Орос улс нисэх онгоцны түлшний экспортын хоригоо 2027 оны гуравдугаар сарыг хүртэл сунгажээ
Оросын засгийн газар Баасан гарагт нисэх онгоцны түлшний экспортод тавьсан хоригоо 2027 оны гуравдугаар сарыг дуустал сунгаж буйг зарлажээ.
Тус улс анх зургаадугаар сард онгоцны түлшний экспортыг хориглосон бөгөөд энэ нь газрын тос боловсруулах үйлдвэрүүд Украины нисгэгчгүй онгоцны халдлагад өртөх болсонтой холбоотой байлаа.
Энэхүү хориг нь арваннэгдүгээр сарын 30-ны Даваа гарагт дуусах ёстой байв.
Тэгвэл хоригийг сунгаснаар 2027 оны гуравдугаар сарын 31-ныг дуустал үргэлжлэхээр болж байна.
Гэхдээ энэ хориг засгийн газар хоорондын хэлэлцээрүүд, Оросын цэргийн хангамж, хүмүүнлэгийн тусламжийн тээвэрлэлт, Казахстаны Байконурын сансрын буудал, Норвегийн эрэг орчмын Шпицберген арлууд дахь Оросын үйл ажиллагаанд үл хамаарах ажээ.
Ерөнхий сайд Михаил Мишустины гарын үсэг зурсан зарлигт "албан ёсны хэрэгцээнд" гэсэн хоригоос чөлөөлөгдөх гурван нэмэлт нөхцөлийг бас тусгасан байна.
Энэ долоо хоногийн эхээр шадар сайд Александр Новак хэд хэдэн томоохон газрын тос боловсруулах үйлдвэрийн засварын ажил үргэлжилж байгаатай холбогдуулан Оросын дотоодын түлшний зах зээлийн нөхцөл байдал "нэлээд хурцадмал" хэвээр байгааг хүлээн зөвшөөрсөн юм.
Лхагва гарагт Новак сэтгүүлчидтэй уулзахдаа дотоодын дутагдлыг нөхөхийн тулд гадаад орнуудаас түлш импортолж байгааг нэмж хэлсэн байна.
Одоогийн бензиний экспортын хязгаарлалтыг 2027 онд сунгах эсэхийг эрх баригчид ирэх сард шийдэх гэж байгааг тэр бас мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
