Орон сууцны захиалга өгч хохирохоос урьдчилан сэргийлэх системийг хөгжүүлж байна

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Нээлттэй яам" үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнөөдөр зохион байгуулав. 

Энэ үеэр E-burtgel.gov.mn болон Urban.gov.mn сайтыг хөгжүүлж байгаа талаарх мэдээллийг өглөө. 

"Баталгаат байр эсэхийг нь хянах зорилгоор эрх зүйн орчин нь бүрдээгүй ч эрсдэлээс хамгаалахын тулд төр өөрт байгаа мэдээллийн хүрээнд барьж дуусаагүй барилгуудын мэдээллийг ил тод болгож эхэлсэн" гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн хэлсэн юм. 



Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням "Өнгөрсөн аравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар 406 дугаар тогтоолыг баталсан.

Тодруулбал захиалгын гэрээгээрээ орон сууцаа өмчилж чадахгүй байгаа иргэдийн асуудлыг дахин давтахгүй, орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтэд нээлттэй мэдээлэх тогтоолыг баталсан байдаг. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах, систем хөгжүүлэлт, программ хангамжийн ажлыг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасан.

Бид бэлэн байдлыг хангаж, төсөв санхүүг зохицуулах ажлын Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж, шийдвэрлэсэн юм аа. Улсын бүртгэлийн веб сайт буюу E-burtgel.gov.mn сайтыг хөгжүүлж байна" гэдгийг хэллээ. 

Үргэлжлүүлэн "Барилга баригдаж эхлэх үйл явц нь 10 үе шатыг дамждаг. Үүнд:

  1. Газар эзэмших эрхийн зөвшөөрлөө авна.
  2. Архитектур төлөвлөлтийн даалгавар
  3. Барилгын зураг батлуулах
  4. Техникийн нөхцөл авах
  5. Ажлын зураг хийлгэх
  6. Магадлалын дүгнэлт гаргуулах
  7. Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах
  8. Байр зүйн гүйцэтгэлийн зураг бүртгүүлэх
  9. Улсын комисст хүлээлгэн өгөх
  10. Барилгад хаяг, дугаар авч мэдээллийн санд бүртгүүлэх гэснийг Улсын бүртгэлийн байгууллага бүртгэж баталгаажуулснаар тухайн иргэний болон хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд барилга шилждэг.
Дээрх тогтоол нь зөвхөн нийтийн зориулалттай орон сууцны барилгын захиалгын гэрээг бүртгэж, тэмдэглэх, шүүлт хийх боломжоор хангах систем хөгжүүлэлт юм. Үүнийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэл, технологийн албан хаагчид болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нар хамтран бэлэн болгосон.

E-burtgel.gov.mn сайтын opendata хэсэгт нээлттэй дуусаагүй барилгын бүртгэл гэж дөрөв дэх цонхыг нээсэн. Эдгээр цонхоор иргэд зургаан өгөгдлөөр захиалгын гэрээний хайлт, давхардаж байгаа эсэхийг харах боломжтой. 

  1. Хаягийн байршлаар буюу аймаг, нийслэл, сум, дүүрэг
  2. Баг, хороо
  3. Бүх төрлийн талбай буюу нэгж талбарын дугаар
  4. Барилгын нэр
  5. Төсөл хөтөлбөрийн нэр
  6. ААН-ийн нэрээр хайх боломжийг хангасан.

Өнөөдрийн байдлаар мэдээлэл нь бүрэн орсон 10 байрлалын 246 орон сууцны захиалгын гэрээ мэдээллийн санд байна" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн "Газар зүйн байршлаар нь тухайн барилгыг шүүх боломжтой. Газрын зураг дээр байгаа барилгын байршил болон бусад мэдээлэл нь гарч ирж байгаа. Үүний дараа тухайн барилгын блок давхарт нь олон улсын стандартын дагуу тухайн давхрын орц гарцыг зүүн гар талаас нь эхлээд дугаарлаж байна.

  • Улаанаар тэмдэглэсэн нь захиалгын гэрээтэй буюу улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийсэн орон сууц мөн үү, биш үү гэдэг мэдээллийг өгч байгаа.
  • Ногоон нь энэ орон сууцанд захиалга хийх боломжтой гэдэг мэдээллийг өгнө.

Дэлгэцийн зүүн гар талд харагдах QR код нь дахин давтагдахгүй. Энэ кодыг уншуулахад хаяг болон бусад холбогдох мэдээлэл нь дэлгэрэнгүй харагдахаар системийг хөгжүүлж байна. 

Орон сууцны авто зогсоолын асуудал бий. Орон сууцны зоорийн давхарт байрлах зогсоолд захиалга хийсэн эсэх мэдээллийг орон сууцны шүүлтийн горимд зарчмын дагуу оруулсан.

Засгийн газрын тогтоолын зорилгын дагуу иргэд дахин хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор тэмдэглэл хийх систем хөгжүүлэлт юм.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэн баталсан тохиолдолд Улсын бүртгэлийн байгууллага захиалгын гэрээг тэмдэглэх эрх зүйн орчин бүрдэнэ" хэмээн нэмж мэдээлэв. 

Түүнчлэн urban.gov.mn сайтын хөгжүүлэлтийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням дараах мэдээллийг танилцуулсан юм. 

Энэ талаар "Өнөөдрийн байдлаар urban.gov.mn сайтын хөгжүүлэлт хараахан дуусаагүй байна.

Орон сууцны залиланд өртсөн, дахин төлөвлөлтөд орсон зэрэг санхүүгийн хямралаас үүдэн захиалсан орон сууцандаа орж чадахгүй байгаа иргэд урьдчилсан тэмдэглэгээг хийлгэе гэж Улсын бүртгэлийн байгууллагад хандаж байгаа.

Гэхдээ бидэнд зөвшөөрөлгүй барилгад захиалгын гэрээ өгсөн орон сууцны хохирогчдын асуудлыг урьдчилан тэмдэглэх, давхардуулан хийх эрх зүйн зохицуулалт байхгүй учраас энэ асуудлыг тодорхой шийдвэр гартал бүртгэх боломжгүй.

Зохих ёсны зөвшөөрлөөр барилгын компанитайгаа хууль ёсны дагуу захиалгын гэрээ хийж, захиалгын гэрээгээ Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлье гэж байгаа иргэдийн мэдээллийг л тэмдэглэл үйлдэн бүртгэх боломжтой.

Гэхдээ түрүүн дурдсанчлан хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, иргэний эрх зүйн ойлголтоор ирээдүйд өмчлөл шаардах эрхийн бүртгэл гэдэг энэ төрөл эрх зүйн хүрээнд хүчин төгөлдөр болсноор урьдчилсан тэмдэглэлийг хийх боломжтой" гэдгийг хэллээ.