Юнител групп Tech Journo хөтөлбөрөөр технологийн талаарх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна
Медиа салбарын төлөөлөл, сэтгүүлчид, контент бүтээгчдийг нэгтгэсэн The Media Show арга хэмжээ болж, энэ үеэр Юнител групп болон Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төвийн хамтран хэрэгжүүлж буй Tech Journo хөтөлбөрийг танилцууллаа.
Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй Tech Journo хөтөлбөр нь сэтгүүлчдэд технологийн салбарыг илүү ойроос танин мэдэх, бодит төсөл, шинэ шийдлүүдтэй танилцах, технологийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх боломж олгодог.
Хөтөлбөрийн талаар “Сэтгүүлзүйн Инноваци Хөгжлийн Үүр Төв”-ийн хөтөлбөр хариуцсан захирал Л.Анударь танилцуулахдаа технологийн сэтгүүл зүй нь технологийг сэтгүүл зүйн ажилдаа ашиглах тухай бус, харин технологийн салбарыг төрөлжүүлэн сурвалжилж, түүний нийгэм, эдийн засаг, хүний амьдралд үзүүлж буй нөлөөг олон нийтэд хүргэх чиглэл болохыг онцоллоо. Тэрээр технологийн мэдлэг өнөөдөр бичиг үсгийн боловсролтой адил хүн бүрд хэрэгтэй болж, технологийг ойлгож, ашиглаж чаддаг хүн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн хувьд илүү олон боломжийг хүртэж байгааг дурдсан юм.
Иймээс технологийн хөгжил, түүний боломж, эрсдэлийн талаар олон нийтэд чанартай, үнэн бодит мэдээлэл хүргэх хэрэгцээ улам нэмэгдэж байна.
Дэлхий дахинд технологийн сэтгүүл зүй бие даасан чиглэл болон хөгжиж буй бөгөөд Rest of World, The Markup зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд технологийн шинэчлэлээс гадна түүний нийгэмд үзүүлж буй нөлөө, хэрэглэгчдэд тулгарч буй асуудал, эрсдэлийг дагнан сурвалжилдаг. Энэ нь технологийн талаарх мэдээллийг зөвхөн мэргэжлийн хүрээнд бус, олон нийтэд ойлгомжтой хүргэхийн ач холбогдлыг харуулж байна.
Tech Journo хөтөлбөр 2025 онд анхны элсэлтээ авч, нийт 20 сэтгүүлчийг төгсгөсөн. Мөн редакцуудын сурвалжлах сэдэв, агуулга төрөлжих, сэтгүүлчид мэргэжлийн шинэ чиглэлээр ажиллах боломж нэмэгдсэн байна.
Энэ жилийн хөтөлбөрийг өмнөх жилийн үр дүнд тулгуурлан өргөжүүлж, сургалтаас гадна гурван хүртэлх оролцогчийг шалгаруулан технологийн чиглэлээр нийтлэл, сурвалжилга бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэх редакцийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Юнител группийн хувьд харилцаа холбооноос эхлээд медиа, энтертайнмент, финтек, байгууллагын технологийн шийдэл хүртэл олон чиглэлийг холбосон дижитал экосистемийг хөгжүүлж байна. Энэхүү экосистемийн хөгжилд технологи бүтээгчид, бизнес, боловсрол, хэвлэл мэдээлэл болон олон нийтийн оролцоо чухал. Тиймээс технологийн салбарын талаарх бодит мэдээлэл, мэдлэг, туршлагыг хуваалцаж, олон нийтэд хүргэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Tech Journo хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
