Сербийн парламентад олонх болсон оюутны хөдөлгөөн их сургуулийн профессорыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэв

Т.Давааням, ikon.mn
51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Удаан үргэлжилсэн авлигын эсрэг жагсаал тэмцлийн эцэст аравдугаар сард болсон Сербийн парламентын сонгуульд оюутнуудын тэргүүлсэн улс төрийн хөдөлгөөн ялалт байгуулсан билээ.

Тэгвэл тэд ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуульд их сургуулийн профессор Радомир Сайчичийн нэрийг дэвшүүлж байгаагаа өчигдөр зарлажээ.

Белградын Их сургуульд химийн хичээл заадаг Сайчич нь 250 суудалтай парламентын 140 суудлыг авсан “Оюутны жагсаалт” улс төрийн хүчнээс шинээр сонгогдсон парламентын гишүүн юм.

Ерөнхийлөгч нь бэлгэдлийн шинжтэй албан тушаал боловч ерөнхий сайдыг томилж, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг.

Арванхоёрдугаар сарын 27-ны ерөнхийлөгчийн сонгууль нь Сербийн улс төрд 14 жил ноёрхож байсан Александр Вучич ерөнхий сайдад нэр дэвшихийн тулд ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эрт дуусгасан боловч парламентын сонгуульд оюутнуудын удирдсан хөдөлгөөнд ялагдсаны дараа болж байна.

Баасан гарагт Белград хотод болсон хэвлэлийн хурлын үеэр Сайчич тус хөдөлгөөн одоо хуулийн засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэхэд тэргүүлэх ач холбогдол өгөх ёстойг онцлон хэлжээ.

"Одоо бид тэмцлийн дүнд олж авсан эрх чөлөөгөө урт хугацааны шинэчлэлт болгон хувиргах боломжтой боллоо. Парламент, засгийн газар, шүүх засаглал ард түмний итгэлийг дахин нэг удаа олж авах ёстой. Энэ нь ерөнхийлөгчийн институцэд ч мөн адил хамаатай” гэж тэр хэлсэн байна.

65 настай Сайчич нь мөн Сербийн Шинжлэх Ухааны Академийн гишүүн бөгөөд 2024 онд эхэлсэн оюутнуудын эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн их сургуулийн анхны профессоруудын нэг юм.

Тэрбээр оюутнууд өөрт нь итгэж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэнд баяртай байгаагаа мэдэгдээд "сүүлийн арван жил Сербид хуулийн засаглал нуран унаж, авлига, хууль бус явдал хөгжин цэцэглэж байсан”-ыг нэмж хэлжээ.

"Өмнөх дэглэм манай улсыг хувааж, талцуулахыг оролдсоор байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид институцүүдийг сэргээх хэрэгтэй” гэж Сайчич хэлсэн байна.

Одоо сөрөг хүчний парламентын гишүүн болоод буй Вучич өөрийнх нь Сербийн Дэвшилтэт Нам ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй байж магадгүйг удаа дараа мэдэгдэж байсан ч эцсийн шийдвэр арванхоёрдугаар сарын дундуур гарах төлөвтэй болжээ.

Үндсэн хуулиар нэг хүний ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг хоёроор хязгаарласан байдаг тул Вучич өөрөө дахин өрсөлдөх эрхгүй болоод байгаа.

Өнгөрсөн сарын парламентын сонгууль нь 2024 онд Нови Сад хотын төмөр замын буудлын дээвэр нурж, 16 хүний ​​аминд хүрсний улмаас бараг хоёр жил үргэлжилсэн тэмцлийн дараа болсон юм.

Засварт ороод удаагүй байсан буудлын энэ осол нь Сербид авлига ямар түвшинд хүрснийг харуулсан явдал байлаа.

Энэ осол 2000 онд Слободан Милошевичийг унагаснаас хойших Сербийн хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөнийг өдөөсөн юм.

Хөдөлгөөнийг удирдсан оюутнууд ослын мөрөөр нээлттэй шалгалт явуулахыг анх шаардаж байсан нь эцэстээ парламентын ээлжит бус сонгууль явуулах уриалга болж хувирснаар Вучичийн 14 жил үргэлжилсэн засаглал нуран унаж байлаа.

 

Эх сурвалж: Reuters