Б.Биндэръяа: Монгол Улсын нэг иргэн Орос-Украины дайнд оролцох үедээ амиа алдсан, нэг иргэн олзлогдсон

Б.Бадамгарав, IKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам(ГХЯ) болон Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ) хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирлын албын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Биндэръяа "ОХУ-д цалин өндөртэй ажилд зуучилна хэмээн хууран мэхэлж, цэргийн үйл ажиллагаанд татан оруулсан, хохирогч болсон гэх найман иргэнийг Консулын газар олж илрүүлж, энэ сарын 18, 21-нд илрүүлэн нутаг буцаасан. Өнөөдрийн байдлаар нэг иргэнээ ОХУ-аас нутаг буцаах ажлыг зохион байгуулж байна. Үүнээс гадна зургаан иргэн бий гэх мэдээлэл ГХЯ-нд байгаа. 

Иргэддээ сэрэмжлүүлж хэлэхэд ар гэрийн гишүүн нь дээрх төрлийн зар мэдээлэлд итгэж, ОХУ руу хил гарсан, цаашлаад цэргийн баазад очсон гэх мэдээллийг ямар нэг шугамаар авсан бол бичиг баримтынх нь хуулбарыг авчирч өгөх, албан ёсоор бүртгүүлэх шаардлагатай байна. Ингэснээр иргэдийн тоог гаргах, иргэдийнхээ эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулалгүй нутагт нь авчрах ажлыг зохион байгуулна.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Москва дахь ЭСЯ-наас холбогдох газруудад хүсэлт тавьсан. Бидэнд байгаа иргэдийнхээ мэдээллийг айлын талд албан ёсоор тавьсны үр дүнд нь найман иргэнээ авчирлаа. Цаана нь зургаан иргэн байгаа гэж байгаа ч тоо нь нэмэгдэх магадлалтай. Иймд ар гэрийн гишүүн нь иймэрхүү байдлаар ОХУ явсан бол албан ёсоор бүртгүүлнэ үү.

Зуучилж буй хүмүүсийн мэдээлэлд итгэхгүй байх, санал болгосон баримт бичгийг сайтар нягтлах, монгол хэл дээр ямар нэг баримт бичиг үзүүлээгүй бол түүнд итгэж гарын үсэг зурахгүй байх, өөрийнхөө амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Бидэнд буй мэдээллээр ийм зар мэдээнд итгэж явсан иргэд Улаанбаатар-Алтанбулаг-Хиагт-Чит гэсэн үндсэн маршрутаар ОХУ руу явж байгаа юм байна. Ихэнх тохиолдолд Чит гэж дурдагддаг вэ гэхээр тэнд бэлтгэл цэргийн бааз байдаг юм байна. Иргэдийг эхний ээлжид тэнд бэлтгээд цааш нь явуулдаг гэсэн мэдээлэл байгаа. Чит бол манай Улаан-Үдэ дэх Ерөнхий консулын газрын тойрог. Иймд бидэнд мэдээлэл өгч байж, Консулын газраараа дамжуулан иргэдээ авах, эрүүл мэндэд нь анхаарах, амь насанд нь эрсдэл учруулахгүй арга хэмжээг авах юм.

Зарим иргэн сайн дурын үндсэн дээр яваад ОХУ-д очоод цэргийн баазад байрлахдаа буруу зүйлд очсоноо ойлгон гэрийнхэнтэйгээ холбоо барьсны үндсэн дээр бид ажиллагаа явуулж, нутаг буцаасан асуудал бий.

Нэг иргэн өөрийнхөө юунд явж байгааг ойлгосон, үүнд оролцоно гээд Украины талд олзлогдсон гэсэн мэдээлэл бий. Мөн нэг иргэн нас барсан байна. Нас барсан иргэний ар гэрийнхэнтэй уулзаж, ОХУ-ын талд нөхөн олговор олгуулах асуудал тавьснаар ар гэрт нь нөхөн олговор олгуулсан. Иргэний нууц, хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал тул тэр бүр зарлан мэдээлэхгүй. 

Нэгтгэж хэлэхэд зургаан иргэн одоогийн байдлаар ОХУ-д байгаа. Нэг иргэн нас барсан, нэг иргэн олзлогдсон, найман иргэнээ нутаг буцаасан.

Зар мэдээнд итгээд явсан, гэрээнд гарын үсэг зураад явсан өөр иргэд байхыг үгүйсгэхгүй тул ар гэрийнхэн нь бидэнд мэдээлэл өгөх хэрэгтэй байгаа. Иргэд ямар нэгэн баримт бичиг дээр, ялангуяа гадаад хэл дээр байгаа, өөрөө уншаад ойлгохгүй баримт бичиг дээр гарын үсэг зурж болохгүй" гэлээ.

Харин нас барсан иргэнийг дайнд оролцох үедээ эсвэл цэргийн баазад байхдаа амиа алдсан эсэхийг тодруулахад "Дайнд оролцож байхдаа нас барсан гэсэн мэдээлэлтэй байна" гэв.