Оросын нисэх онгоцнууд Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрсний улмаас түгшүүр зарлажээ
Мягмар гарагийн өглөө эрт Оросын хэд хэдэн байлдааны нисэх онгоц Зүүн тэнгис дэх Өмнөд Солонгосын агаарын хамгаалалтын бүсэд хэсэгхэн хугацаанд нэвтрээд буцаж гарсан байна. Үүний улмаас Зүүн тэнгисийн нэг арал дээр түгшүүр зарлаж, хариу арга хэмжээ болгон сөнөөгч онгоцнуудаа хөөргөснийг тус улсын зэвсэгт хүчин мэдээлжээ.
Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлснээр Оросын онгоцнууд Өмнөд Солонгосын агаарын орон зайг зөрчөөгүй гэнэ. Өмнө нь дотоод хэргийн яамнаас гар утсанд илгээсэн яаралтай сэрэмжлүүлэгт агаарын орон зайг зөрчсөн мэтээр мэдээлсэн байжээ. Мөн орон нутгийн захиргаанаас Оросын онгоцнуудыг Умард Солонгосын онгоц байж болзошгүй гэж мэдээлснийг залруулсан байна.
Оросын байлдааны онгоцнууд өглөө эрт агаарын хамгаалалтын бүсэд (KADIZ-Korea Air Defence Identification Zone) нэвтэрч, Уллынь арал руу дөхсөнийхөө дараа тус бүсээс гарсныг жанжин штаб мэдээлжээ.
KADIZ бол Өмнөд Солонгосын агаарын орон зай биш, харин түүн рүү чиглэсэн гадаадын нисэх онгоцнуудыг урьдчилан илрүүлэх зориулалттай хамгаалалтын бүс юм.
"Бид Оросын онгоцнуудыг KADIZ-д нэвтрэхээс нь өмнө хөдөлгөөнийг нь илрүүлж, болзошгүй нөхцөл байдалд бэлэн байх үүднээс тактикийн маневр хийлгэхээр сөнөөгч онгоцнуудаа илгээсэн юм" гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Чун Бинна хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ тус яамнаас өнөөдөртөө багтаан Сөүл дэх ОХУ-ын элчин сайдын яамны дипломат ажилтныг дуудаж, албан ёсны эсэргүүцэл илэрхийлэхээр төлөвлөж байгааг мэдэгджээ.
Оросын онгоцнууд Өмнөд Солонгосын агаарын орон зайд маш ойрхон ирсэн боловч хараахан нэвтрээгүй бөгөөд зэвсэгт хүчнийхэн хариу арга хэмжээ авсны дараа буцаж гарсан талаар жанжин штабын албаны хүн сэтгүүлчдэд тайлбарласан байна.
Эхлээд дотоод хэргийн яам Оросын онгоцнуудыг Өмнөд Солонгосын агаарын орон зайд нэвтэрсэн гэж үзээд иргэдийг газар доорх хоргодох байранд нүүлгэн шилжүүлэхийг уриалсан "агаарын довтолгооны түгшүүр" зарласнаас болж арлын оршин суугчдын дунд төөрөгдөл үүссэн байна.
Онгоцнууд тухайн бүсээс гарсны дараа албаныхан түгшүүрийг цуцалжээ.
Уллынь арал харьяалагддаг Умард Кёнсан мужийн захиргаанаас түгшүүр цуцлагдсан тухай мэдээллийг иргэдэд илгээхдээ Оросын онгоцнуудыг Умард Солонгосын онгоц байж болзошгүй гэж андуурч бичсэн байв.
Умард Кёнсан мужийн албаныхан үүнийг 40 орчим минутын дараа залруулсан байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
