Олимпын төрлийн ДАШТ-ээс Монголын шигшээ баг хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар 87-д жагсаж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 Олимпын төрлийн спортоор дагнаж бичдэг Totallympics цахим хуудаснаас олимпын төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс медаль авсан улсуудын жагсаалтыг гаргажээ. 

Энэ жагсаалтыг АНУ-ын баг 40 алт, 31 мөнгө, 35 хүрэл медалиар тэргүүлсэн бол БНХАУ-ын баг 38 алт, 31 мөнгө, 39 хүрэл, Австрали 19 алт, 20 мөнгө, 18 хүрлээр удаалав. Түүнчлэн Япон, Герман, Итали, Франц, Нидерланд, Их Британи, ОХУ-ын баг тамирчид эхний 10-т оржээ.

Харин манай улсын баг тамирчид хоёр хүрэл медальтайгаар Йорданы хамт 87 дугаарт жагссан юм. 

Тодруулбал жүдогийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Лхагватогоогийн Энхрийлэн, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Энх-Амарын Даваанасан нар хүрэл медаль зүүсэн билээ. 

Сонирхуулахад 2024-2028 оны олимпын циклд манай улс одоогоор нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн. Тухайлбал 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Монголын баг мөнгө, жүдогийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд П.Орхон нар тус бүр хүрэл медаль авсан юм. 

Тус цахим хуудасны гаргасан тооцооллоор 64 улс алтан медаль хүртсэн бол 95 улс ямар нэгэн медаль зүүжээ.

Байр Улс 🥇 Алт 🥈 Мөнгө 🥉 Хүрэл Нийт
1 🇺🇸 АНУ 40 31 35 106
2 🇨🇳 БНХАУ 38 31 39 108
3 🇦🇺 Австрали 19 20 18 57
4 🇯🇵 Япон 18 18 26 62
5 🇩🇪 Герман 17 15 15 47
6 🇮🇹 Итали 13 22 15 50
7 🇫🇷 Франц 12 13 16 41
8 🇳🇱 Нидерланд 12 5 8 25
9 🇬🇧 Их Британи 11 23 27 61
10 🇷🇺 ОХУ 10 11 15 36
...87 🇲🇳 Монгол 0 0 2 2