Б.Пүрэвдагва: Анх удаа байр авч байгаа иргэд татвар төлөхгүй байх зохицуулалттай болсон
2027 оны нийслэлийн төсвийн онцлогийн талаар сэтгүүлчид өнөөдөр Хотын дарга Б.Пүрэвдагваас тодрууллаа.
Тэрбээр "Хүн амын орлогын албан татвар өөрчлөгдсөнөөр 700 орчим мянган иргэний халаасанд 792 мянган төгрөг нь үлдэх боломжтой. Ингэснээр нийслэлийн төсвөөс 400 орчим тэрбум төгрөг хасагдана гэсэн үг. Мөн хотын албан татварыг 50 хувь бууруулсан. Анх удаа байр авч байгаа иргэд татвар төлөхгүй байх хуулийн зохицуулалтууд хийгдсэн.
2027 оны төсвийг сахилга баттай, олон улсын жишигт нийцүүлэх алхмыг хийлээ. Жишээлбэл өмнө нь зураг төсөлгүй, бэлэн болоогүй ажлуудыг жагсаалтад оруулдаг байсан. Зураг төсөлгүй учраас буцаан татагддаг, сахилга батгүй байлаа. Энэ удаад сахилга батыг нэгдүгээрт, хоёрдугаарт үр ашиг, гуравдугаарт гол гол асуудлуудыг шийдэхэд чиглүүлэх зарчим барьсан" гэв.
Харин шаардлагагүйгээр явган замыг хуулж шинэчлэх, замын хашлага сольдог асуудалд "Ийм зүйл давтагдахгүй. Захиалагчийн хяналт болон төлөвлөлтөөр шийднэ. Хэрэглэж болох явган зам хуулахгүй. Энэ жилээс шинэ стандарт мөрдүүлж эхэлсэн. Явган хүний зам, дугуйн зам мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөч замыг асфальтаар хийж байна. Өвөл халтиргаа бага, засвар арчилгааны өртөг бага. Гаднаас үнэтэй хавтан импортоор оруулж ирэхгүй. Бага зардлаар илүү аюулгүй, урт удаан хэрэглээтэй зам барина" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
