Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Ираны дээд удирдагч гэгддэг хүн хаана байгааг АНУ мэдэж байгаа ч одоохондоо “алахгүй”

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменигийн талаар ноцтой мэдэгдэл хийжээ.

Израилийн зэвсэгт хүчин өнгөрсөн Баасан гарагаас хойш өдөр бүр Ираны цэргийн болон цөмийн байгууламжуудад агаараас довтолж байгаа. Тегераны эрх баригчид бас хариу агаарын цохилтыг Израилийн зүгт явуулсаар байна.

“Дээд удирдагч гэгддэг хүн хаана нуугдаж байгааг бид сайн мэдэж байна. Тэр бол хялбар бай. Гэхдээ одоохондоо бид түүнийг алахгүй” гэж Трамп өөрийн сошиал хуудсанд бичжээ.

Тэрбээр цааш нь бичихдээ “Нөгөө талаар бид энгийн иргэд, америк цэргүүд рүү пуужин харвахыг зөвшөөрөхгүй. Бидний тэвчээрт хязгаар бий. Анхаарал хандуулсанд баярлалаа!” гэсэн юм.

Үүнээс хойш хэдхэн минутын дараа Трамп “ҮГ ДУУГҮЙ БУУЖ ӨГ!” хэмээн анхааруулан бичжээ.

Трамп өнгөрсөн Даваа гарагт Канадад зохион байгуулагдаж буй Их Долоогийн бүлгийн уулзалтыг эрт орхиж явсан нь Ойрх Дорнодын асуудлаар албан тушаалтнуудтай Цагаан ордонд шуурхай хуралдах зорилготой байв.

Одоогоор тэр АНУ уг мөргөлдөөнд оролцох төлөвлөгөөгүй байгааг илэрхийлсээр байна.

Гэхдээ Трампын өчигдрийн мэдэгдэл Израиль-Ираны мөргөлдөөнд АНУ хөндлөнгөөс оролцож болзошгүй болсныг харуулсан юм.

Өчигдөр тэр бас “Бид Ираны тэнгэрийг бүрэн хяналтдаа авсан” гэж мэдэгдэхдээ Израил улсын нэрийг дурдалгүйгээр АНУ-ын зэр зэвсгийн хүчин чадлыг магтсан нь анхаарал татаж байна.

Канадаас буцах замдаа Трамп онгоцонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Би түр гал зогсоохыг биш, мөргөлдөөнийг бүрмөсөн дуусгахыг хүсэж байна. Надад ярилцаж зөвшилцөх сонирхол алга” гэж хэлсэн юм.

 

Эх сурвалж: AFP