АНУ-ын элчин сайдыг хөөх олон нийтийн өргөдөл Канадын парламентад хүрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
58 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
АНУ, Канадын удирдагчид олон улсын арга хэмжээнний үеэр

Канад дахь АНУ-ын элчин сайдын албан тушаалаас Пит Хоекстраг огцруулахыг уриалсан өргөдөлд 290,000 орчим канад хүн гарын үсэг зурсан тул уг өргөдлийг Пүрэв гарагт тус улсын парламентад өргөн барьжээ.

Энэ нь хөрш хоёр орны харилцааны хурцадмал байдлыг харуулж байна.

Канадын Ногоон намын гишүүн Элизабет Мэй анх 2026 оны долдугаар сард Калгари хотын оршин суугч эмэгтэйн үүсгэсэн  өргөдөлд гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлсэн юм.

Уг өргөдөлд Канадын дотоод хэрэгт хэт оролцдог гэсэн үндэслэлээр АНУ-ын элчин сайдад "персона нон грата" статус олгохыг хүссэн байна.

"Тэрбээр Канадын иргэдийг удаа дараа доромжилсон" гэж Мэй өргөдлийг парламентад өргөн барих үеэрээ хэлжээ.

Мэй бас Дональд Трампын элчийг Канад улсад өмнө нь харж байсан “хамгийн дипломат бус дипломатч” гэж нэрлэсэн байна.

Өргөдөлд Хоекстраг тус улсын дотоод улс төрийн асуудлаар "дипломат протоколтой нийцэхгүй" мэдэгдлүүд хийж, Канад-АНУ-ын дипломат харилцааг "сулруулсан" гэж буруутгажээ.

зураг
 
Канад дахь АНУ-ын элчин сайд Пит Хоекстра

АНУ-ын төрийн департамент уг өргөдлийн талаар мэдэж байгаагаа мэдэгдсэн байна.

Хоекстра бол Канадад маш их туйлширсан үзлээр ханддаг хүн бөгөөд ялангуяа Трампын тус улсыг нэгтгэж, АНУ-ын 51 дэх муж болгох санааг удаа дараа давтан илэрхийлж байсан юм.

Өнгөрсөн онд Мичиганы радио станцад ярихдаа тэр ерөнхийлөгчийнхөө санааг "хайрын илрэл" хэмээн тодорхойлж, түүний "өгөөмөр санал”-д канадчууд гомдсонд гайхаж байгаагаа илэрхийлж байжээ.

Хоекстра өмнө нь бас Канадын 2025 оны холбооны сонгуулийг "Америкийн эсрэг" ажиллагаа гэж тодорхойлсон юм.

Тэр бас энэ сарын эхээр болсон Конгрессын завсрын сонгуульд Бүгд Найрамдахчууд ялагдвал Канадыг буруутгах ёстой гэж мэдэгдэж байв.

Ардчилсан Намынхан арваннэгдүгээр сарын сонгуульд ялалт байгуулсан бөгөөд тэд хоёр улсын хоорондын худалдааны дайнд оршин суугчид нь хамгийн их хэлмэгдсэн Мичиган, Мэйн зэрэг хил орчмын мужуудад ялалт байгуулсан юм.

Өнгөрсөн сард Канадын ерөнхий сайд Марк Карни худалдааны дайны улмаас АНУ руу автомашин экспортлох явдал 10 хувиар, Канадад экспортлох нь 20 гаруй хувиар буурсныг мэдээлж байлаа.

"АНУ-ын өндөр тариф хэдэн арван жилийн турш оршин тогтнож байсан худалдааны хэлэлцээрийг гажуудуулсан. Энэ нь Америкийн айл өрхүүдийн зардлыг нэмэгдүүлж, Онтарио мужийн ажилчид болон бизнесүүдийг хүнд байдалд оруулсан” гэж тэр хэлжээ.

Гэхдээ Канадын засгийн газар олон нийтийн санаачилсан өргөдлийг заавал биелүүлэх албагүй юм байна.

“Засгийн газар 'Үгүй ээ, бид Пит Хоекстраг персона нон грата статустай болгож, түүний дипломат итгэмжлэлийг хураахад бэлэн биш байна' гэж хэлэх магадлалтай гэж би бодож байна" гэж Мэй CTV телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Гэсэн хэдий ч энэ өргөдөл нь Канадын засгийн газар сонгогчдынхоо дэмжлэгийг авч байгааг Трампад харуулах нөлөөтэй гэж үзэж байгаагаа тэр илэрхийлсэн байна.

Мөн Трампын бүрэн эрхийн хоёрдугаар хагаст Конгрессын хоёр танхимд олонх болсон Ардчилсан Нам үүнийг хөшүүрэг болгон ашиглаж чадна гэдэгт найдаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian