Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас ₮153.2, торгуулиас ₮188 тэрбумын орлого төвлөрүүлнэ
2027 оны нийслэлийн төсвийн төслийг НИТХ-д өргөн бариад буй. Арванхоёрдугаар сарын 5-ны дотор төслийг батлах хуулийн хугацаатай. Энэ өдрүүдэд төслийг НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байна.
Ирэх оны нийслэлийн төсвийн орлогыг ₮4.6 их наяд, зарлагыг ₮4.8 их наяд байхаар тооцоолжээ.
Төсвийн нийт орлого 2 их наяд бөгөөд татвар, торгуулиас дараах байдлаар төвлөрүүлэхээр тусгасан байна.
- ААН-ийн орлогын албан татвар ₮1.4 их наяд
- Авто тээврийн хэрэгслийн албан татвар ₮153.2 тэрбум
- Хотын албан татвар ₮38.6 тэрбум
- Авто зам ашигласны төлбөр ₮110 тэрбум
- Хүүгийн орлого ₮121.3 тэрбум
- Торгуулийн орлого ₮188 тэрбум нийслэлийн төсвийн орлого болно.
Нийслэлийн Засаг дарга ирэх онд ₮4.8 их наядыг захиран зарцуулах эрхтэй бөгөөд урсгал зардлын дээд хэмжээ ₮1.8 их наяд.
Тухайлбал ирэх онд:
- Нөөцийн махны хүүгийн хөнгөлөлтөд ₮30.5 тэрбум
- Хот нийтийн тохижилт үйлчилгээнд ₮83 тэрбум
- Шахмал түлш худалдан борлуулах үйл ажиллагаанд ₮76.8 тэрбум
- Өвөлжилтийн бэлтгэлийг хангахад ₮400 тэрбум
- Нийтийн тээврийн машин цагийн зөрүүд ₮414.3 тэрбум
- Авто замын цэвэрлэгээ, арчлалтад ₮12 тэрбум
- Газар чөлөөлсний нөхөн төлбөрт ₮200 тэрбумыг төсөвлөжээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад ₮10 тэрбум, Адууны өдөрт ₮4.5 тэрбумыг зарцуулах юм байна. 2026 оны наадамд зарцуулах төсөв ₮5 тэрбум байсан юм.
2027 онд нийт 292 төсөл арга хэмжээнд ₮1.5 их наядын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс авто зам, нийтийн тээвэр, инженерийн шугам сүлжээ, гэр хорооллын дахин төлөвлөлтөд дийлэнхийг хуваарилжээ. Боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэ барилгын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг нэмсэн болохыг төсвийн төсөлд тэмдэглэсэн байна.
Түүнчлэн НИТХ-ын дарга ₮82.3 тэрбумыг захиран зарцуулах бөгөөд урсгал зардлын хэмжээ ₮14.3 тэрбум бол Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх салбар зөвлөлд ₮68 тэрбумыг хуваарилжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
