Украины тал Трампын уриалгыг хэрэгсэлгүй довтолж байгааг шүүмжилсэн Путин хариу арга хэмжээ авахаа амлав
Украин улс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг чиглэсэн халдлагаа үргэлжлүүлсээр байгаа билээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг зогсоохыг уриалсан ч Украин ийнхүү халдсаар байгааг ОХУ-ын удирдагч Владимир Путин шүүмжлээд үүний эсрэг хариу арга хэмжээ авахаа амласан байна.
Украины эрх баригчид үүнийгээ зөвхөн Оросын тал тус улсын эрчим хүчний байгууламжуудад довтлохоо больсон цагт зогсоохоо мэдэгдэж байгаа. Дональд Трамп аравдугаар сарын дундуур эрчим хүчний салбарт "гал зогсоох" тухай санаачилга гаргасны дараа Украины тал цохилтоо түр завсарласан ч сарын сүүлчээс эхлэн дахин эрчимжүүлсэн юм.
Мягмар гарагт Кремльд засгийн газрын албан тушаалтнууд болон газрын тосны салбарын удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр Путин "АНУ-ын ерөнхийлөгчийн шууд уриалга, хүсэлтийг үл харгалзан Киевийн дэглэм манай газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд халдсаар байна. Тэд энэхүү зөвлөгөөг үл тоомсорлож байна. Тиймээс үүний эсрэг бид хариу арга хэмжээ авах нь гарцаагүй юм” гэж хэлжээ.
Мөн тэрбээр уг уулзалтын үеэр эрчим хүчний байгууламжуудын аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон байна.
Салбарын хоёр эх сурвалжийн тооцоолсноор аравдугаар сарын сүүлчээс хойш Украины дроны халдлагуудын улмаас Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн түүхий газрын тос боловсруулах нийт хүчин чадал 45 хувиар буурчээ.
Үүний улмаас Оросын хэд хэдэн бүс нутагт бензин, дизель түлшний жижиглэнгийн худалдаанд хязгаарлалт тогтоосон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Путин өчигдөр хэлэхдээ дотоодын түлшний зах зээлийн нөхцөл байдал хүнд хэвээр байгаа хэдий ч аравдугаар сард оргил цэгтээ хүрсэн бензиний үнэ одоо тогтворжсоныг дуулгажээ.
Трамптай тохиролцсон АНУ-ын зах зээлд дизель түлш нийлүүлэх Путиний төлөвлөгөө бүтээгүй.
Тэгвэл Европын Холбоо нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Оросоос далайгаар тээвэрлэгдэн ирдэг шингэрүүлсэн байгалийн хийг (LNG) худалдан авахаа бүрмөсөн зогсоохоор шийджээ. Өнгөрсөн онд Оросоос Европын зах зээлд нийлүүлсэн LNG-ийн хэмжээ 13.7 сая тонн орчимд хүрч байв.
Тэгвэл өчигдөр Путин эсрэгээрээ Оросын эрчим хүчний экспортыг хязгаарлах Европчуудын оролдлого бүтэлгүйтэж, Орос улс зах зээлээ улам тэлж, Умард туйлын эргээр дамждаг далайн замыг түлхүү ашиглах болсныг мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
