Трамп эдийн засгийн тоо баримтыг “худал” гаргасан худалдааны яамаа шалгуулах хүсэлтэй байгааг мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн танхимын худалдааны яамыг завсрын сонгуулийн өмнө эдийн засгийн өсөлтийн тоон үзүүлэлтүүдийг санаатайгаар “худал” гаргасан гэж буруутгаад уг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Трамп өөрийгөө АНУ-ын эдийн засагт “түүхэн хэмжээний өсөлт” гаргасан гэж үздэг бөгөөд энэ шалтгаанаар албан ёсны тоон мэдээлэлд итгэх итгэлийг сулруулах оролдлогыг удаа дараа гаргасаар ирсэн юм.

Энэ хандлага нь бизнес эрхлэгчид, санхүүгийн зах зээл болон хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргахдаа ашигладаг эдийн засгийн тоон мэдээллийн найдвартай байдалд эрсдэл учруулж болзошгүй байна.

Худалдааны яам Лхагва гарагт дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) гуравдугаар улирлын өсөлтийн тооцооллыг шинэчлэн гаргасан нь Трампыг бухимдуулсан юм. Шинэчилсэн тооцооллоор жилийн өсөлтийн хэмжээ өмнө зарласан 3.4 хувиас нэмэгдэж, 4.3 хувь болсон байна.

Тус яамны харьяа эдийн засгийн шинжилгээний товчоо нь эдийн засгийн тоон мэдээллийн нарийвчлалыг сайжруулах зорилгоор тогтмол шинэчилдэг. ДНБ-ий үзүүлэлтүүд, сар тутмын ажлын байрны тайлан болон бусад мэдээллүүдэд тогтмол засвар, шинэчлэлт хийдэг бөгөөд эдгээр нь улс төрийн үйл явдлууд, сонгуулиас үл хамааран урьдчилан төлөвлөгдсөн хуваарийн дагуу явагддаг юм.

Гэвч ерөнхийлөгч сошиал хуудсаараа дамжуулан үүнийг "асар том, санаатай гаргасан алдаа" гэж мэдэгдээд арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болсон Конгрессын завсрын сонгуульд Бүгд Найрамдах Намын үзүүлсэн тааруу үр дүнтэй холбон тайлбарлажээ.

Тус сонгуулийн үр дүнд Конгрессын хоёр танхимыг хоёулыг нь Ардчилсан Нам хяналтдаа авсан билээ. Трамп мэдэгдэлдээ "Сонгуулийн өмнө нийтлэгдсэн эдийн засгийн 'БОДИТ' тоонууд нь хуурамч байсан нь саяхан илэрлээ. Эдгээр тоог гаргадаг төрийн байгууллагын хүмүүс өчигдөр залруулга гаргасан байна. Яагаад зөв тоог сонгуулийн өмнө гаргаагүй юм бэ? Би энэ нөхцөл байдлыг нэн даруй шалгахыг шаардаж байна” гэж бичсэн юм.

Худалдааны яам одоохондоо энэ талаар тайлбар өгөөгүй байна.

Энэ бол Трамп өөртөө ашиггүй гэж үзсэн эдийн засгийн тоон мэдээллийн үнэн зөв байдалд эргэлзэж байгаагаа тодорхой нотлох баримтгүйгээр илэрхийлсэн ээлжит жишээ юм.

2025 оны наймдугаар сард тэр хөдөлмөрийн статистикийн товчооны даргыг ажлаас нь халжээ. Үүнд тус товчооноос гаргасан ажлын байрны талаар тун тааруу үзүүлэлт бүхий тайлан нөлөөлсөн байна. Уг тайланд 2025 оны долдугаар сард ердөө 73,000 ажлын байр шинээр бий болсон, тав, зургаадугаар саруудад нэмэгдсэн ажлын байрны тоо өмнө нь мэдээлж байснаас 258,000-аар бага байсныг харуулжээ.

Трамп ажлын байрны энэхүү тайланг "хуурамч", "зохиомол" гэж нэрлэж байлаа.

Трамп эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлсэн гавьяатай гэж өөрийгөө магтдаг ч сонгогчид түүнтэй санал нийлэхгүй байгаа.

Завсрын сонгуулийн үеэр сонгогчдын дунд явуулсан "AP Voter Poll" судалгаанд оролцогчдын 76 хувь нь эдийн засгийн нөхцөл байдлыг "тийм ч сайн биш”, "муу" гэж тодорхойлжээ. Мөн сонгогчдын гуравны хоёр орчим нь Трампын хэрэгжүүлсэн бодлого инфляцыг өсөхөд хүргэсэн гэж үзсэн байна.

Ерөнхийлөгч өөрийн мэдэгдэлдээ нэгэн чухал баримтыг дурдаагүй орхижээ. Тодруулбал худалдааны яам Лхагва гарагт инфляцын гол хэмжүүр болох "Хувийн хэрэглээний зардлын үнийн индекс" (PCE price index) аравдугаар сард жилийн 3.8 хувийн өсөлттэй гарч, хурдассан тухай мэдээлсэн байв.

 

Эх сурвалж: Associated Press