Ж.Энхбаяр: Шаардлагатай тохиолдолд төмөр замын зорчигч тээврийг зогсоож, экспортыг дэмжинэ

Б.Бадамгарав, IKon.mn
34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх ойрын жилүүдийн төлөвлөгөөг өнөөдөр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй уялдуулан танилцууллаа.

Тэрбээр "Манай улсад таван тэрбум ам.доллароос дээш экспорт хийдэг хоёр бүтээгдэхүүн нь нүүрс, зэс. Энэ хоёр нь улсын эдийн засгийг урагшлуулж, гол орлогыг оруулж байна. 

Манай улс 2025 онд 90 сая тонн нүүрс экспортолсон. Цаашид хэмжээг нэмэгдүүлж, 2026 онд 95 сая тонн, 2027 онд 100 сая тонн, 2028 онд 105 сая тонн нүүрс экспортлох ерөнхий төсөөллийг гаргалаа. Гэхдээ гол зах зээл маань тодорхой хязгаартай. Урд хөрш маань жилд 204 сая тонн коксжих нүүрс импортолдог. Үүний 50 хувь буюу 100 сая тонныг нь Монгол Улс нийлүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд нүүрсний зах зээлд Монгол Улсын байр суурь бэхэжсэн. Нөгөө талаар энэ тоог хэт өсгөхгүйгээр аль болох нүүрсээ угааж, баяжуулж, биржээр худалдаалах бодлого барина. Мөн боомтын үйл ажиллагааг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээг тогтмол явуулна. 

Монгол Улсын зэсийн экспортыг 2026 онд 2.1 сая тоннд хүргэхээр тооцсон. Зэсийн экспортын 1/4 нь Эрдэнэт үйлдвэрээс, 3/4 нь Оюутолгойгоос гардаг. Зэсийн салбарт шинэ хөрөнгө оруулалт татах, зэсийн 21 орд газрыг ашиглалтад оруулахын тулд АМНАТ-ийн хууль, Ашигт малтмалын тухай хуулийг яаралтай өөрчлөх хэрэгтэй. 

Төмрийн экспортыг мөн нэмэгдүүлнэ. 2027 онд 9.5 сая, 2028 онд 9.6-9.8 сая тоннд хүргэхээр тооцлоо. Төмрийн экспорт сайн өсөж чадахгүй байгаа нь төмөр замын ачих тээвэрлэх чадавхтай холбоотой. Монголын төмөр зам хамгийн дээд чадавхдаа хүрсэн тул бидэнд шинэ төмөр зам, шинэ хос шугам хэрэгтэй байна.

Шаардлагатай гэвэл зорчигч тээврийг зогсоох ажлыг хийнэ. Зорчигдоо зогсоогоод оронд нь экспортыг дэмжих бодлого барина. Эдийн засгийн идэвхжил, гадаад орчны нөлөөлөл ямар байхаас шалтгаалж ийм арга хэмжээ авна. Манай төмөр зам ачих ёстой ачааныхаа 40 орчим хувийг ачдаг. Цаана нь 60 гаруй хувийн нөөц үйлдвэрлэгдэж байгаа ч эргэлтэд орж чадахгүй байна" гэлээ.