Ромын пап агсан хувийн тэмдэглэлдээ гурван удаа чөтгөртэй таарснаа бичиж байжээ
Ромын пап Франциск агсан амьдралынхаа туршид гурван удаа чөтгөртэй тааралдсанаа, мөн "тамын үүд"-ийг үзсэн тухайгаа хувийн өдрийн тэмдэглэлдээ бичиж байжээ.
Мягмар гарагт хэвлэгдсэн "Ромын пап Францискийн хувийн өдрийн тэмдэглэл" (The Private Diary of Pope Francis) номын 2021 оны бичвэрт түүний чөтгөрийг харсан гурван тохиолдлыг дурдсан байна.
Үүнд нэг удаа машинаас, нэг удаа мөргөлийн үеэр сүмийн найрал дуучдын тавцан дээрээс, харин гурав дахь удаагаа Ватиканы албаны хүмүүстэй уулзаж байх үедээ харсан гэжээ.
"Түүний хоолойн хүчтэй, сөөнгө өнгийг би мартаж чадахгүй нь" хэмээн Франциск тэдгээр үзэгдлүүдийн нэгийг дурсаж бичсэн байна.
1992-2024 оны хооронд бичигдсэн уг өдрийн тэмдэглэлдээ тэрбээр 2018 онд Чили улсад хийсэн айлчлалынхаа талаар харамсан бичжээ. Тухайн үед Франциск санваартнуудын үйлдсэн бэлгийн хүчирхийллийн хэргийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдсан нэгэн хамбыг өмөөрснийхөө төлөө шүүмжлэлд өртөж байсан юм.
2025 онд таалал төгстлөө 12 жилийн турш Католик сүм хийдийг тэргүүлсэн Франциск хожим уучлалт гуйж, тус улсын хамба нарыг Ромд дуудсан бөгөөд тэд бүгд албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргаж байв.
"Чилид үүссэн нөхцөл байдлаас болж сэтгэл маш их хямарсан. Чилид юу болсныг хүлээн зөвшөөрөхөд надад хэцүү байсан. Би үүнийг тийм ноцтой асуудал гэж бодоогүй байлаа” гэж Франциск 2021 оны тэмдэглэлдээ бичжээ.
Чөтгөртэй тааралдсан гэж тайлбарласан тохиолдлуудынхаа талаар бичихдээ тэр чөтгөрийн "аймшиг төрүүлэм" харцыг мартаж чадахгүй байгаагаа илэрхийлсэн байв.
"Тэр над руу гал дүрэлзсэн нүдээр харсан... өмнөхөөсөө ч илүү ширүүн харцтай байв. Яг л галын дөл цоргих мэт байсан" хэмээн тэрбээр Буэнос-Айресын хамба лам байхдаа Кармелит сүмд тохиолдсон хоёр дахь үзэгдлийнхээ талаар бичсэн байна.
"Би түүнийг харж, бүхнийг ялагчийнх мэт дуу хоолойг нь сонссон. Эзэн надад эдгээр учралуудаас өөрийгөө чөлөөлөх боломжийг олгосон юм" гэж Франциск бичжээ.
Ромын пап агсан мөн 2018 оны зургаадугаар сард унтахаар бэлдэж байхдаа "тамын үүдийг харсан" тухайгаа бичсэн байна.
"Би хэсэг ажигласныхаа дараа айдаст автсан. Тэгээд эрхээ зэвсэг болгон гартаа авсан. Тамын үүдэнд ойртох аюултай, учир нь тэндээс цацрах дөлөнд түлэгдэж болзошгүй" хэмээн тэр бичиж байжээ.
Ватиканы итгэл үнэмшлийн сургаалын газрын тэргүүн, пап Францискийн найз асан кардинал Виктор Фернандес уг өдрийн тэмдэглэлийг эмхэтгэн хэвлүүлжээ.
Энэ нь 1960-аад оноос хойш олон нийтэд ил болж буй, Ромын папын бичсэн анхны өдрийн тэмдэглэл болж байгаа юм байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
