ИРГЭН: Ирэх онд нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлыг нэгдүгээрт тавиарай
“Нийслэлийн төсөв-2027” иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны Хангарди цогцолборт зохион байгууллаа. Төсвийн хөрөнгө нь иргэдийн татвараас бүрддэг. Иймээс иргэдийн санал, бодлыг сонсож төсөвт тусгахаар хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг хотын дарга Б.Пүрэвдагва хэлэв.
Иргэд тулгамдаж буй асуудлууд болох авто замын түгжрэлийг бууруулах, зогсоол барих, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт, ногоон байгууламж, орон сууцны фасад шинэчлэлтэй холбоотой саналуудаа илэрхийллээ. Тухайлбал:
Иргэн: Автобусны буудал дээр камертай мөртлөө ажилладаггүй. Камерын тоог нэмэх хэрэгтэй байна.
Иргэн: Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлыг нэгдүгээрт тавиарай. Харьяа сургуульдаа хүүхдээ сургахгүй мөртлөө хүүхдийн сургууль амрахаар түгжрэл багасаж байна гэдэг. Ногоон байгууламж байгуулах, орон сууцны дулаалга, фасадыг хурдан шуурхай хийх хэрэгтэй.
Иргэн: Баянгол дүүргийн Богд Ар хорооллын 1,000 орчим өрхийн олон хүүхэд өөр хороодын цэцэрлэгт явдаг. Энэ асуудлыг шийдэж өгвөл сайн байна.
2027 оны нийслэлийн төсвийн дийлэнх хувийг авто замын түгжрэлийг бууруулахад зарцуулахаар төлөвлөж, авто зам барих, нийтийн тээвэр, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, унадаг дугуй унах нөхцөлийг бүрдүүлэх, их багтаамжийн тээврийг нэвтрүүлнэ. Торлог замууд буюу зөвхөн төв замаараа явахгүй, хороолол дундах орц гарцтай замуудыг барина.
Архивын ерөнхий газраас Тэмээтэй хөшөө хүртэл ART буюу орчин үеийн трамвайг явуулна. Нэг явахдаа 310 хүн суулгах боломжтой. BYD компанитай гэрээ байгуулж, “Sky shuttle” их багтаамжийн тээврийн хэрэгслийг гүүрэн замаар Зунжингаас 7 буудал, 32-ын тойрог хүртэл барихаар төлөвлөснийг танилцуулав.
2027 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын саналыг нийслэлийн харьяа 45 байгууллагаас ирүүлж, 661 төсөл, арга хэмжээний санал өгчээ. Үүнээс хоёр шатлалаар эрэмбэлж, 132 төсөл, арга хэмжээ шалгарчээ. Салбараар нь авч үзвэл хот байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэр, авто зам, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, хот, нийтийн аж ахуй, төрийн үйлчилгээ, байгаль, агаар орчин, нийгмийн үйлчилгээ зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийх юм байна.
Харин нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2027 оны хөрөнгө оруулалтын төсөлд цахим санал асуулга явуулахад нийгмийн салбарт 32,627 иргэн, хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр 46,094 иргэн, хот тохижилт, байгаль орчны асуудалд 96,155 иргэн саналаа ирүүлжээ. Нийт 174,876 иргэнээс нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2027 оны хөрөнгө оруулалтад санал авсан байна.
Улаанбаатар хотын оршин суугчдаас нийгмийн тандалтын судалгааг 2026 оны долоодугаар сард авахад замын түгжрэл, агаарын бохирдол, шударга ёс буюу авлига, хээл хахуулиас ангид байх, инфляцын өсөлтийг хамгийн тулгамдаж буй асуудал гэж нэрлэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
