“Допингтой мах экспортолдог” гэсэн Францын ерөнхийлөгч Макроны үгийг Бразил улс няцаав
Бразил улс Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсын экспортолдог махыг "допингтой" гэж хэлсэнд "харамсаж" байгаагаа илэрхийлжээ.
Францын удирдагч Лхагва гарагт фермерийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ ингэж хэлсэн бөгөөд энэ үеэр тэр есдүгээр сард хэрэгжиж эхэлсэн Бразилын мах, шувууны махны импортод тавьсан Европын Холбооны хязгаарлалтыг сайшаасан байна.
Бразилын засгийн газар Макроны мэдэгдлийг "худал мэдээлэл тарааж, манай мах үйлдвэрлэлийн талаарх техникийн болон шинжлэх ухааны нотолгоог үгүйсгэж байна" гэж мэдэгджээ.
Макроны хэлсэн үг нь Европын Холбоо болон Өмнөд Америкийн орнуудын худалдааны бүлэг болох Меркосурын хооронд үүссэн худалдааны маргаан зөрчлийг харуулж байна.
Европын Холбоо хөдөө аж ахуйн салбартаа нянгийн эсрэг химийн бодис хэрэглэдэг гэсэн үндэслэлээр Бразилийн мах, шувууны мах болон бусад амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хориглосон юм.
Бразил улс хариуд нь өөрийгөө өмгөөлөхдөө Европын Холбоонд хэдэн арван жилийн турш амьтны гаралтай бүтээгдэхүүн нийлүүлж, дэлхийн нийт 177 улсын зах зээлд мах экспортлохдоо аудитаар батлагдсан ариун цэврийн хяналтын стандартыг дагаж мөрддөгөө мэдэгдэж байлаа.
Елисейн ордонд хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтыг нээхдээ Макрон "Меркосурын орнууд, ялангуяа Бразилаас манай боомтуудад орж ирсэн ‘допингтой мах’ буюу манай стандартыг дагаж мөрдөөгүй зах зээлд орж ирсэн махыг эцэст нь хориглолоо" гэж хэлжээ.
Бразил улс нь мах, махан бүтээгдэхүүн, ялангуяа үхрийн махны томоохон экспортлогч бөгөөд 2025 онд зөвхөн Европын Холбооны зах зээлд $1.84 тэрбумын дүнтэй бүтээгдэхүүн экспортолсон байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
