Оросын дроныг анх удаагаа лазерын зэвсгээр устгаснаа Украины тал мэдээллээ
Украин улс анх удаагаа Оросын тийрэлтэт хөдөлгүүртэй дроныг лазерын зэвсэг ашиглан устгасныг тус улсын батлан хамгаалах салбарын Brave1 компани Баасан гарагт мэдэгджээ.
Энэ долоо хоногийн эхээр ерөнхийлөгч Володимир Зеленскийн зөвлөх Сергей Бескрестнов агаарт шатаж буй дроныг харуулсан дүрс бичлэг нийтэлж, Оросын тийрэлтэт хөдөлгүүртэй Геран дроныг "анх удаа" лазерын системээр буудсан тухай мэдээлж байв.
"Саяхан онлайн орчинд Украины лазерын системийг дайсны тийрэлтэт хөдөлгүүртэй дроны эсрэг ашиглаж байгааг харуулсан дүрс бичлэг нийтлэгдсэн" гэж Brave1 мэдэгдэлдээ дурдаад энэ зэвсгийг Brave1-ийн санхүүжүүлсэн төслийн хүрээнд гэрээт үйлдвэрлэгч зохион бүтээж, агаарын довтолгооноос хамгаалах хувийн баг ажиллуулж байгааг нэмж мэдээлжээ.
Гэхдээ тус компани "анхны амжилттай ажиллагаа нь уг технологи олноор үйлдвэрлэхэд бэлэн болсон гэсэн үг биш" болохыг анхааруулсан байна.
"Лазерын агаарын довтолгооноос хамгаалах систем нь туршилтын технологи хэвээр байгаа" гэж тэд мэдэгдээд Украинд одоогоор лазерын зэвсэг бүтээх төсөл дээр ажиллаж байгаа долоон баг байгааг хэлжээ.
Зеленскийн зөвлөх Бескрестнов нийтэлсэн дүрс бичлэгтээ уг систем нь Carmine Sky компанийн боловсруулсан Blysk нэртэй зэвсэг болохыг мэдээлсэн юм.
Украин улс дайны туршид Оросын нисгэгчгүй онгоц, пуужингийн цохилтод бараг өдөр бүр өртөж байгаа.
Сүүлийн саруудад Оросын зэвсэгт хүчин өмнөх загваруудаас илүү хурдан бөгөөд унагаахад хэцүү тийрэлтэт хөдөлгүүртэй нисгэгчгүй онгоцнуудыг түлхүү ашиглах болсон.
Brave1-ийн мэдээлснээр лазерын зэвсгийг 1970-аад оноос хойш хөгжүүлж байгаа боловч дэлхийн цөөн хэдэн оронд л ахиц дэвшил гарч, энэхүү технологийг ашиглан агаарын байг амжилттай устгасан тохиолдол ховор хэвээр байгаа гэнэ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
