Куба улсад хүн амын дундаж наслалт 1950 оноос хойш анх удаагаа богиносжээ
Эдийн засгийн хүнд хэцүү хямралд нэрвэгдээд байгаа Куба улсад хүн амын дундаж наслалт 1950 оноос хойш анх удаагаа буурсан тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тэргүүн Мягмар гарагт мэдэгджээ.
Хавана хотод айлчилж буй ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус дундаж наслалт 2020 онд 78.8 жил байсан бол 2025 онд 74.4 жил болж буурсан нь 1950 онд бүртгэл хөтөлж эхэлснээс хойших анхны бууралт болохыг онцолсон байна.
2025 оны энэхүү үзүүлэлт нь АНУ-ын засаг захиргаа энэ оны нэгдүгээр сард коммунист дэглэмтэй тус арал улсын түлш шатахууны нийлүүлэлтийг боомилж, хориг арга хэмжээ авахаас өмнөх үеийн тоо баримт юм.
АНУ-ын жар орчим жилийн турш үргэлжилж буй худалдааны хориг дээр нэмэгдсэн энэхүү шинэ арга хэмжээ нь Куба улсыг түүхэндээ тохиолдож байгаагүй гүнзгий хямралд унагаж, төрийн үйлчилгээний салбарыг сүйрлийн ирмэгт авчраад байна.
Хэвлэлийн хурлын үеэр Тедрос тус улсын эрүүл мэндийн тогтолцоо "нэн хүнд" буюу "ноцтой" байдалд байгааг дүрслэн ярьжээ.
Тухайлбал нярайн эндэгдлийн түвшин 2020 онд 1,000 амьд төрөлт тутамд ойролцоогоор 4 байсан бол 2025 онд 9.9 болж, хоёр дахин нэмэгдсэн байна.
Мөн эхийн эндэгдэл 2019 онд 1,000 амьд төрөлт тутамд 37.4 байсан бол өнгөрсөн жил 44.1 болон өсжээ. Үүний зэрэгцээ хорт хавдар туссан хүүхдүүдийн амьд үлдэх магадлал 85 хувиас 65 хувь болж буурсан байна.
Тедрос энэ үеэр хүүхдийн вакцинжуулалтын хөтөлбөрүүд болон нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж ДЭМБ-аас $2 саяын тусламж үзүүлэхээ мэдэгджээ.
Тэрбээр Кубын эрүүл мэндийн нөхцөл байдлыг "хориг арга хэмжээ"-тэй холбон тайлбарлахын зэрэгцээ "дотоод асуудлууд" байгааг дурдаж, тус улсын эрх баригчид эдгээр асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг "эерэг" алхам хэмээн сайшаасан байна.
Сайшаасан алхам нь зах зээлийн эдийн засагт шилжих өргөн хүрээтэй шинэчлэлийн нэг хэсэг юм байна.
Тедрос "Засгийн газраас санаачилсан шинэчлэл нь эдийн засаг, зах зээл, эрүүл мэнд гээд бараг бүх салбарыг хамарч байна. Бид үүнийг дэмжиж ажиллах болно” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
