Уншиж байна ...

ЦУВРАЛ 2: ЭРҮҮЛ гэдгээ сонсоод баярлах байтал "Зүв зүгээр байж, шал дэмий эмнэлэгт хандлаа" гэдэг

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэдийн нийтлэг хандлагыг ажиглахад эмчилгээ оношилгоонд хамрагдсаныхаа дараа "ЭРҮҮЛ" гэдгээ сонсоод баярладаггүй. 

Зарим нь "Таны бие эрүүл байна" гэдэг хариугаа сонсоод таатай хүлээж авах ёстой байтал “Эв эрүүл байхад ШАЛ ДЭМИЙ эмнэлгээр явж, төвөг удлаа" гэж ярьцгаадаг.

Харин ч ийм мэдээг хүлээн авах нь хамгийн том ТАЙВШРАЛ. 

Эрүүл саруул гэдгээ мэдсэн хэрнээ энэ мэтчилэн ханддаг жишиг манайхны дунд цухалздаг гэдгийг Анагаах ухааны доктор, хавдрын эмч Ч.Энхболд хэлж байлаа. 

Ялангуяа эрчүүд хэнэггүй, өвдөж байсан ч эмчид үзүүлэхээ хойш тавьдаг. 

Монгол эрчүүдийн дундаж наслалт бага байдгийн цаад шалтгаан нь өвчнөө үзүүлэхгүй хүндрүүлдэгтэй холбоотой. Иймээс цаг тухай бүрдээ эрүүл мэндийн эрт илрүүлэгт орохыг зөвлөдөг. 

Заавал өвчин зовуурийн дохиогоор эмнэлгээр явдаг бус, өөрийгөө чагнадаг, эрүүл мэнддээ хөрөнгө оруулахдаа гар татдаггүй байхыг тэрбээр зөвлөсөн юм. 

Манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх гурван шалтгаан нь: 

  1. Зүрх судасны өвчин
  2. Хавдар
  3. Осол гэмтэл 

дөрт 16 монгол хүн хавдрын улмаас хорвоог орхиж байна"

Дээрх шалтгааны дундаас ХАВДАР өвчний нөхцөл байдал: 

Өдөрт 16 монгол хүн хавдрын улмаас хорвоог орхиж буй харамсалтай мэдээ байна.

Өөрөөр хэлбэл жилд 6,000 гаруй хүн буюу 365 хоног тус бүрд хувааж үзвэл өдөрт 16 хүн амь насаа алдаж буй. 

Хавдрын өвчлөлийг дарааллаар нь яривал

  • Элэг
  • Ходоод
  • Уушги
  • Улаан хоолой
  • Умайн хүзүүн хавдар хүн амын дунд зонхилон тохиолддог. 

Баруун бүсэд ходоод, зүүн бүсэд элэгний хавдрын өвчлөл их байна. 

Зураг 1: Хорт хавдар ба хоол боловсруулах тогтолцооны өвчин 

Элэгний хавдар: 

Элэгний хавдар нийт хавдрын 40 орчим хувийг эзэлдэг. Харин ходоодны хорт хавдар 20 орчим хувийг эзэлж буй. 

Зөвхөн элэг, ходоод хоёр нийт хавдрын өвчлөлийн 60 гаруй хувийг эзэлжээ.Элэг, ходоодны хорт хавдрын өвчнийг бариад авчихвал нас барж буй иргэдийн 60 хувийг аварч чадна гэсэн үг. 

Хувь хүн өөрөөс хамаарсан дадал зуршилдаа анхаарч, элэгний хавдрын 40 хувийн эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтой. 

Ходоодны хавдар: 

Ходоодны хавдрын хувьд дээр дурдсанчлан нийт хавдрын 20 гаруй хувийг эзэлжээ. 

Насны бүлгээр харвал 60 ба түүнээс дээш насныхан их өвддөг.

Эрт илрүүлгийн шинжилгээг тухайн насныханд нь зориулаад хийчихвэл өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтойг Анагаах ухааны доктор, хавдрын эмч Ч.Энхболд ярьсан юм. 

Элэгний хавдар үүсгэгч хөгцөнд байна гэхээр “Угаасаа хөгцтэй ааруул идэж өссөн. Юугаа яриад байгаа юм, чи” гэнэ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хорт хавдрын эрсдэл ба иргэдийн хандлага"-ын талаар түүнтэй үргэлжлүүлэн ярилцсанаа хүргэж байна.  



-Манай улсын хүн амын дунд хорт хавдрын өвчлөл, нас баралт өндөр байгаа цаад шалтгаан нь юутай холбоотой вэ. Магадгүй хожуу шатандаа эмнэлэгт хандах үзэгдэл түгээмэл байна уу? 

-Ихэнх нь буюу 70-80 хувь нь дандаа хожуу шатандаа үзүүлдэг. Гадаад улс орнуудад ч мөн адил хавдрын өвчлөл өндөр. Гэхдээ тэнд хавдрын тохиолдол өндөр мөртлөө нас баралт бага. Харин манайд эсрэгээрээ нас баралт өндөр. 

Тэгвэл яагаад ийм нөхцөлд хүрэх болов.

Биеэ үзүүлэхгүй явсаар өвчнөө хүндрүүлж, эцсийн шатандаа ирэхээр төгс эмчилгээний аргагүй болж, зүгээр л торгоох эмчилгээг хийхээс аргагүйд хүрдэг.

Хугацаа хожиж 2-3 сараар амьдралыг нь уртасгах эмчилгээг хийхээс аргагүй нөхцөлд хүрсэн харамсалтай олон тохиолдол бий. 

-Ер нь биеэ чагнавал "ямбатай", "бааштай" гэдэг өнцгөөр дүгнэх хандлага иргэдийн дунд ажиглагддаг шүү дээ. Зөвхөн өвдөлт мэдрэгдвэл л эмнэлгийг зорьдог ойлголтоо өөрчлөх хэрэгтэй байх, тийм үү? 

-Ялангуяа манай эрчүүд их хэнэггүй. Өвдөж байсан ч "Дараа эмчид үзүүлнэ" гэж хойш тавьдаг. 

Хоёр жилдээ ядаж нэг удаа бүдүүн гэдсээ, жилдээ нэг удаа ходоодоо дурандуулаач ээ. 
ЭХО-д зургаан сардаа нэг удаа харуулчих, жилдээ ядаж нэг удаа B, C вирусээ үзүүлчих... 

Эдгээр шинжилгээгээ цаг алдалгүй хийлгээд идэж буй хоол хүнс, амьдралын хэвшил, дадал зуршилдаа анзааргатай хандвал том асуудал үүсэхгүй.

Нэмж дурдахад тарган л байвал ямар нэгэн өвчнөөр өвдөх эрсдэлээ Та нэмэгдүүлнэ шүү. /Таргалалттай холбоотой ярилцлагыг ЭНД дарж унших боломжтой/

-Монголд элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл их байдгийн суурь шалтгаан, хүчин зүйл нь юу вэ? 

-Монгол Улсын хэмжээнд элэгний хавдар нэгт, ходоодны хавдар хоёрт орж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад элэг, ходоодны хавдар тийм их биш. Харин хөх, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний хавдрын өвчлөл их. 

Газар зүйн байршлаас үүдэн өвчлөлүүд нь арай өөр. Тодруулбал 

  • Хөхний хавдар Америкт
  • Бүдүүн гэдэсний хавдар Европт
  • Элэгний хавдар Монголд их байх жишээтэй. 

Элэгний хавдрын шалтгаан маш тодорхой. Үүнд B, С, Д вирус, архи, таргалалт, чихрийн шижин нөлөөлдөг. Ийм хэдэн шалтгаанаас болоод л хүн элэгний хавдартай болчхож байгаа юм.

“Элэг бүтэн монгол” хөтөлбөрөөр C вирусийн эмчилгээг хийгээд одоо энэ төрлийн вирусийн тоо харьцангуй буурсан. Гэхдээ бичиж өгсөн эмээ авч уудаггүй хариуцлагагүй хүмүүс мэр сэр бий. 

-"Өвдөлт мэдрэгдэхгүй" гэдэг шалтгаанаар эмнэлэгт ханддаггүй нийтлэг үзэгдлийг та мэргэжлийн эмч хүнийхээ хувьд хэрхэн хардаг вэ? 

-Харамсалтай нь гэнэтийн цөөн ховор тохиолдол байна. Элгийг дүлий эрхтэн гэж ярьдаг шүү дээ. 

Бүр хоёр, гурван килограмм тарвас шиг том хэмжээтэй болчхоод ч зовуурьгүй явдаг хүмүүс бий. Учир нь элэг дүлий эрхтэн учраас эрт илрүүлэгт орох нь хамгийн оновчтой арга. 

Өвдөлт мэдрэгдэхгүй байсан ч эрт илрүүлэгтээ ороод “Би эрүүл юм байна” гээд тайвшрал авчихвал санаа зовох зүйлгүй. Гэтэл хүмүүс “Шал дэмий үзүүллээ” гэж яриад байгаа. Иймэрхүү ухамсраар хандаад байгаа тал бий.

Бүр эсрэгээрээ ЭРҮҮЛ гэдгээ мэдэж авна гэдэг чинь хамгийн хамгийн сайн мэдээ шүү дээ. Тэгтэл “Зүгээр эв эрүүл байхад шал дэмий үзүүлчихлээ” гэж ярьдаг. 

Манай улсын хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа хавдрын өвчлөлүүдийн шалтгаан нь тодорхой, сэргийлэх бүрэн боломжтой байхад өвтгөөд үзүүлэхгүй. Тэгээд бурууг бусдаас их хайна. 

-Хавдрын улмаас нас барах тохиолдол Монголд өндөр байдаг шалтгаан нь "хүндэрсэн шат"-нд эмнэлэгт ханддагтай холбоотой гэж ойлголоо. 

-Хэнэгггүйгээсээ болоод л хүндэрсэн хойно нь ороод ирдэг. Хүндэрснийх нь дараа эмчилгээ хийхэд төвөгтэй учраас нас баралт нэмэгддэг. 

Монголын анагаах ухааны салбарыг ажил хийхгүй байгаа юм шиг, чадваргүй юм шиг харагдуулаад байдаг гол шалтгаан нь энэ юм.

Таргалалт, архи гэдэг бол цэвэр хүний арчаа ухамсрын асуудал.

-Элэгний хавдрын 40 хувийн эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтойг Та дээр дурдсан. Урьдчилан сэргийлэхэд ямар алхам чухал вэ?

-Элэгний С вирусийн эсрэг вакцин гэж байхгүй. Гэхдээ С вирусээр өвдсөн бол гуравхан сар эм уугаад бүрэн эмчлэгдэх, эдгэрэх боломжтой.

Аль 2014 оноос “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрөөр тэр үнэтэй эмийн гэрээ, хэлэлцээрийг нь хийгээд Монголд үнэгүй хүргэж ирсэн шүү дээ.

Элэгний хувьд өөрөөс хамаарсан дадал зуршилдаа анхаарч, 40 хувийн эрсдэлээс сэргийлэх боломжтой.

Элэгний хавдрын бас нэг өөр шалтгаан нь хөгц, мөөгөнцөр. Өөрөөр хэлбэл хөгц мөөгөнцрийн бодисын шалтгаантай байдаг. 

Элэгний хавдар үүсгэгч хөгцөнд байна шүү гэхээр “Угаасаа хөгцтэй ааруул идэж өссөн. Юугаа яриад байгаа юм, чи”, "Харин ч хөгцтэй нь сайн гээд иддэг байсан" гэхчлэн хэлдэг. Энэ болгон эрүүл мэндийн боловсрол муу байгааг харуулдаг. 

Эрүүл мэндийн боловсрол муу байгааг илтгэх наад захын жишээ нь тамхины хэрэглээнд харагддаг. 

Монголчуудын хувьд тамхи их татдаг. Үүнийг нь хэлээд "Тамхи уушгины хавдар үүсгэдэг" гэхээр "Манай аав, өвөө насаараа татсан ч 80, 90 насалсан" гэдэг. Мэдээж ийм хүн байж болно шүү дээ. Гэхдээ нийт эзлэх хувь, шалтгаан нь тодорхой гараад ирсэн. 

"Нойр, хоол, амьдралын зөв хэв маяг болохоос биш нэг тариа хийлгээд дархлаа нь шууд сайжирдаг юм биш"

-Дархлаагаа дэмжих нь олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн алхам байх, тийм үү? 

-Хүний биед хэдэн мянган хавдрын эс байнга үүсэж байдаг. Тэдгээрийг дархлааны систем устгана. Дархлааг дэмжих гол хөшүүрэг нойр, хоол.

Нойр, хоол, амьдралын зөв хэв маяг болохоос биш нэг тариа хийлгээд дархлаа нь шууд сайжирдаг юм биш. 

Дээрээс нь биеийн дасгал хөдөлгөөн нь дархлааг дэмжиж өгдөг хамгийн чухал хэсэг.

2011, 2015 онд Японд нэг судалгаа гарч байсан. Булчингийн масс ихтэй хүн байвал хавдраар өвдөх эрсдэл бага гэх судалгаа. Гэхдээ тариа хийгээд томорсныг яриагүй шүү. Хэт хөгжүүлээд явах нь буруу.

Булчингийн массын эзлэх хувиар нь өвчлөлийг үзэхэд булчингийн масс томтой хүмүүс хавдраар өвчлөх магадлал бусдаас бага. Спорт, биеийн хөдөлгөөн хүний дархлааг илүү сайжруулдаг. 

-Ходоодны хорт хавдрын эрсдэлийг ямар хүчин зүйлс нэмэгдүүлж байна вэ? 

-Ходоодны хавдрын хувьд хеликобактераас үүдэлтэй. Аяга тавгаа сайтар ариутгалгүй дундаа хэрэглэх зэрэг нь ходоодны хавдрын үндсэн том шалтгаан юм.

Дээрээс нь олон янзын генийн өөрчлөлттэй хоол хүнс, халуун ногооны хэрэглээ ч нөлөөлнө. Ходоодны хавдраас сэргийлэх боломж бол хеликобактераа оношлуулаад эмээ ууна, эмчлүүлнэ. Ийм л асуудал байгаа.

Хүүхдэд B вирусийн вакцин хийдэг шүү дээ. Энэ нь тодорхой хэмжээний циклтэй. Яваандаа вакцины хүч нь буурч, дархлааных нь хүч сулармагц дахиад B вирусийн вакцин хийлгэх ёстой. Вакцинаа хийлгэхгүй болохоор дахиад өвчилнө гэсэн үг. 

"Вакцин эсэргүүцэгчдийн хүүхдүүд ирэх жил дахиад л салхинцэцэг, улаанбурханаар өвдөх өндөр магадлалтай"

-Эрүүл мэндийн боловсролгүйгээс үүдэлтэй олон сөрөг үзэгдэл нийгэмд ажиглагддаг. Үүнийг та хэрхэн хардаг вэ? 

-Одоо бүр вакциныг эсэргүүцдэг бүлэг гараад ирлээ шүү дээ.

Сая улаанбурхан өвчний дэгдэлт үүслээ. Угаасаа хүүхдэдээ вакциныг нь хийлгэхгүй байгаа юм чинь ихэснэ шүү дээ. Энэ янзаараа эрүүл мэндийн боловсролгүй хүмүүс нэмэгдвэл улам ихэснэ.

Вакцин гэдэг чинь тухайн вирусийг хоргүйжүүлж, хүнийг өвчлөх чадваргүй болчихсоныг нь тарьчихаар дархлааны эсүүд таниад бэлтгэгдчихэж байгаа үй явц. Дараа нь жинхэнэ улаанбурхан өвчний вирус биед нь ороод ирэхэд дархлааны эсүүд бэлэн юм чинь шууд устгана.

Өвдлөө гэхэд хөнгөн өвдөнө эсвэл өвдөхгүй байх ийм хоёр шалтгааныг ганц вакцинаар шийдэж байхад вакциныг эсэргүүцдэг сошиал бүлэг групп үүсчихсэн байна. 

Тэр хүмүүсийн хүүхдүүд ирэх жил дахиад л салхинцэцэг, улаанбурханаар өвдөх өндөр магадлалтай.

-Монголчуудын хувьд махыг хоол хүнсэндээ зайлшгүй хэрэглэдэг. Ер нь махны хэт их хэрэглээ ямар өвчинтэй шууд очиж холбогддог юм бол?

-Улаан махны хэт хэрэглээ буюу таван хошуу малын мах нь БҮДҮҮН ГЭДЭСНИЙ ХОРТ ХАВДАРТ нөлөөлж байна гэсэн судалгаа бий. 

Ходоодны өвчлөл, жингийн илүүдэлтэй болоод ирэхээр зүрх судасны өвчлөлүүд, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний хавдруудад нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон байдаг.

Аливаа бүхний тун нь таарах ёстой. Мэдээж хүний биед тодорхой хэмжээний мах хэрэгтэй юу гэвэл, хэрэгтэй. Харин өдөрт хоёр, гурван аяга махтай хоолыг гулгитал идэх нь хэтийдсэн хэрэглээ мөн.

Тэнцвэрээ барьж чадвал эрсдэлээс сэргийлэх бүрэн бололцоотой. 

-Элэгний хавдрын бас нэг том шалтгаан нь чихрийн шижин гэсэн үү? 

-Тийм ээ. Чихрийн шижин өвчний хүндрэл нь яваандаа жижиг судаснуудыг их гэмтээдэг учраас бөөрний дутагдалд хүргэдэг, нүд сохордог.

Хөл, гарын хялгасан жижиг судаснууд бөглөрч захын судсанд тэжээл очихгүй болоод ирэхээр хөлөөс нь авхуулаад харлаж эхэлдэг. Улмаар тайруулахаас өөр сонголтгүй болдог. Харамсалтай нь ийм хүмүүс их ирж байна. 

Эхлээд хурууг нь тайрна, дараа нь шагай, өвдгөөр нь тайрна. Эрхтэн нь үхжээд байдаг гэсэн үг. Дээрээс нь нүдний нарийн хялгасан судаснууд хүртэл гэмтдэг учраас хараа муудах, сохроход нөлөөлнө. 

Чихрийн шижин гэдэг өвчин нь хоёр янзын шалтгаантай: 

  • Тарган хүн шууд чихрийн шижинтэй байх үндсэн шалтгаан.
  • Хоёрдугаарт угаасаа сахрын зохицуулга алдагдсан хүмүүс тусдаг. 

Дэлхий дахинд хоол тэжээлийн хэрэглээ ихэссэнээс болоод хүмүүс түргэн хоол их идэж, сахартай бүтээгдэхүүнийг замбараагүй хэрэглэдэг болжээ.

Түүнээс нь болоод чихрийн шижингийн өвчлөл ихсэж байгаа. Үүнийг дагаад л өнөө зүрхний өвчлөл, даралт, хавдар нэмэгдэж буй. 

Мөн хүнсний аюулгүй байдлыг дурдахгүй өнгөрч болохгүй. Бүр гашилдаггүй сүү, сүүн бүтээгдэхүүн ч гэж байх шиг. Хүнсний янз янзын нэмэлтүүд хийчихдэг. Гаднаас оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн 100 хувь эрүүл ч гэж хэлж чадахгүй.

Манайхан нэг зөвлөгөө өгөхөөр "Тэрийг огт хэрэглэж болохгүй" гэж туйлширдаг. Хэт нэг тал руу нь хэлбийчихдэг. 

Жишээлбэл элэгний хагалгаанд орсон хүмүүс хонины мах хорьсон идэхгүй гэдэг. Хонины мах идээд хавдарт нь нөлөөлнө гэсэн шалтгаан 100 хувь байхгүй. Бүх юмыг тааруулна гэсэн үг. Адууны мах ч ялгаагүй.

“Би адууны мах идэхгүй байгаа”, “Би сүүтэй цай огт уухгүй байгаа. Одоо хэзээ ууж болох уу?” гэж хөгшчүүл нь асуугаад хүүхдүүд нь “хэрэггүй” гээд л явчихдаг. Хэтрүүлэхгүй яг балансыг нь бариад л яв. 

 

-Ярилцлага өгсөнд баярлалаа