АНУ-ын эрх баригчид SpaceX компанид сансарт дата төв байгуулах зорилгоор нэг сая хиймэл дагуул хөөргөхийг зөвшөөрлөө
АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Комисс (FCC) хиймэл оюуны хөгжилд нэн чухал болоод буй дата төвүүдийг сансарт байгуулах зорилгоор нэг сая хиймэл дагуул хөөргөх зөвшөөрлийг Илон Маскийн SpaceX компанид олгожээ.
Хиймэл оюун ухаан нь SpaceX компанийн өсөлтийн зорилтуудын гол цөм боловч тус компани зургаадугаар сард хувьцаагаа анхдагч зах зээлд гаргахаас (IPO) өмнө зохицуулах байгууллагад гаргасан баримт бичигт сансарт дата төв байрлуулахыг "туршигдаагүй" технологи тул "бизнесийн хувьд ашиггүй байж болзошгүй" хэмээн анхааруулсан байдаг.
Тэгвэл Лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ FCC дэлхийн тойрог замд SpaceX компанийн байгуулах нэг сая тооцоолох модулиас бүрдсэн Starmind сүлжээ нь хиймэл оюун ухааны тооцооллын хүчин чадлын "хурдацтай өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг" хангахад тусална гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Эдгээр хиймэл дагуулууд нь "дэлхий дээр ашиглагдах асар их хэмжээний өгөгдлийг боловсруулах" үүрэгтэй болохыг тус агентлаг нэмж тайлбарласан байна.
FCC-ийн тэргүүн Брендан Карр "Энэхүү алхам нь Америкийн манлайлал болон өсөлтийг дэмжихэд шаардлагатай тооцооллын дэд бүтцийн хувьд цоо шинэ, зоригтой боломжийг нээж өгч байна" гэж мэдэгджээ.
Хиймэл оюун ухааны дата төвүүд нь асар их хэмжээний эрчим хүч шаарддаг тул Маск тэдгээрийг тойрог замд нарны эрчим хүч ашигладаг байдлаар байгуулах санааг дэмжсээр ирсэн юм.
SpaceX компани энэ оны эхээр FCC-д хандан хиймэл дагуул хөөргөх зөвшөөрөл хүсэх үедээ "Үйл ажиллагааны болон засвар үйлчилгээний зардал багатай, нарны эрчим хүчийг тасралтгүй ашиглах боломжтой эдгээр хиймэл дагуулууд нь эрчим хүчний үр ашгийг эрс сайжруулахын зэрэгцээ дэлхий дээрх өгөгдлийн төвүүдээс үүсэх байгаль орчны сөрөг нөлөөллийг мэдэгдэхүйц бууруулах болно" гэж мэдэгдэж байв.
Маск өчигдөр FCC-ийн шийдвэрийг талархан хүлээж авсан бөгөөд өөрийн эзэмшлийн X (хуучнаар Twitter) сошиал платформд "Энэ нь Америк болон дэлхий нийтийн хувьд асар том хөрөнгө оруулалт, боломж байх болно" хэмээн бичжээ.
Гэсэн хэдий ч энэхүү санаачилга нь шинжлэх ухааны салбарынхны зүгээс шүүмжлэлтэй тулгарч байна. Тэдний үзэж байгаагаар энэ нь шөнийн тэнгэрийн харагдах байдлыг өөрчилж, тойрог замын хог хаягдал, бохирдлыг нэмэгдүүлэх гэнэ.
Лхагва гарагт Америкийн Одон Орон Судлалын Нийгэмлэг гаргасан мэдэгдэлдээ FCC-ийн шийдвэрт "сэтгэл дундуур" байгаагаа илэрхийлжээ.
Хиймэл дагуулууд "шөнийн тэнгэрт урт удаан хугацаанд маш тод биет" мэт харагдах бөгөөд "радио цацраг" болон "хаягдал дулаан" үүсгэснээр энэ нь "одон орон судлалын тогтмол судалгаанд ашиглагддаг мэдрэмтгий багаж хэрэгсэлд аюул учруулах" болзошгүйг тэд анхааруулсан байна. Мөн олон тооны хиймэл дагуул хөөргөхтэй холбоотой "агаар мандлын бохирдол"-ын талаар анхааруулжээ.
Тусгай зөвшөөрлийн дагуу SpaceX компани нь 2033 оны арваннэгдүгээр сар гэхэд дор хаяж нэг сансрын станц байрлуулж, 2035 оны арваннэгдүгээр сар гэхэд нийт сансрын станцын 10 хувийг буюу 100,000 ширхгийг, 2038 оны арваннэгдүгээр сар гэхэд 50 хувийг байршуулах ёстой болж байна.
Одоогоор сансарт 16,700 орчим хиймэл дагуул идэвхтэй ажилладаг гэсэн тоо байдаг.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

