Индэр    
2024 оны 1 сарын 15
Зураг
iKon.mn Сэтгүүлч

М.Пүрэвжав: Махыг тогтмол, хэтрүүлэн идсэнээр БҮДҮҮН ГЭДСЭНДЭЭ ургацагтай болж, хавдрын өвчлөлд өртөж байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монголчууд махсаг ард түмэн. Малынхаа махыг идсээр ирсэн, идсээр ч байх болно" гэх хандлага бидний дунд түгээмэл. 

Монголын уламжлалт идээ, ундааг махгүйгээр төсөөлөх боломжгүй нь үнэн. Гэвч махны тогтмол, хэт их хэрэглээ бүдүүн гэдэсний хортой, хоргүй хавдрын гол шалтгаан болдгийг олон улсын судалгаагаар нэгэнт тогтоосон.

Ийнхүү бүдүүн гэдэсний болон хөхний хорт хавдартай шууд холбогддог учраас хүнсэндээ тохируулж хэрэглэхийг зөвлөдөг.

Уламжлалт ахуйдаа монголчуудын махны хэрэглээ одоогийнх шиг ийм өндөр байгаагүй, хэрэглээгээ зохицуулж ирсэн ард түмэн. Энэ нь ядуу зүдүү байдал эсвэл, хадгалж чадахгүйдээ бус, эрүүл мэндэд суурилсан асар том хооллох соёл гэдгийг судлаачид тэмдэглэсэн байдаг.

Аливааг хэтрүүлж хэрэглэвэл эрсдэл, тохируулж идвэл шим болно гэдгийг Хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав хэлсэн юм. 

График1: Хоол боловсруулах эрхтний хорт хавдар

"Таван хошуу малын махны өдөр тутмын, өргөн хэрэглээ ба хооллолтын зохист хэмжээ"-ний талаар түүнтэй ярилцсанаа уншигч Та бүхэнд хүргэж байна. 



-Уламжлалт хоол хүнс, тэр дундаа махны хэрэглээнд анхаарах зарим асуудлын талаар ярилцлагаа эхэлье. Бидний хоол хүнсэнд зайлшгүй ордог гол орц бол мах. Гэвч аливаа бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг үр дагаварт хүргэж болзошгүйг дээр дурдсан. 

-Хэдийгээр бид мал аж ахуй эрхэлдэг ард түмэн байсан ч уламжлалт идээ ундааны соёлдоо махыг одоогийнх шиг ийм их иддэг байгаагүй.

Улирлын ялгаатай хооллож, зундаа гэдэс цайлгана гэж сүү, цагаан идээг түлхүү хэрэглэж ирсэн. Өвлийн идшээ бэлдэж, малын мах идсэн ч хөдөлгөөн сайтай байсан.

"Монголчууд махсаг ард түмэн. Мах идсээр ирсэн, идсээр ч байх болно" гэх буруу ойлголттой хүмүүс байдаг. Таван хошуу мал, гахай болон ангийн махны хэт хэрэглээ ямар хорт хавдартай холбогдож байгааг судалсан олон улсын судалгааны үр дүн 10 гаруй жилийн өмнө нийтлэгдэж байсан. 

Эдгээр махыг тогтмол, хэтрүүлж идэх нь бүдүүн гэдэсний хортой, хоргүй хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тухайлбал бүдүүн гэдэсний ургацагтай болох нь махны хэрэглээтэй шууд холбоотой бөгөөд ирээдүйд хавдар болох магадлалтай. 

Дараагаар нь хөхний хорт хавдрын шалтгаантай хүчтэй хамааралтай байгаа юм. 

График2: Хөхний хорт хавдар 2018-2022 оны байдлаар

"Дурангийн үзлэгт орсон монголчуудад бүдүүн гэдэсний ургацаг маш өндөр хувьтай оношлогдсон"

-Хамгийн гол нь байнга, хэт их хэрэглээндээ анхаарах хэрэгтэй юм байна, тийм үү? 

-Тийм ээ. Нэг өдөр хэт их идэхийн тухай асуудал огт биш. Өдөр бүр, их хэмжээгээр, байнга идэх нь эрсдэл дагуулна. 

Жишээ нь эрүүл хүний хувьд цагаан сарын таван өдөр мах ихтэй бууз идсэнээр асуудал үүсэхгүй. Харин өвөл, зунгүй өдөрт 2-3 удаа мах ихтэй хоол идвэл асуудал.

Та өдөр бүр гуляш авч идээд байвал махны хэрэглээ 100 грамм давж гарна. Өглөө, оройгүй ийм хэмжээтэй идвэл элдэв өвчний суурь тавигдана гэсэн үг. 

Махан хүнс хүнд гэж хэлдгийн цаад учир нь уургийн агууламжтай холбоотой. Мах нь уургийн үндсэн эх үүсвэр болдог учраас шимэгдэлт нь олон шат дамжлагыг туулж, замдаа дутуу задралын бүтээгдэхүүн үүсэх асуудал бий. 

Махыг боловсруулахын тулд бүдүүн гэдэсний микрофлор нэлээд ядарсан байдаг. Энэ "ядаргааг" тайлахын тулд зун сүү, цагаан идээгээ хэрэглэж, гэдэсний ашигтай бичил биетнүүдийг нэмэгдүүлдэг. Өвлийн турш мах идэж, хэт ажиллагаатай болгосон гэдсээ зун нь амрааж цайлгадаг уламжлалт хэрэглээтэй байсан.

Энэ бол огт идэхгүй байх тухай ойлголт биш. Хамгийн гол нь тохируулж хэрэглэх хэрэгтэй. 

Мах, архи хоёр нийлээд монголчуудад олон төрлийн өвчлөлийг үүсгэж байна. 

-Малын мах бидний уламжлалт хоол хүнсний салшгүй нэг хэсэг ч орчин үеийн амьдралын хэв маягтай уялдуулж хэрэглээгээ зохицуулах нь зүйтэй болов уу? 

-Монгол Улсын нийт хүн амын махны хэрэглээг гадаадынхантай харьцуулбал тийм ч өндөр гардаггүй. Гэхдээ махны хэт их хэрэглээтэй гэр бүл, хувь хүмүүс байна. 

Нөгөөтээгүүр махны хэрэглээгээ тааруулж, тохируулдаг хүмүүс ч бий. Хүн болгоны дадал зуршил харилцан адилгүй. Энэ өнцгөөс харвал хэт их махны хэрэглээтэй иргэдийн дунд өвчлөл өндөр байдаг. Тухайлбал бүдүүн гэдэсний хортой, хоргүй хавдрын гол шалтгаан. 

Бидний хоол тэжээлийн судалгаагаар ч энэ төрлийн өвчлөл тодорхой гарч ирдэг. 

Би 2009 онд Сонгдо эмнэлгийг анхлан байгуулсан захиралтай эмнэлэг дээр нь очиж уулзаж байсан. Бүдүүн гэдэсний мэс заслаар мэргэшсэн солонгос эмч. 

Тухайн үед Сонгдо эмнэлэг дээр Монголоос олон хүн бүдүүн гэдэсний дуранд орж байсан юм билээ. Үзлэгийн дараа "Одоо монголчууд хэдхэн жилийн дараа бүдүүн гэдэсний хавдраа дийлэхээ байх нь" гэж бидний өмнөөс санаа зовоод хэлж байсан. 

Яагаад гэвэл дурангийн үзлэгт орсон монголчуудад бүдүүн гэдэсний ургацаг маш өндөр хувьтай оношлогдсон. "Эрүүл, ургацаггүй хүн бараг алга" гэж ярьж байсан удаатай. Бүдүүн гэдсэнд ургацаг үүсвэл хавдрын суурь тавигдаж байна гэсэн үг. 

Ходоодны хорт хавдрыг махны хэрэглээтэй холбоотой гэж зарим хүн ярьдаг. Өвчний шалтгаан нь хеликобактертай холбоотой болохоос биш махны хэрэглээтэй шууд хүчтэй холбогдож, сөрөг нөлөө үзүүлдэггүйг энэ ташрамд хэлье. 

-Тэгвэл монголчууд бид хооллолтдоо хэрхэн анхаарах нь зохистой вэ?

-Малын махыг дагнаж идсэн хэрнээ ногоо, сүү, цагаан идээ, ашигтай цайнуудын хэрэглээ багатай байвал бүдүүн гэдэсний янз бүрийн өвчлөл өснө гэсэн утгатай.

Дан ганц махны хэрэглээтэй шууд холбохгүйгээр бид өнөөдөр янз бүрийн үйлдвэрийн боловсруулалттай хүнс идэж байна. Удаан хадгалалттай бүтээгдэхүүнийг идэж болох ч хэрэглээ нэмэгдээд ирэхээр өвчин зовлон дээр нэрмээс болж байгаа.

-Зөвхөн мах, гурилаар хоолоо төсөөлөх нь шим тэжээлийн дутагдалд оруулах томоохон хүчин зүйл болох уу?

-Шим тэжээлийн дутагдалд орно. Тухайлбал ясны эрүүл мэнд, хавдраас урьдчилан сэргийлэх олон талын нөхцөл байдал дордож мэднэ. 

Монголчуудын 13 дугаар зууны үеийн уламжлалт хооллолтын талаар эрдэмтдийн бичиж үлдээсэн тэмдэглэлийг үзэхэд “нэн бага хооллолт"-той байжээ.

Эрдэмтэн судлаачид Марко Поло, Рубрук нарын тэмдэглэлээс монголчуудын хооллолтыг судалсан байдаг. Судалгаанаас авч үзвэл монголчууд маш бага хооллолттой байсан ард түмэн гэжээ. 

"Махгүй л бол хоолгүй хоночихлоо гэдэг хандлага хэвшмэл. Гэхдээ энэ бол нутагшсан ойлголт биш"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Хоол хүнсэндээ өргөн хэрэглэж, тогтмол идэж заншсан малын мах эргээд бидний биед ямар нөлөө үзүүлээд байна вэ гэдэг нь томоохон асуулт болж буй. "Ийм хүйтэн уур амьсгалтай оронд мах идэхгүй байж болохгүй" гэж зарим хүн өөрсдийгөө зөвтгөдөг. Гэхдээ зохистой түвшинд хэрэглэхээ тэр болгон анзаарахгүй байх шиг?

-Махгүй л бол хоолгүй хоночихлоо гэдэг хандлага хэвшмэл. Гэхдээ энэ бол унаган нутагшсан ойлголт биш. Сүүлийн хэдэн жилд л хүмүүсийн тархи толгойд суусан байх. 

Бидний эмээ, өвөө өдөр бүр мах иддэг байсан уу? гэвэл ҮГҮЙ шүү дээ.

Монголчуудын махны хэрэглээ өндөр биш, хэрэглээгээ зохицуулдаг байсан нь ядуу зүдүү, хадгалж чадахгүй байсандаа биш гэж судлаачид тэмдэглэсэн байдаг.

Мах бол үнэхээр шим тэжээллэг хүнс үү гэвэл, мөн. Эрүүл мэндэд тустай маш олон талын ашигтай шим тэжээлүүд маханд агуулагддаг. Биднийг бүтээж байгаа уургийн гол эх үүсвэр.

 Гэхдээ хүний биед ашигтай бүх шим тэжээлийг дан ганц махнаас авна гэж байхгүй.

-Хооллолтоос авах шим тэжээлийн зохист хэмжээг хэрхэн яаж бүрдүүлэх вэ? 

-Хүмүүсийн ихэнх нь хоол тэжээлийн талаар мэдлэг ойлголт муутай байна. Цогц мэдлэг байхгүй учраас тэр муу, энэ сайн гэж туйлширсан хандлага гаргаж буй. 

Тухайлбал өөх тостой мах идсэнээс судас хатуурах нөхцөл бүрдэнэ гэж хэлэхээр гуйвуулсан ойлголт болгодог. Махны өөх тосоо бага идээд, үүнийхээ оронд ургамлын тос ид гэдэг ойлголт сүүлийн үед гарсан. Хоол тэжээлийн талаарх мэдлэг муутай байгаатай холбоотой ийм асуудлууд бий. 

Зохистой хооллолт гэдгийг тайлбарлахыг хичээе. Бид махаа идэж болно, ургамлын тосоо ч хэрэглэж болно. Хамгийн гол нь хоногт хэрэглэх ёстой хэмжээнд баримжаатай болоод авах ёстой.

Хоногт идэх махны хэмжээ нь хүүхдүүдийн хувьд 50-120, 130 грамм байдаг. Энэ хэмжээг ярихаар өдөр бүр яаж ийм бага мах идэх юм гэдэг хандлага гаргадаг.

Энэ бол дундаж хэмжээ. Хамгийн гол нь өдөр бүр их хэмжээтэй идэх нь асуудал дагуулж мэднэ. 

"Хүний биед орох ёстой шим тэжээлийн бодисуудыг тэнцвэртэй байлгах нь чухал"

-Хоол шим тэжээлийн боловсролгүйгээс үүдэн сайн эсвэл муу гэж сонссоноо турших хандлага манайхны дунд бий.

-Дэлхийн бусад улс орны хүүхдүүд цэцэрлэгт байхаасаа эхлэн ийм хэмжээтэй идэх ёстой, хэтрүүлэн хэрэглэвэл тийм эрсдэлтэй гэдгийг сурч өсдөг.

Өөрөөр хэлбэл хоол, шим тэжээлийн боловсролд багаасаа суралцсанаар ирээдүйд эрүүл мэндээ боддог иргэн болж төлөвшдөг. Энэ бол мундаг математикч байхаас илүү чухал ойлголт.

Эрүүл хүн байна гэдэг бол юу юунаас эрхэм. 

Жишээ нь өдөр бүр өөх, тостой мах хэтрүүлж идээд байвал хүний биед холестериний илүүдэл үүсэж таарна. Өөх, тосны илүүдэлтэй холбоотойгоор судас хатуурах, цусанд өөх тос ихдэх, таргалалт зэрэг янз бүрийн өвчний суурь тавигддаг. 

Буруу хооллолттой холбоотой өвчин таван жилийн дараа үүсэх үү, 20 жилийн дараа үүсэх үү гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Тухайн хүний бие махбодоос хамаарч байгаа.

Мөн сэтгэл зүй, хөдөлгөөний идэвх болон бусад идэж ууж байгаа хоол хүнс зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.

-Хооллолтоо хэрхэн тохируулах талаар уншигчдад зөвлөгөө өгнө үү? 

-Мэдээж маханд уураг, төмөр, зэс, цайр гэх мэтчилэн олон шим тэжээлийн бодис агуулагдаж байгаа.

Өдөр бүрийн хоолондоо мах буюу уургийн эх үүсвэр болсон бүтээгдэхүүнээ оруулахын зэрэгцээ витамин, эрдэс бодисын эх үүсвэр ногоо, жимсийг авч байхыг зөвлөе. 

Түүнчлэн үр тарианы төрөл, тэр тусмаа хальстай үр тарианы төрлүүд, сүү цагаан идээг заавал оруулаарай. 

Зарим хүн дан ногоо идээд кальцаа нөхөж чадна гэж ярьдаг. Үнэндээ сүү, цагаан идээтэй дүйцэх кальцыг ногооноос хэзээ ч авч чадахгүй. 

Хүний биед орох ёстой шим тэжээлийн бодисуудыг тэнцвэртэй байлгах нь чухал. 

Олон жил буюу 10-20 жилийн туршид цөөн хэдэн шим тэжээлийн бодисуудыг дагнан хэрэглэснээр биед тань орохгүй байгаа бодисуудын дутлын өвчинд өртөнө. Нөгөөтээгүүр дагнаж идэж байгаа хүнснээс шим тэжээлийн бодисууд хэтэрч орно. 

 

-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.