• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Б.Чойжилсүрэн: Бид сүүлийн 2-3 өвөл хүндрэлтэй нөхцөлийг даван туулсан. Дахиад 2025, 2026 онд иймэрхүү байдлаар явна

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ оны зургаадугаар сарын 2-нд "ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цех дотор гал гарч, нэг хүний амь нас харамсалтайгаар үрэгдсэн.

Үүнтэй холбогдуулан өвөлжилтийн нөхцөл байдал болон тус ослын талаар Эрчим хүчний сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "ТЭЦ-3-ын есдүгээр турбин дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг горимтой ажиллаж байсан. Дулааны зуух нь гэмтээгүй.

2025 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Засгийн газрын тогтоол гарч эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын 66 хувийн хувьцаа эзэмших эрхийг Эрчис Монгол компанид шилжүүлсэн. Энэ шийдвэрийг гаргуулахгүй талаар нэлээд хөөцөлдөж явсан боловч харамсалтай нь гарсан. 

Зургаадугаар сарын 10-ны хүртэл төрийн өмчит компаниудын менежментийг эрхийг Эрчис Монгол компани хэрэгжүүлсэн. Осол гарсны дараа буюу 2025 оны зургаадугаар сарын 4-ны өдөр Эрчим Монгол компани ослын талаар Засгийн газар дээр танилцуулсан. Засгийн газар дээр нэлээд маргаан явсны эцэст Эрчим хүчний сайд эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын менежментийн эрхийг хэрэгжүүлэхээр болсон. 

2023, 2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байсан сайдын хувьд хэлэхэд энэ жилийнх хоцрогдолтой яваа нь үнэн. Өнгөрсөн жилүүдийн зургаадугаар сарын 10-н гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил 37-42 хувьтай байдаг байсан бол одоо 20 гаруй хувьтай байна. 

Би 2022 оны наймдугаар сарын 30-нд Эрчим хүчний сайдаар томилогдоод гарч ирсний дараа сэтгүүлч нар асуухад цөөн үгээр хариулахын тулд "аргална" гэдэг үг хэлж байсан. Бид сүүлийн 2-3 өвөл хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулж байгаа. Дахиад 2025, 2026 онд иймэрхүү байдлаар явна. 2027 оны зургаадугаар сарын 30-н гэхэд эрчим хүчний эх үүсвэр нь нийлүүлэлтээ давна.

ТЭЦ-3-ын эвдэрсэн турбиныг засах нь утгагүй болж байна, шинээ сольж тавих байх. Ослын шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Ойрын хугацаанд надад танилцуулна. Эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд бүрэн шилжээгүй" гэв.