Н.Ариунболд: Шүүгчийн алх лантуу болж хувирлаа. Үндсэн хуулиа шилэн хоргоноос нь гаргаж уншицгаа

П.Сайнжаргал, IKON.MN
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2022 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, хэрэгжилт, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулав. 

Энэ үеэр “Хуульд зааснаас илүү эрх эдлэх нь эрх мэдлээ хэтрүүлэх эрх зүйн зөрчилд хамаарна” сэдэвт илтгэлийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Н.Ариунболд танилцууллаа. 


Хууль тогтоомжоор олгосон эрхээс илүү эрх эдлэхийг “эрх мэдлээ хэтрүүлэх” гэж ойлгож, эрх мэдлээ хэтрүүлсэн этгээдийг авлигын хэргээр шийтгэдэг.

Эрх мэдлээ хэтрүүлэх гурван хэлбэр бий. Үүнд:

  • Анхнаасаа олгогдоогүй эрх эдлэх
  • Олгосон эрхийн хүрээ, хязгаараас давах
  • Хүчингүй болсон эрхийг үргэлжлүүлэн эдлэх гурван хэлбэр байж болно.

Монголын хууль тогтоох дээд байгууллага УИХ, парламент чадлаараа хууль гаргах юм. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлд Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргах зохицуулалт бий. Өөрөөр хэлбэл 1.1-ээс 1.7 хүртэл долоон шийдвэрийг гаргах эрхтэй хэмээх хуулийн зохицуулалтыг бүгд мэдэж байгаа. Энэ хүрээнд шүүхийн шийдвэр гардаг.

Гэвч энэ дундаас 1.3 дугаар зүйлд байсан “… хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэдэг хуулийн зохицуулалтыг 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдөр хуулиар хүчингүй болсонд тооцсон.

зураг
 

Хэрэг битгий яриарай гэсэн учраас би хэрэг ярихгүй. Хууль хэрэглээний асуудлыг олон нийтэд танилцуулж байгаа. 

Монгол Улсын Дээд Шүүх (УДШ)-ийн тогтоолын 40.8.1.4 дүгээр заалтын доор “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заажээ. Энэ хэсэгт “буцаах” гэдэг үг байхгүй.

Хуулийн зохицуулалтыг яаж тайлбарлаж хэрэглэж байгаа нь ойлгомжгүй.

Хууль хэрэглээг тайлбарлах асуудал дээр УДШ бусадтай мэтгэлцэх бус, хуульд ингэж заасан бөгөөд энэ дотор “Буцаах” гэдэг үг өгүүлбэр байхгүй гэдгийг л бүгд харж байх ёстой.

Давж заалдах шатны магадлал гэж гарна. Шийдвэр гаргахдаа удирдлага болгоод тогтооно.

зураг
 
  • Давж заалдах шатны шүүхийн магадлалын 39.9.1.1 “гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” гэдгийг бариад байгаа юм уу?
  • эсвэл 1.2 анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн хэсгийг бариад байгаа юм уу?
  • эсвэл 1.4 хэргийн зүйлчлэл буюу ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэдгийг бариад байгаа юм уу?

Уг нь шүүхийн шийдвэр тодорхой, хуульд заасны дагуу захирагдаад явах ёстой.

Шүүх "алдаа гаргасан юм биз", "хэрэв алдаа байгаа бол алдаагаа засаад өгөөч", дээр дурдсан 1.1, 1.2, 1.4 юм уу гэдгийг харж өгөөч гэхээр "та төсөөллөөрөө хандаад байна" гэж ярьж байна.

Энэ гурван заалтын аль нэгийг төсөөллөөрөө бодож ол гэж төсөөлөх боломжийг олгоод байгаа. Ийм шүүхийн шийдвэр гардаг юм байна.

Ингээд хэргийг буцааж анхан шатны шүүхэд очлоо. Анхан шатны шүүх чинь хуульд захирагддаг, биелүүлдэг учраас процессынхоо дагуу Прокурор, УДШ-ээс ирсэн шийдвэрийн дагуу хурлыг нь зарлаад явах ёстой.

Процессын хуульд УДШ, Давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүхээс буцаагаад ирсэн хэргийг хэрхэн зарлах, хэрхэн шийдвэрлэх зохицуулалт байхгүй.

Түрүүн хэлсэнчлэн хэргийг буцаадаг хоёрхон заалт байсныг хууль тогтоогчид хүчингүй болгосон.

Тэгэхээр өнөөдрийн манай Процессын хуульд дээрээс хүрээд ирж байгаа хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг үү, гэм буруугийн хурал юм уу гэдгийг яг тодорхойлох зүйл заалт байхгүй.

Бид нар хууль дээдлэх зарчмыг бүгдээрээ ойлгодог. Гэвч дур зоргоороо засаглах гэсэн зарчим байна.

Дурын шийдвэр гаргана, тогтворгүй урьдчилан таамаглах боломжгүй байна. Өмгөөлөгчөөс “Манай хэргийг буцаах болов уу, яах бол” гэж асууна. Хууль байхгүй юм чинь яаж буцаах юм бэ?

Шүүх наана нь сайхан юм ярьж байгаа мөртлөө цаанаа юу ярьж, юу боддогийг мэдэхгүй.

Цагаатгасан шийдвэр УДШ, Хяналтын эсвэл давахын шүүхэд бараг очихоо больсон. Анхан шатны шүүх дээр хууль тогтоох эрхийг олгосон. Тиймээс шүүхийн шийдвэрийн аргачлалыг нэгтгэж, нэг болгох нь зүйтэй байх. Ингэхгүй бол дур зоргоороо яасан нь мэдэгдэхгүй "тэгсүгэй", "ингэсүгэй" гэсэн үргэлжилсэн өгүүлбэр шиг юм бичээд байна.

Шүүхийнхэн тэр аяараа Үндсэн хуулиас зугтаадаг. 

Хэрвээ хууль зөрчсөн шийдвэр байгаа бол түүний эргэж харах боломж байгаа юу, үгүй юу?

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих учиртай.

Гэтэл шүүхийнхэн тэр аяараа Үндсэн хуулиас зугтаадаг.

Үндсэн хууль бичдэг нэг ч шүүгч байдаггүй.

Үндсэн хууль төрийн ордны шилэн хоргонд л байж байдаг зүйл биш. Үндсэн хуулиар шүүгч гагцхүү хуульд захирагдана гэж заасан. Үүнээс өөр сонголтгүй.

УДШ нь өөрөө хууль биш. УДШ нь хууль болж хувирвал юу болох вэ?

Үндсэн хуульд зааснаар "УДШ-ийн шийдвэр хуульд харшилбал түүнийг өөрөө хүчингүй болгоно" гэдэг хууль нь байгаа. Гэвч манай УДШ-ийнхэн хууль байхгүй гэж буцаагаад байдаг.

УДШ Үндсэн хуульдаа хүндэтгэлгүй хандаж байгаа нь харамсалтай.

зураг
 

Хуульч, шүүгч, прокурорууд аа, Үндсэн хуулиа шилэн хоргоноос нь гаргацгаа. Өдөр тутамдаа хэрэглэцгээ, уншицгаа. Сүүлийн үед Үндсэн хууль чинь судалгааны объект болчихсон шүү дээ.

Хууль дээдлэх зарчим гэдгийг бид нэлээд ярьж байгаа.

Хэрвээ хуульд захирагдахаас татгалзвал шүүгчийн алх лантуу болж хувирна.

Бүр цаашилбал энэ алх шилэн болж хүнийг хэлмэгдүүлэх аюултай.

Өнөөдрийн үүсээд буй практикийг харахад шүүгчид хуульд захирагдахаас татгалзаж байгаа. “Бид нар энэ хуулийг хэрэглэхгүй” гэж байна.

Шүүхийн практик өөрөө хууль болж хувирсан.

Бид нар энэ удаагийн хэлэлцүүлгээр хуулийг боловсронгуй болгох тухай ярьж байгаа биш. Харин хуулийг хэрхэн биелүүлэх, хууль ямар байх, хуулийг яаж хэрэглэх агуулгыг хөндөж байгаа. 

Бид хуульд захирагдаж, хууль ёсны байх зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулахгүй бол өнөөдөр дур зоргоороо аашлах эхлэл болно шүү.

зураг
 

Өнгөрсөн зуунд хэлмэгдүүлэлт өрнөж, дараа нь бүгдийг цагаатгасан. Тухайн үед зөв гэж л шийдсэн байх. Энэ бол хуульгүй орчны гай. Тэгэхээр хуулиа биелүүлж ажиллацгаая.

Шүүгчийн тангараг: Шүүгч би… хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг маргааныг … Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэхээ ард түмэндээ батлан тангараглая.

Тэд тангаргаа мартсан уу, янз бүрийн тайлбар хэлээд өөрсдөө шинэ практик гаргаж, практикийг хууль болгож болдог юм уу гэдэг асуудлыг өмгөөлөгч Н.Ариунболд хөндөж байлаа.