С.Баярцогт: АН 36 жилийн дараа хоёр дахь сэргэн мандалтаа эхлүүлж чадлаа

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намын шинээр сонгогдсон ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нар мэдээлэл хийлээ.

Тус намын Үндэсний бодлогын хороо өчигдөр /2026.05.06/ хуралдаж, дээрх сонгуульт албан тушаалтнуудыг сонгож, батламжилсан юм. Мөн 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн тодруулах журмаа тогтож, 2028 онд болох УИХ-ын сонгуульд намын гишүүдээ хэрхэн нэр дэвшүүлэхийг тодорхойлсон баримт бичгүүдээ гаргасан байна.

Тус намын дүрэмд “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг орон нутаг дахь намын хороодын саналыг харгалзан ҮБХ-гоор хэлэлцэн тодруулна” гэдэг ганц өгүүлбэр байсныг журам болгон өөрчилжээ. "Намын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийг ямар хүн байгаасай гэж хүсэж байна тэр хүрээнд зарчмын хязгаар тогтооно. Үүний дараа тухайн зарчмын хүрээнд нийцэж байгаа гэж үзсэн хүнээ намын гишүүд дотроосоо тодруулна" гэдгийг АН-ын дарга О.Цогтгэрэл онцолсон. 

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт “Ардчилсан нам бол ард түмнээсээ эхлэлтэй, зохион байгуулалтаа доороосоо эхэлж чаддаг гэдгийг харуулж чадлаа. 4-5 сарын турш үргэлжилсэн шинэчилсэн бүртгэл, Их хурлын зохион байгуулалт, намын байгууллагуудаа сонгох ажлууд үе шаттай хийгдсээр өчигдрийн хурлаар зохион байгуулалтын ажлаа хийж дуусгалаа. Бид цэгцтэй нам болж чадаж байгаа. АН 36 жилийн дараа хоёр дахь сэргэн мандалтаа эхлүүлж чадлаа.

Манай таван дэд дарга олон салбарыг төлөөлж, хариуцсан чиглэлээрээ ажиллана. Дэд дарга нар маань манай намд байдаг таван фракцыг төлөөлж байгаа. Энэ нь бид үзэл санааныхаа төлөө нэгдэж чаддагийг харуулсан явдал гэж би харж байна” гэсэн юм.

ФОТО