Э.Санчир: “May Seven" зочид буудал гурван жилийн ойдоо зориулж 57 хувийн урамшуулал зарлалаа
Монголын зочлох үйлчилгээний салбар шинэ өнгө төрх нэмж буй “May Seven" зочид буудал өнөөдөр гурван нас хүрч байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын төвд, тохилог, ая тухтай орчныг бүрдүүлж чадсан “May Seven" зочид буудлын захирал Э.Санчиртай ярилцлаа.
- “May Seven” зочид буудал богино хугацаанд олны танил, өөрийн өнгө төрхтэй брэнд болж чадсан. Энэхүү зочид буудлыг үүсгэн байгуулсан түүх болон нэрийнх нь утгын талаар та бидэнтэй хуваалцахгүй юу?
- “May Seven" зочид буудлыг 3 жилийн өмнө Гавьяат барилгачин Ц.Даваасүрэн үүсгэн байгуулсан. “May Seven" нь 5 дугаар сарын 7-н гэсэн утгатай бөгөөд энэхүү нэрийг компанийнхаа ажилчдын дунд нэрийн уралдаан зохиож хамгийн олон хүнд таалагдсаныг нь сонгож байсан түүхтэй.
- Өнөөдөр зочид буудлын салбарт хэрэглэгчид зөвхөн үйлчилгээ бус, тав тухтай мэдрэмжийг илүү чухалчилдаг болсон. Энэ дундаас “May Seven” зочид буудлыг бусдаас ялгаруулдаг гол онцлог юу вэ?
- Бидний хамгийн их анхаардаг зүйл бол зочдоо буудалд биш, яг л гэртээ ирсэн мэт мэдрэмж авах орчныг бүрдүүлэх юм. Зочин өрөөндөө ороод тав тух, дулаан уур амьсгалыг мэдэрч чадвал тэр бол хамгийн сайн үйлчилгээ гэж бид үздэг.
Манайд стандарт өрөөнүүдээс гадна зочны өрөө болон бүрэн тохижилттой гал тогоо бүхий Junior Suite, Family Suite, Superior Suite төрлийн өрөөнүүд байдаг. Энэ нь ялангуяа гэр бүлээрээ амарч байгаа болон удаан хугацаагаар байрлах зочдод илүү тухтай, чөлөөтэй орчныг бүрдүүлдэг.
Тиймээс манайх зөвхөн гадаадын жуулчдын төдийгүй Монголдоо гэр бүлээрээ тав тухтай амрахыг хүсдэг хүмүүсийн хамгийн их сонгодог газруудын нэг болж чадсан гэж боддог.
- Танай буудлаар олон улсын зочид, бизнесийн төлөөллүүд тогтмол үйлчлүүлдэг гэж сонссон. Гадаадын жуулчид танай үйлчилгээний ямар талыг хамгийн их үнэлдэг вэ?
- Зочлох үйлчилгээний салбар бол тухайн улс орны хөгжил, соёл, хандлагыг илэрхийлдэг маш чухал салбар гэж бид хардаг. Манай буудлын нийт үйлчлүүлэгчдийн 60–70 орчим хувь нь гадаадын аялагчид, бизнес эрхлэгчид болон олон улсын хөрөнгө оруулалттай байгууллагын экспертүүд байдаг.
Тиймээс бид зөвхөн буудлын үйлчилгээ үзүүлж байна гэж бус, Монгол Улсаа төлөөлж зочдоо хүлээн авч байна гэж ойлгодог. Гадаадын зочдын хамгийн их үнэлдэг зүйл нь Монгол хүний найрсаг харилцаа, зочломтгой соёл, мөн цэвэр цэмцгэр, тав тухтай орчин байдаг.
Бид зочдоо гэртээ байгаа мэт тайван, дулаан мэдрэмжтэй буцаахыг хамгийн том үнэ цэн гэж үздэг. Үйлчилгээ гэдэг эцэстээ хүний сэтгэлд үлдэх мэдрэмж байдаг шүү дээ.
- “May Seven” зочид буудал үүсгэн байгуулагдсаны 3 жилийн ой тохиож байна. Энэ онцгой өдрөөр үйлчлүүлэгчид болон хамт олондоо зориулж ямар бэлэг, урамшуулал бэлдсэн бэ?
- Бидний хувьд 3 жилийн ой бол зөвхөн байгууллагын баяр биш, энэ хугацаанд биднийг үргэлж дэмжиж ирсэн үйлчлүүлэгчид, хамтрагчдадаа талархах онцгой өдөр юм. Тиймээс 5 дугаар сарын 7-ны өдөрт зориулан дараах урамшууллуудыг зарлаж байна.
- Зочид буудлын бүх төрлийн өрөөндөө 57%-ийн хямдрал зарлаж байна.
- Фитнесийн үйлчилгээнд бүртгүүлж буй бүх хэрэглэгчдэдээ мөн 3 сарын үйлчилгээний эрх 57%-ийн хөнгөлөлт үзүүлж байна.
- “May Seven”-д оффис түрээсэлдэг байгууллага, түрээслэгч нартаа төрсөн өдрийн бялуу бэлэглэж, талархлаа илэрхийлнэ.
- Энэ өдөр манай зочид буудлын бүх ажилчид бэлгэдлийн утгаар 5 цаг 7 минут ажиллаж, хамт олноороо “May Seven” зочид буудлынхаа 3 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх болно.
Бидний хувьд энэ ой бол өнгөрсөн хугацааны амжилтаа дүгнэхээс илүүтэй, цаашид илүү чанартай үйлчилгээ, илүү үнэ цэн бүтээх шинэ эхлэл гэж харж байна.
Яармагийн Нүхтийн аманд байрлах “May Seven” зочид буудлын хоёр дахь салбарын төлөвлөгөөт ажлуудаа эхлүүлээд байна.
- “May Seven” зочид буудал богино хугацаанд өөрийн өнгө төрх, хэрэглэгчдийн итгэлийг бий болгож чадлаа. Цаашдын 3–5 жилийн хөгжлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
- Манай байгууллага анх оффисын түрээс, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Харин сүүлийн жилүүдэд бид үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт илүү төвлөрөн ажиллаж байна.
Бид зочид буудлын салбарт харьцангуй хожуу орж ирсэн ч хэрэглэгчдийн хэрэгцээ, аялал жуулчлалын чиг хандлагыг зөв харж, урт хугацааны тогтвортой хөгжлийг зорьж байгаа. Үүний хүрээнд Яармагийн Нүхтийн аманд байрлах “May Seven” зочид буудлын хоёр дахь салбарын төлөвлөгөөт ажлуудаа эхлүүлээд байна.
Өнөөдөр жуулчид болон бизнесийн зочдын хувьд хотын түгжрэлээс ангид, илүү тайван, байгальд ойр орчинд байрлах хэрэгцээ нэмэгдэж байгаа. Манай шинэ салбарын байршлын давуу тал нь Чингис хаан олон улсын нисэх буудлаас хотын төвийн түгжрэл рүү орохгүйгээр шууд хүрэх боломжтойд оршиж байгаа.
- Танай буудал үйлчилгээний ажилтнуудаа гадаадаас авч ажиллуулж байгаа нь анхаарал татаж байна. Энэ шийдвэрийг ямар шаардлага, хэрэгцээнд үндэслэн гаргасан бэ?
- Зочлох үйлчилгээний салбарын хамгийн чухал үнэт зүйл бол тогтвортой, стандарттай үйлчилгээ байдаг. Сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбарт хүний нөөцийн бодит дутагдал үүсэж байгаа учраас бид энэ асуудлыг зөвхөн дотоод нөөцөөр бус, олон улсын түвшний туршлагатай ажиллах хүчээр шийдэх бодлого барьж байна.
Манай багт нэгдэж буй гадаад ажилтнууд англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, зочлох үйлчилгээний салбарт 4–5 жилийн ажлын туршлагатай хүмүүс. Өөрөөр хэлбэл бид зөвхөн ажиллах хүч авчирч байгаа биш, олон улсын үйлчилгээний соёл, хандлага, стандартыг хамт нутагшуулж байна гэж хардаг.
Мэдээж үүний зэрэгцээ Монгол ажилтнуудаа сургах, хөгжүүлэх бодлогоо мөн тууштай хэрэгжүүлж байгаа. Манай зорилго бол гаднын болон дотоодын туршлагыг зөв хослуулж, зочдодоо илүү мэргэжлийн, тогтвортой үйлчилгээ үзүүлэх юм.
- Тогтвортой, чанартай үйлчилгээний ард чадварлаг баг байдаг. Танай байгууллага ажилтнуудынхаа хөгжил, карьерын өсөлтөд хэрхэн анхаарч ажилладаг вэ?
- Бидний хувьд байгууллагын хамгийн үнэт хөрөнгө бол хүмүүс. Тиймээс ажилтнуудынхаа зөвхөн ажлын ур чадвар төдийгүй хувь хүний хөгжил, карьерын өсөлтөд тогтмол анхаарч ажилладаг.
Манай байгууллага дотоод сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулж, ажилтнуудаа шат дараатайгаар өсөж хөгжих боломжийг бүрдүүлэхийг зорьдог. Ажилтан өөрөө хөгжиж байж үйлчилгээний чанар өсдөг, үйлчилгээний чанар өсөхөөр байгууллагын үнэ цэн бий болдог гэж бид хардаг.
Тиймээс бид хүний нөөцийг зөвхөн ажиллах хүч гэж бус, урт хугацаанд хамтдаа өсөх түнш гэж үздэг.
- May Seven зочид буудлын ресторануудыг сүүлийн үед хүмүүс их онцолж, сошиал орчинд ч нэлээд яригдах болсон. Танай ресторануудын ялгарах онцлог юу вэ?
- Сүүлийн үед Улаанбаатар хотын ресторан, зоогийн газрын салбарт тренд болж буй Европ-Монгол хоолны FABS болон Хятад хоолны CHINA TEMPLE ресторанууд манай зочид буудалд үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээр ресторануудын хувьд зөвхөн хоолны амт чанар бус, интерьер шийдэл, тав тухтай орчин, үйлчилгээний соёлоороо зочдын сэтгэлд хүрч чаддаг. Бид зочид буудлын үйлчилгээ болон рестораны туршлагыг нэг цогц мэдрэмж болгохыг зорьдог учраас хүн бүр тухтай орчинд, чанартай үйлчилгээ авч, дахин ирэх хүсэлтэй үлдэх нь бидний хамгийн чухал үнэлэмж байдаг.
Өнөөдөр хүмүүс зөвхөн хоол идэхээс илүүтэй тухайн газрын уур амьсгал, үйлчилгээ, мэдрэмжийг сонгодог болсон. Энэ хэрэгцээнд нийцсэн орчин, стандартыг бид бүрдүүлж ажиллаж байна.
- Ярилцсанд баярлалаа
7200-8787
MaySeven Hotel – Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Баянмонгол хорооллын чанх урд байрлаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
