Ж.Энхбаяр: 2026 онд эдийн засаг 5.7 хувь өснө гэж төсөөлснийг 5.4 хувь болгон буурууллаа
2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өнөөдөр Эдийн Засаг, Хөгжлийн Яам(ЭЗХЯ)-наас танилцуулав.
Төсвийн хүрээний мэдэгдэлд 2027 онд эдийн засгийн өсөлт 5.8 хувь, инфляц 7 хувь, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 34 их наяд 780 тэрбум төгрөг, зарлагын дээд хэмжээг 36 их наяд 493.4 тэрбум буюу Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий 31.9 хувьтай тэнцэнэ гэж тооцжээ. Мөн тэнцвэржүүлсэн тэнцэл нь 1.7 их наяд буюу ДНБ-ий 1.5 хувьд байлгана гэж үзсэн гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдлээ.
Тэрбээр "2025 онд эдийн засаг 6.8 хувь өссөн. 2026 онд 5.7 хувиар эдийн засаг өснө гэж төсөөлснийг үүсээд буй төсөв санхүүгийн нөхцөл байдалтай холбоотойгоор 5.4 хувь болгож буурууллаа. 2027 онд эдийн засгаа 5.8 хувь, цаашид 6, 6.3 хувь өснө гэсэн төсөөлөлтэй байна.
Дунд хугацааны гол өсөлтийг уул уурхайн бус салбарт гарна гэж тооцож байгаа. Хөдөө аж ахуй, барилга угсралт, худалдаа, тээврийн салбарт нэлээд идэвхжил гарна.
Уул уурхайн салбар манай эдийн засгийн өсөлтийн гол хувь байсан. 2027-2029 онд тодорхой хэмжээнд саарахаар байгаа. Энэ салбарт нь Монгол Улсын ДНБ-ий 28 хувь буюу 22.7 их наяд төгрөгийн үйлдвэрлэл явагддаг. Дунд хугацаанд нүүрс олборлолт тогтвортой үргэлжилнэ. Оюутолгойн цэвэр зэс, мөнгөний агуулга нэмэгдэх ч алтны агууламж нь огцом багасаж байгаа.
Алтны агууламжийн уналт болон Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэлтэй шатахууны үнэ уул уурхайн салбарын ашигт ажиллагаанд бодитоор нөлөөлнө. Шатахуун нь уул уурхайн салбарын ашигт ажиллагаанд 15-20 хувиар нөлөөлж, өртгийг нэмэгдүүлэх тооцоо гарсан. Иймд энэ салбарын өсөлт саарч байгаа" гэв.
Иймд уул уурхайн салбарын өсөлтийг дэмжихийн тулд
- геологи, эрэл хайгуулын ажлыг нэмэгдүүлэх, шинэ хөрөнгө оруулалт татах
- ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж, АМНАТ-ийн шатлалыг боловсронгуй болгох
- уул уурхайн салбарын бүтээгдэхүүний төрөлжилтөд анхаарах зэрэг ажлыг төлөвлөжээ.
Сайд Ж.Энхбаяр "Өнөөдрийн байдлаар хайгуулын талбайн тоо нь ашиглалтад байгаагаасаа цөөрсөн. 70 жилийн түүхтэй геологийн салбарын олж тогтоосон нөөцийг сүүлийн 30 жил ашиглаж байна. Шинэ нөөц тогтоох геологи хайгуулын ажлаа хийж чадаагүй. Олон шалтгаан бий. Хамгийн гол хөрөнгө оруулалтыг татаж байсан энэ салбараа хууль эрх зүйн орчны хязгаарлалтыг хийсэн, иргэний нийгмийн байгууллагуудын шахалт, зохион байгуулалттай арга хэмжээнүүдтэй холбоотойгоор хөрөнгө оруулаагүй.
Геологи, уул уурхай нь Монгол Улсыг цаашид ч, ойрын үед болон дунд хугацаанд авч явах гол салбарт тул нөөцийг нэмэгдүүлэх нь чухал байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
