнэлдэг оноо нь нэмэгдэх тусам нойрны чанар муутай гарч байна. Нойрны чанарын дээрх үзүүлэлт өндөр байх тусам амьдралын чанарын оноо буурна гэсэн үг. Эдгээр нь хоорондоо эерэг болон урвуу харьцаа хамааралтай гарсан. 

Манай нойр судлалын лабораторийг түшиглэн нойронд амьсгал тасалдах эмгэгийн судалгааг мэдрэл судлал болон дотоод шүүрэл судлалын багийнхан хийж байгаа.

-Тэгэхээр нойрны чанарын алдагдалтай хүмүүсийн стрессийн түвшин нэмэгддэг байх нь. Нойр нь амьдралын чанар, ажлын бүтээмжтэй салшгүй холбоотой болов уу?

-Тийм ээ. Хүний эрүүл мэндийг хамгийн хялбараар үнэлэх шалгуур бол нойр. Өглөө бие амраагүй мэдрэмжтэй сэрэх, хэдэн цаг хөрвөөгөөд унтаж чаддаггүй байх эсвэл хэт унтамхай болох зэрэг олон шинж тэмдгээр илэрнэ. Нойрны хэмнэл алдагдвал эргээд бидний ажлын бүтээмж, амьдралын чанар тэр хэмжээгээр буурна.  

"Хурхирах үед хүчил төрөгч байж боломгүй хэмжээнд хүртэл буурдаг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Стресс ба түүнтэй холбоотой бусад судалгааг Та бүхэн хийж байгаа гэсэн. Үүний зарим үр дүнгээс танилцуулбал? 

-Тийм ээ. Мон-ТаймЛайн нэртэй салбар дундын эмнэлзүйн судалгааг тархи судлал, дотоод шүүрэл, мэдрэл, сэтгэц, чих хамар хоолой, нүүр амны гажиг засал, өрхийн анагаах ухаан, сэтгэл судлал зэрэг олон салбарын судлаачид хамтарч хийж байна. Манай бусад багаас гарсан үр дүн цөөнгүй бий. Нойронд амьсгал тасалдаж хурхирах нь хүний биед чухам ямар нөлөөтэй юм бэ...Зарим хүмүүс өнөөдөр хурхираад сайхан амарлаа ч гэж ярьдаг. Бүр их хурхираад амьсгал нь тасалддаг хүнтэй ч хүн бүр л таарч байх. Чангаар хурхираад, гэнэт таг болоод юу болов гэж сандармаар болдог үе бий. Ингэж хурхирснаа тухайн хүн өөрөө тэр болгон мэддэггүй.

Хурхирдаг зовуурьтай гээд эмчлүүлж, түүндээ анхаарал тавиад байдаггүй. Гэр бүлийнхэн нь ч хурхирдагтай нь дасан зохицсон байдаг. Гэтэл тухайн хүний өдрийн ажлын бүтээмжид хурхиралт нь муугаар нөлөөлдөг байх нь.

Нойрон дундаа хүчил төрөгч нь байж боломгүй хэмжээнд хүртэл буурдаг. Энэ нь урт хугацаанд даамжирвал хүний танин мэдэхүй, сэтгэн бодох чадварт ч сөрөг нөлөө үзүүлдэг. Хүчил төрөгчийг сайн авч чадахгүй байгаа учраас эргээд судасны асуудал үүсэж, ой ухаанд нөлөөлөн танин мэдэхүй буурах, ядрах шинжүүд архаг байдлаар илэрнэ. 

-Салбар дундын зарим судалгаа болгоны үр дүнг товч дурдахгүй юу?

-Шүдний тоо хүртэл хүний танин мэдэхүйн чадвартай холбоотой байна. Өөрөөр хэлбэл, шүд нь бүрэн биш байх тохиолдолд танин мэдэхүйд асар их нөлөөтэй гэдэг нь судалгаанаас харагдаж байгаа юм.

Мөн нүүр амны төрх, зөв амьсгалах зэргээс эхлүүлээд хүний сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөлж, тулгамдсан асуудлыг үүсгэдэг талаар судалсан үр дүн байна. Нүүр, амны гажиггүй байх нь хүн зөв төрхтэй харагдах, зөв амьсгалахаас эхлээд олон функц, үүрэгтэй. Энэ нь алдагдвал сэтгэл зүйн асуудалтай байх эрсдэлтэй юм байна гэдгийг судалгаагаар илрүүлсэн. Гадаад төрх тэр дундаа эрүү нүүрний асуудалтай байх нь амьсгалын тогтолцоо өөрчлөгдөхөд давхар нөлөөлж байдаг. Эрүү нүүрний гажиг нь амьсгалын тогтолцоог ямар нэгэн байдлаар өөрчлөлттэй болгодог. Үүнээс үүдэн нойронд амьсгал тасалдах эмгэг үүсэх эрсдэлтэй талаарх судалгаа манай дээр хийгдэж байгаа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.