“УБТЗ” ХНН: Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг өнөөдрөөс аялж эхэллээ

ikon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Тэмүүлэн

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг  энэ сарын 25-нд аялж эхлэхээр болсон. Тус галт тэрэг нь ковид цар тахлаас  хойш зогсоод байсан Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэрэг юм. Ингэхдээ маршрутыг Бээжин-Улаанбаатар-Эрхүүгийн хооронд  аялж байхаар төлөвлөжээ.

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 3/4-р галт тэрэг 2026 оны 11 дүгээр сарын 25-нд Бээжин хотоос хөдөлж 11 дүгээр сарын 26-ны 14:35 цагт Улаанбаатарт ирж, 15:22 цагт Эрхүү хот руу хөдлөх юм.  

Ташрамд дурдахад, энэ оны есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Зорчигч тээврийн комиссын II хэсгийн төмөр замуудын 2026-2027 онд олон улсын харилцааны суудлын галт тэрэгний хуваарь, бүрэлдэхүүний талаар хэлэлцэх зөвлөгөөн болсон. Энэ зөвлөгөөнөөр тус галт тэргийг Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлд аялуулахаар тохиролцсон нь ийнхүү ажил хэрэг болж байна.

Тус галт тэргийг 1960 оны 5 дугаар сараас “Хятадын төмөр замууд” корпораци хариуцан аялуулж ирсэн түүхтэй. Энэхүү галт тэрэг нь БНХАУ, Монгол, ОХУ-ын нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг тул гурван улсын найрамдал, хамтын ажиллагааны гүүр, бэлгэ тэмдэг болдог юм.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.