Индэр    
2025 оны 3 сарын 27
Зураг
iKon.mn Сэтгүүлч

ЦУВРАЛ 1: "Тарган эрчүүд ЭМШИХ шинжтэй болдог. Өөхний эс эрчүүдийн тестостерон дааврыг дарангуйлдаг гэсэн үг"

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүх өвчний суурь шалтгаан бол ТАРГАЛАЛТ...

Олон жил үргэлжилсэн амьдралын буруу хэв маяг, дадал зуршилдаа цензуртай хандаагүй мөртлөө "Өнөөдөр яагаад би гэнэт өвдчихөв" гэдэгт гайхах хэрэггүйг Анагаах ухааны доктор, хавдрын эмч Ч.Энхболд хэллээ. 

Монголчуудын дунд нэгэнт хэвшиж тогтсон наад захын замбараагүй хэрэглээ: 

Цангасан үедээ УС биш ундаа уудаг. 
Эрэгтэй хүн болгон "цуйванд дуртай” гэцгээнэ. Мах чанаж идэцгээнэ. Өдөрт хамгийн багадаа хоёр удаа махан хоол идэх нь түгээмэл. 

Гэдэс, хэвлийн таргалалт нэмэгдэх тусам эрэгтэй хүн дааврын өөрчлөлтөд ордог. Нарийн яривал өөхний эсүүдээс хүртэл эм даавар ялгардаг.Тарган эрчүүд ЭМШИХ шинжтэй болж байдаг гэсэн үг.

Эрэгтэй хүний тестостерон гэх даавар дарангуйлагдсанаар эмэгтэй хүн шиг болно л гэсэн үг."Шалчигнуур залуус олширчээ" гэж хошигнож хэлдэг шүү дээ. 

Таргалах тусам эрэгтэй хүмүүсийн ЭР ДААВАР БУУРНА.
Ходоод, гэдсээ чигжчихээд цадсан мэдрэмж авдаг. Заавал ходоодоо дүүргэж, зарим нь бүр хэхэрч, гулгин барин идчихээд ЗА БОЛЛОО гэж санаагаа амраана.  
Оройн 20:00, 21:00 цаг болж байхад л пиццаны газар, түргэн хоолны салбарууд битүү хүнтэй байх нь энгийн жишээ. Тэр үед идсэн түргэн хоол юу болох вэ? ...

Хүний биед шууд өөх болж хуримтлагдана. Гэдэс, гүзээ сууж таргалахад хүргэнэ. 

Айл болгоны баярын ширээн дээр Coca Cola "залардаг". Үнэнийг хэлэхэд үр хүүхдээ чихэр, кола-гаар угжиж өсгөдөг эцэг, эхчүүд байна. 
Гурилан бүтээгдэхүүн, боорцгийн хэт их хэрэглээтэй. Үүнээсээ болоод цээж нь гашуу оргидог, хорсдог.

Энэ мэтчилэн дурдаад байвал дуусахгүй олон буруу дадал, хэвшил бидний дунд тогтож, өвчний үүр болох эхлэлээ өөрсдөө бий болгож байгаад шүүмжлэлтэй ханддаг тухайгаа Анагаах ухааны доктор, хавдрын эмч Ч.Энхболд хэлж байлаа. 

Эмнэлэг нэмж барьснаар эрүүл хүмүүс бий болчихгүй, эхлээд хувь хүн өөрийн дадал зуршилтайгаа ажиллах хэрэгтэйг тэрбээр зөвлөсөн юм. 

"Тарган хүмүүс өөрөө өөрсдийнхөө эмчлэгдэх боломжийг хязгаарладаг тул турахыг зөвлөдөг" 

Түүнтэй үргэлжлүүлэн ярилцсанаа уншигч Та бүхэнд хүргэж байна. 



-Сайн байна уу. Ярилцлагын эхэнд Та өөрийгөө уншигчдад танилцуулна уу? 

-Сайн байна уу. Миний бие 2005 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Үүний дараа Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт мэс заслын резидентээр суралцаж, Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн Элэг, цөс, нойр булчирхайн тасагт ажиллаж байсан.

2011-2015 онд дөрвөн жил Япон улсын Токушимагийн их сургуульд докторын зэргээ элэгний хавдрын чиглэлээр хамгаалсан. Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмчээр 20 гаруй жил ажиллаж байна.

2024 оноос Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт хавдрын зөвлөх эмчээр ажиллаж байгаа. 

-Монголд хавдрын өвчлөл их байгаа нь мэргэжлийн байгууллагуудын судалгаанаас харагддаг. Энэ бүхний суурь шалтгаан нь чухам юунаас эхтэй вэ? Өвчний уг үндэс, үгдрэх шалтгааныг бий болгож буй ямар асуудлуудад анхаарах цаг нь болов...

-Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаануудын

  • Нэгдүгээрт зүрх судасны өвчин,
  • Хоёрдугаарт хавдар,
  • Гуравдугаарт осол гэмтэл орж байна. 
зураг
 

Хавдрын өвчлөлийг дарааллаар нь яривал

  • Элэг
  • Ходоод
  • Уушги
  • Улаан хоолой
  • Умайн хүзүүн хавдар хүн амын дунд зонхилон тохиолддог. 
зураг
 

Энэ дундаас элэгний хавдрын шалтгаан маш тодорхой. Элэгний B, C, Д вирус, архи, таргалалт, чихрийн шижин нөлөөлдөг. Эдгээр шалтгаанаас болоод л хүн элэгний хавдартай болчихдог. 

Нэгэнт элэгний хавдар оношлогдлоо. Гэтэл тарган хүний эмчилгээ хязгаарлагддаг. 

Цаашилбал мэс засал хийе гэхээр тарган учраас зүрх нь дийлэхгүй болчихсон байдаг.

Бүх өвчний суурь, уг үндэс шалтгаан нь ТАРГАЛАЛТ-тай очиж холбогдоод байгаа. Тарган хүн элэгний хавдартай болчихлоо эмчилгээнд оруулъя гэтэл эмчлэх арга нь хязгаарлагдмал. 

Наад зах нь мэс засалд орсны дараа шарх нь идээлнэ, хагалгаагаа даахгүй, зүрх судасны эрсдэл ихтэй. 

Тарган хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийе гэсэн ч боломжгүй. Яагаад гэвэл илүү том элэг хэрэгтэй болдог.Ерөөсөө л тарган хүмүүс өөрөө өөрсдийнхөө эмчлэх боломжийг улам хаагаад хязгаарлаад байна гэсэн үг. Тийм болохоор ТУРААЧ гэж зөвлөдөг. 

"Дээхэн үед тарган, гүзээтэй дарга нүнжигтэй гоё гэдэг байсан бол одоо арчаагүй харагддаг болчихсон"

-Өдөр тутмын амьдралын буруу хэв маяг ирээдүйн тодорхой цаг хугацаанд өвчний эх үүсвэр, эмчилгээний саад, хязгаарлалт болж хувираад байгаа гэж ойлгох уу? 

-Тийм ээ. Угаас өвчтэй болох нь тодорхой дадал зуршлыг байнга давтдаг мөртлөө өөрийгөө ухамсарлаад, урьтаж сэргийлэхгүй явсаар эцсийн цэг дээрээ очоод “Одоо би яах вэ?” гэж гарц хайдаг. 

Өнөөдрийнхөө буруу дадлыг өөрчлөхгүйгээр ирээдүй өөрчлөгдөхгүй. Жишээ нь:

  • Жингээ яаж хасах вэ?
  • Гэдсээ яаж багасгах вэ?
  • Хоолоо хэрхэн зохицуулж идэх вэ? гэх мэтчилэн өөрөөс шалтгаалах өчнөөн олон зүйл бий.

Дээхэн үед “Компанийн захирлууд гүзээтэй байхаараа гоё”, “Тарган байхаар нүнжигтэй харагддаг” гэж ярьдаг байж. Харин жингээ хасчихаар “Бие чинь өвдчихсөн юм уу?” гэж асуудаг байлаа. 

Харин одоо эсрэгээрээ тарган байхаараа хүн арчаагүй харагддаг болчихсон шүү. 

Гэдэс, хэвлийн таргалалт нэмэгдэх тусам эрэгтэй хүн дааврын өөрчлөлтөд ордог. Нарийн яривал өөхний эсүүдээс хүртэл эстрогений эм даавар ялгарч байдаг.

Таргалах тусам эрэгтэй хүмүүсийн ЭР ДААВАР БУУРНА гэсэн үг. 
Дээрээс нь нэмж хэлэхэд махан хоолны хэрэглээ их байгааг анхаарах нь зүйтэй. 

"Өдөр, орой махтай хоол заавал иддэг. Тэгээд цангавал араас нь кола-гаа залгилдаг" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
-"Монголчууд махсаг ард түмэн. Малынхаа махыг идсээр ирсэн, идсээр ч байх болно" гэх хандлага бидний дунд түгээмэл. Хооллолтын энэ дадал зуршил ямар эрсдэлийг бий болгож байна вэ? 

-Дээхэн үед монголчууд махан хоолыг ингэж их иддэггүй байсан. Махны хэт хэрэглээтэй холбоотойгоор ямар хавдар үүсэх эрсдэлтэй талаарх олон улсын нэлээд олон судалгаа бий. Махтай холбоотойгоор

  • Түрүү булчирхай
  • Ходоод
  • Бүдүүн гэдэсний хавдрууд ихсэж байгааг судлаад үр дүнг гаргасан байдаг. 

Бүр Японы эрдэмтэд таргалалттай холбоотой хавдрууд ихсэж байгааг хүртэл судалсан. 

Монголчууд “Бид нар угаасаа мах идэж ирсэн. Угаасаа махчин” гэж өөрсдийгөө их өмгөөлдөг. Яг үнэндээ уламжлалт ахуйдаа зуны цагт хонь малаа гаргадаггүй, ихэвчлэн айраг, цагаан идээгээ хэрэглэж гэдсээ цайлгадаг байсан. Харин өвлийн улиралд махтай хоолоо хэрэглэдэг. 

Орчин үеийн монгол хүний хэрэглээг ажиглахад өдөрт хамгийн багадаа хоёр удаа махан хоол идэж байна.

Өдрийн хоол, оройн хоолонд махтай хоол иддэг буюу махны хэрэглээ өндөр байгаа гэсэн үг. Тэгээд цангавал араас нь Coca Сola-гаа залгилдаг. 

Энэ ундаа ямар их сахрын агууламж өндөртэй билээ. Гэтэл том, бага гэлтгүй нийтээрээ ууж байна. Сахрын хэрэглээ хүнийг донтуулж, таргалуулж, биед суурь өвчин үүсэхэд хүргэх хүчин зүйл мөн. 

-Эрүүл, урт удаан наслалтыг нууц гээд япончуудын амьдралын хэв маягийг л жишээ татаж ярих нь элбэг. Магадгүй зүгээр л өдөр тутмын дадал зуршил, хооллолын соёл зэрэг энгийн зүйлс ингэж нөлөөлдөг байх нь... 

-Тэд гулгитлаа иддэггүй. Идсэнийхээ араас газтай ундаагаа залгилдаггүй л байхгүй юу. Тарган хүн бага. 

Хэт тарган хүний хэвлийн дотоод даралт ихэсдэг. Улмаар сэмж нь зузаарч, гэдэс нь цүндийж чихэлддэг. Хоол идэхээр гэдэс болон бусад бүх эрхтэн нь шахагдана гэсэн үг. Тарган хүн хоол идэхээр ходоодны хүчил улаан хоолой руугаа сөөргөө буюу гулгиад байдаг. 

"Хоол идээд битгий хэвтээрэй" гэж зөвлөдөг нь ийм учиртай. Ходоодны хүчил өөрөө улаан хоолой руугаа ордог учраас тэр.

Улаан хоолой өөрөө шүлтлэг, ходоод өөрөө хүчиллэг. Ходоодны хүчил улаан хоолой руугаа ороод байхаар яваандаа эсүүд нь хүртэл түлэгддэг. Дотор салстдаа хоёр өөр эсүүд байдаг. Ингэж хоолойгоо түлээд байхаар мөн л эсийн өөрчлөлтөд ороод хавдрын эсүүд үүсдэг тохиолдлууд бас бий.

Ер нь бүх л өвчин таргалалттай холбогдоод байгаа. 

зураг
 
зураг
 

-Хэрэв өнөөдөр чихэрлэг ундаанаас хамааралтай, махан хоол гулгитлаа иддэг бол ирээдүй бараг тодорхой юм биш үү?

-Тийм ээ. Ийм байж "Би яагаад гэнэт өвдчихөв" гэж гайхах хэрэггүй. Тэгж бодох ямар ч шаардлага байхгүй. Хүн нүд рүүгээ гараа хийвэл өвдөнө гэдгээ мэднэ шүү дээ. Үүнтэй ямар ч ялгаагүй үйлдэл.

Монголчууд нийтлэг таргалалттай, түүндээ санаа зовдоггүй. Бүгд машинаараа явдаг, алхдаг зам талбай нь ч хомсдолтой болохоор аргагүй байх.

Хөдөлгөөн багасахаар бүгд таргалалттай болоод ирнэ. Улмаар зүрх судасны өвчин ихэснэ, ходоод, элэг болон бусад хавдрын эрсдэлийн суурь тавигдчихаж байгаа гэсэн үг.

Таргалалт гэдэг зөвхөн өөрөөс тань шалтгаалах хүчин зүйл. Тарган дээрээс нь нэмж кола ууж, тамхи татаад байвал эмчлэгдэх боломжоосоо өөрийгөө улам холдуулж байна гэсэн санаагаар дахин дахин ТАРГАЛАЛТ МУУХАЙ гэж яриад байгаа юм.

Таргалалт, архи, тамхины хэрэглээ гэдэг бол цэвэр хүний арчаа, ухамсрын асуудал. 

"Газтай ундаа, кола-ны хэрэглээ монголчуудыг тэр чигт нь өвчлүүлж байна"

-Аливаа өвчний нөлөөг гаднаас хайх бус өөр лүүгээ өнгийж үзээд амьдралын дадал зуршилдаа анхаарах хэрэгтэй юм байна шүү дээ, тийм үү?

-Бүх юманд бусдыг буруутгаад байж болохгүй. Яг үнэндээ гадаад хүчин зүйлээс хамаарах, өөрөөс хамаарах зүйлс хэдэн хувь байгаа билээ. Үүнийг бодоод үзэхээр өөрөөс нь хамаарах хүчин зүйлс илүү их.

Өөрсдөө тарган байж "Хавдрын өвчин их байна. Эмнэлгээ нэмээч" гээд орилоод байдаг. Эмнэлэг нэмж барилаа гээд та өөртэйгөө ажиллаж чадаагүй цагт өвчин буурахгүй нь тодорхой.

Одоо та нар анзаараарай, хаа ч орсон газтай ундааны хэрэглээ их болчихжээ. 

Кола гэдэг чинь монголчуудыг тэр чигт нь өвчлүүлж буй хүчин зүйл шүү дээ. Сахрын хэрэглээ хэт өндөр. Сахраас болж өвчлөл нэмэгдэж байгааг хэлж, таниулах ёстой болохоос биш өөх тосноос болоод байгаа юм биш.

Өөх идээд хүн таргалдаг юм биш, эсрэгээрээ гурил, сахар, төмс, боов боорцог их иддэг.

Бодоод үзэхэд 50-аас дээш насны бүх эмэгтэй тарган. Хүмүүсийн муухай хэлдгээр тарган авгай нар гэдэг. Зүгээр нэг гарчихсан үг биш. Нийтлэг үзэгдэл байна.

Эрчүүд нь дандаа гүзээтэй. Үүнээс болж өвчлөл ихсээд байгаа юм. Зүгээр "битгий ингэ, тэг" гэж зөвлөхөөр хүн ойлгодоггүй. Үнэнийг жоохон хурц хэлчих шиг боллоо. Яах вэ зарим нь дургүйцнэ.

Гэхдээ зарим нэгний орой руу нь оруулахын тулд жоохон хурц хэлж байна. Яг оноод хэлчихээр дургүйцнэ. Гэхдээ ойлгоно гэж найдъя. 

-Нэгэнт бүх зүйл болоод өнгөрсөн хойно өөрийн амьдралын буруу дадал зуршил руугаа өнгийж харамсах тохиолдол их гардаг байх. Тэр буруутгалд хүрэхгүйн тулд ямар алхам чухал вэ?

-Ихэвчлэн элэгний вирустэй хүмүүс эмээ уугаагүй. Дээрээс нь таргалалттай, архи уудаг, тамхи татдаг. 

Жишээлбэл хавдраар өвчлөөд хүрээд ирсэн хүнийг "За эмчилье" гээд мэс засал хийх гэхээр жингийн илүүдэлтэй, элэг нь хатууралтай бол аргагүй нөхцөлд ордог. Өөрөөр хэлбэл мэс засал даахааргүй болчихсон байдаг.

Судас бөглөх ч юм уу, дараагийн шатны эмчилгээг хийх гэхээр мөн эрсдэлтэй. Төгс эмчилгээг сонгож чадахгүй болдог. Хожимдсон, яах аргаа олохгүй хүмүүс нэлээд ирдэг. Цөөхөн бол биш шүү, нэлээд олон.

 

Үргэлжлэл бий...