ФОТО: Шинэ өртөө-Толгойт чиглэлийн өргөн царигтай, 17.4 км төмөр зам ашиглалтад оров
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын үргэлжлэл болох Шинэ өртөө-Толгойт чиглэлийн 17.4 км төмөр зам өчигдөр /2026.11.28/ ашиглалтад орлоо.
Багануур, Шивээ-Овоогоос нийслэлд ирж буй жилийн хэрэглээний таван сая тонн түүхий нүүрсийг энэ шинэ төмөр замаар тээвэрлэх юм байна.
Шинэ өртөө-Толгойт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 2026 оны наймдугаар сард эхэлж, гурван сарын хугацаанд ашиглалтад оров. Бүтээн байгуулалтад үндэсний 13 аж ахуйн нэгж, 400 гаруй инженер, техникийн болон бусад ажилтан оролцож, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хуучин төмөр замын доод болон дээд бүтцийг буулган, батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн барьжээ.
Тус төмөр зам нь III зэрэглэлийн, 1520 мм царигтай, 25 тоннын голын даацтай бөгөөд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай аж. Бүтээн байгуулалтын хүрээнд 1.07 сая метр куб газар шорооны ажил гүйцэтгэж, 179.2 урт метр гүүрэн байгууламж, ус өнгөрүүлэх таван хоолой барьж байгуулжээ.
Нийслэлийн төвөөр 2024 онд 34 нэр төрлийн 2.48 сая орчим тонн аюултай ачаа тээвэрлэж байсан байна. Үүний тал орчим хувийг дизель түлш, гуравны нэгээс илүүг бензин эзэлдэг. Мөн сар бүр Улаанбаатар, Толгойт өртөөнд 400-500 вагон 5-10 хоногоор зогсдог.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын дундуурх төмөр замаар жилд 6.3 сая тонн түүхий нүүрс тээвэрлэгддэг. Үүнээс ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станц, Налайхын ДЦС нийт 41 зууханд жилд 5.8 сая гаруй тонн нүүрсний хэрэглээтэй байна.
Шинэ төмөр зам нь Улаанбаатар хот дундуур төмөр замаар тээвэрлэдэг аюултай, тэсэрч дэлбэрэх ачаа, нүүрс тээврийн хөдөлгөөнийг зогсоож, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй.
"Нийт 143 км төмөр замыг ТЭЗҮ-ийн тооцоогоор 555 сая ам.доллароор барьж байгуулсан"
Ерөнхий сайд Н.Учрал өчигдрийн нээлтийн үеэр "Манай Засгийн газар Багахангай–Хөшигийн хөндий гэсэн мухар төмөр зам байж болохгүй гэж үзээд Эмээлт зөрлөгтэй холбох ажлыг шийдэж, гол төмөр замтай холбосон. Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон.
Аюултай ачааг хотын төвөөр тээвэрлэдэг асуудлыг зогсоох ёстой. Эмээлтээс Толгойт хүртэл 17.4 км зам нь нүүрсний зам юм. Хотын төвөөр дахиж цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэхгүй байх боломж бүрдэж байна. Нийт 143 км төмөр замыг ТЭЗҮ-ийн тооцоогоор 555 сая ам.доллароор барьж байгуулсан нь олон улсын байгууллагуудын ижил төстэй төслүүдэд тооцсон өртгөөс бага юм.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн өөрийн төсөв, бонд гаргах, Хөгжлийн банк болон арилжааны банкны зээлийн эх үүсвэрийг үе шаттайгаар ашигласан" хэмээн онцлон ярьжээ.
Ашиглалтын эхний жилд 20 сая тонн, цаашид жилд 25 сая тонн хүртэл ачаа тээвэрлэнэ. Хоногт 1,800 хүртэлх том оврын ачааны автомашин нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцохгүй, 34 нэр төрлийн 2.5 сая орчим тонн аюултай ачаа нийслэлийн төвөөр нэвтрэхгүй болж байна.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
